Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг эсэргүүцэж МАХН-аас МЭДЭГДЭЛ гаргалаа

0

Монгол Ардын Хувьсгалт Намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монгол Ардын Хувьсгалт Намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулын тухай хууль хэлэлцэж байгаатай холбогдуулан эсэргүүцэж, мэдэгдэл гаргажээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хуулийн төслийг өргөн барьсныхаа дараагаар дэндүү шуурхайлан, нэг намын хэт давамгайлсан байдлаар түрэмгийлж байна гэдэг асуудал яримагц УИХ-ын даргын нэр дээрх захирамж гаргаж, ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсэг хоёр удаа хурал зарлаж, энэ хурлаар ажлын хэсэгт саналаа танилцуулалгүйгээр шууд Байнгын Хорооны хурлаар 70 гаруй саналыг хураасан байгаа. Үүгээр өөрсдийнхөө давуу эрхийг баталгаажуулж авсан гэж бид үзэж байна.

Ажлын хэсгийн гишүүдийн санал биш УИХ-ын гишүүний саналаар санал хураалаа гэсэн ойлголт явж байгаа. Тэгэхээр энэ нь УИХ-ын даргын захирамжийг зөрчиж байна.

Энэ хуулиар зөвхөн Монгол Ардын Нам л сонгуульд хүн нэр дэвшүүлэх боломжтой болж байгаа юм. Бусад намууд суудал бүхий намуудтай хамтарч хүн нэр дэвшүүлж, өрсөлдөх боломжгүй болгож байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд ердөө ганц өгүүлбэр буюу “Монгол Ардын Намын нэр дэвшигчийг дэмжицгээе” гэдэг өгүүлбэр дутуу байна.

Төрийн тэргүүнийг сонгох үйл ажиллагааг улс төржүүлсэн, хэтэрхий нэг талыг баримталсан, намжуулсан байгааг бид хариуцлагатайгаар эсэргүүцэж байна. Түрэмгийлэл үргэлжилсэн тохиолдолд бид Үндсэн Хуулийн Цэцэд хандана.

Төрийн байгууллагуудыг МАН гартаа авсан энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч албан ёсоор шудрага талд нь зогсож, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд хориг тавих байх гэж найдаж байна.

Үүнээс гадна Үндсэн Хуулийн дагуу ерөнхийлөгчид гурван хүн нэр дэвших ёстой. Бид гурван нэр дэвшигчийг тэгш гараанаас явуулах ёстой гэж үзэж байна. Тэгш гараанаас явуулахын тулд төрөөс сурталчилгааны зардлыг даах хэрэгтэй. Хандив авах, эдийн засгийн хувьд хараат байхыг нь болиулах хэрэгтэй” гэв.

Мөн МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн “Өнөөдөр төрийн эрхийг барьж байгаа МАН 2016 оны согуулийн мөрийн хөтөлбөр дэх заалтуудаа хэрэгжүүлж ажиллахын оронд бүх эрх мэдлийг өөрсдийн гарт төвлөрүүлэхийн төлөө ард түмнээ хуурч, дарамталж байна.

Энэ хуулийн төслийг хэсэг бүлэг, хэдхэн хүний төлөө, нэг намын дураараа дургих боломжийг олгосон гэж үзэж байна.

Энэ төслийг бид хамтран хэлэлцэж, шударга согуулийг явуулах зарчмыг баримталж байна. Монголын ард түмэн ч мөн шударга оролцож, МАН-ын гаргаж байгаа өрөөсгөл, дарамталж, доромжилсон хуулиар явахгүй байх гэж найдаж байна” гэлээ.

Эх сурвалж: www.Ikon.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.