Грек дэх ОХУ-ын Элчин сайдын яамны Консулын газрын дарга Андрей Маланин Афин хот дахь гэртээ нас баржээ. Цагдаагийн ажилтнууд түүнийг гадны нөлөөгүй нас барсан гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн боловч хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа тухай мэдээлсэн байна.
Маланин Даваа гаригт ажилдаа ирээгүй бөгөөд утасны дуудлагад хариу өгөхгүй байсан талаар Грекийн хэвлэлд мэдээлжээ. Тэр нэгдсэн харуул хамгаалалт бүхий гудамжинд, гэртээ ганцаараа амьдардаг байсан аж. Цагдаа нар Маланины гэрийг шалгахаар очиход ямар нэг сэжигтэй зүйл байхгүй, гэр нь дотроосоо цоожтой байсан гэнэ. Харин Маланин унтлагын өрөөний шалан дээр унасан байсан бөгөөд ил харагдах шарх сорви, гэмтлийн ул мөр байгаагүй гэж Грекийн цагдаагийн байгууллага мэдээлжээ.