Ардчилсан намын даргад нэр дэвшигчид Эрдэнэтэд ирлээ

0

Ардчилсан намын даргад нэр дэвшигчид өнөөдөр /2017.01.15/ Эрдэнэт хотноо буулаа. Нэр дэвшигчид 21 аймаг, есөн дүүргийн намын гишүүдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалтаа хийж яваа. Орхон аймаг буюу Эрдэнэт хот 19 дэхь орон нутаг нь болж, намын даргад нэр дэвшигчид Уурхайчин соёлын ордоны их танхимд журмын нөхөдтэйгээ уулзалтаа хийж байна.    АН-ын дүрмийн дагуу нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа дуусахад 14 хоног үлдээд байна. Нэр дэвшигчдийн сурталчилгаа оны өмнө арванхоёрдугаар сарын 22-ны өдөр эхэлж Ардчилалын салхийг анхлан эхлүүлсэн гэгддэг Эрдэнэтийн бүсэд өнөөдөр ирсэн нь  Монголын хоёр дахь том хотын Ардчилсан үзэлтэй тус намын нөхдүүдийг хуран цуглахад төвөггүй байсан нь харагдаж байлаа. Уулзалтын эхэнд  Ардчилсан намын даргад нэр дэвшигчдэд амжилт хүсэн  Орхон аймгийн Ардчилсан намын дэд дарга Б. Мягмарсүрэн, дэд дарга С.Сувдаа  Баян-өндөр сумын Ардчилсан намын дарга Д.Өсөхбaяр нар хүндэтгэл үзүүлснээр намын шинэ даргын сунгааны хурал албан ёсоор ийнхүү эхэллээ.      

АН-ын даргад С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр, Ж.Батзандан, Н.Алтанхуяг нар дэвшихээ илэрхийлэн  хурлын үеэр нэг нэр дэвшигч мөрийн хөтөлбөр, зорилгоо 20 минутанд багтаан танилцууллаа. Намын даргын сунгааны салхийг хагалж Ж. Батзандан үгээ хэлж , Л. Гантөмөр, Н. Алтанхуяг, Д.Эрдэнэбат, С. Эрдэнэ гэсэн дарааллаар Эрдэнэтийн Ардчилсан үзэлтэй журмын нөхөддөө дуу хоолойгоо өргөж байна.

Ж.Батзандан: Ардчилсан намын шинэчлэл эхэлж байна. Монголыг шинэчлэх шаардлагатай байгаа учраас Ардчилсан нам шинэчлэгдэх шаардлагатай байгаа юм. Монголын улс төрийн шаардлагыг бид хангаж чадна гэж харж байгаа. Ардчилсан намын хүний эрхийг дээдэлсэн эрх чөлөөний үзэлтэй болж шинэчлэгдэх юм. Ардчилсан нам бүлэглэл фракцийн гарт орсон байх уу, ард түмнийхээ төлөө үйлчилдэг байх уу гэдгийг бид шинэчлэлээрээ шийднэ. Нэгдсэн эрх ашигтай нэгдмэл байхыг энэ шинэчлэлээрээ хийнэ. Ардчилсан намын даргад хэн ч ялсан бай би гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөн явах болно  

Л.Гантөмөр:  УИХ-ын сонгуулийн ялагдал, тэр их ялагдлын дараа намын гишүүд дор бүрнээ ихийг тунгаан бодсон биз ээ. Ардчилсан намын их хурлаар намын даргыг сунгаагаар тодруулахаар болсон. Ардчилсан нам гишүүдийнхээ төлөө зүтгэсэн, хүний нөөцийн бодлоготой, хариуцлагатай нам болох ёстой гэдэг үүднээс би энэ сонгуульд нэр дэвшиж байгаа юм.

Н.Алтанхуяг: Өнгөрсөн Их хуралд байсан нөхөд бүгд намын даргад өрсөлдөж байна. Ардчилсан намын даргыг зургаан жил удирдсан хүний хувьд намын даргад өрсөлдөхгүй байя гэж бодож байсан. Гэвч өрсөлдөх болсон шалтгаан нь хүнд үед намынхаа төлөө зүтгэх ёстой гэдгийг олон хүн надад хэлсэн. Ардчилсан намын нөхдийнхөө хэлснээр би намын даргын сунгаанд өрсөлдөж байна. Намын даргын сунгаа бол Ардчилсан намын дотоод асуудал биш. Монгол Улсын маань асуудал юм шүү. Ардчилсан намд хоосон магтаал, хорссон үзэл санаа хэрэггүй. Ард түмэнд амласан ажлынхаа төлөө зүтгэж ажилламаар байна. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намыг дотор нь хагаралдуулах, муухай харагдуулах ажлыг их хийсэн. Үүнийг бид одоо мэддэг болсон. Ардчилсан намд өнөөдөр эв нэгдэл хэрэгтэй. Ардчилсан намын шинэчлэл гэдэг бол Монголын шинэчлэл юм шүү. Иймээс би намын даргын сунгаанд өрсөлдөж байна. Эвийн хүчээр илүү ихийг бүтээцгээе. Д.Эрдэнэбат: Миний хувьд намын даргын сунгаанд оролцох эсэхээ их бодсон, эргэлзэж байсан. Намын даргын сунгаанд оролцох нь өөрөө намын шинэтгэлийн төлөө зүтгэж буй явдал гэж намын нөхөд хэлсэн учир би оролцож байна. Орон нутгийн сонгууль Ардчилсан нам үндэсний хэмжээний нам юм гэдгийг бататган харуулсан. Одоо харин Ардчилсан намын даргын сунгаа Монголын Ардчилсан намын дотоодын эв нэгдлийн төлөө, ардчилсан нийгмийн төлөөх үзлийг тодотгон харуулах сонгууль юм шүү.

С.Эрдэнэ:  Ардчилсан нам байгуулагдсан 26 жилд хамтдаа зүтгэж ирсэн журмын нөхөд юм. Намын даргын сунгааг, өрсөлдөөн гэхээс илүү намын шинэчлэлийн төлөө хийж байгаа бидний хамтын ажиллагаа, зүтгэл гэж хараасай гэж хүсэж байна хэмээн хэлж байлаа.  Ардчилалд шинэчлэл хэрэгтэй учраас 2016 оны сонгуулийн ялагдлын алдаа,оноогоо дэнслэн намын доторхи хөлөө жийлцсэн хагарал, Ардчилалын нэрийг барьж хөлжигсдийн үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор нэр дэвшиж байгаагаа тэд илэрхийлж байлаа.  Ардчилсан намын шинэ даргын сонгууль энэ сарын 29-ний өдөр болох юм байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.