Доналд Трамп АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч боллоо

1

АНУ-ын засаглалын нэгэн эрин солигдож, Доналд Трамп Америкийн Нэгдсэн Улсын 45 дахь ерөнхийлөгчийн албанд албан ёсоор томилогдлоо. Капитол гүвээнд тусгайлан бэлтгэсэн индэрт тэр АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөв. Нэг нь Аврам Линкольны, нөгөөх нь өөрийн багадаа хэрэглэж байсан хоёр Библь судрын дээр зүүн гараа тавьж, баруун гараа өргөөд Үндсэн хуулийн сахин хамгаалахаа тангараглалаа.

“АНУ-ын ерөнхийлөгчийн үүргийг чин шударгаар гүйцэтгэж, АНУ-ын Үндсэн хуулийг дагаж, сахин хамгаалахын төлөө өөрийн бүхий хүч чадлаа дайчлахыг ёслол төгөлдөр тангараглая”. Энэ өгүүлбэр англи хэл дээр 35 үгэнд багтах бөгөөд АНУ-ын Үндсэн хуульд тусгайлан заасан байдаг ерөнхийлөгчийн тангараг юм.

Бүрхэг саарал тэнгэрийн дор, Капитолоос Вашингтон монумент хүртэл хуран цугласан олны өмнө тэр гэргий Меланья Трампыг дэргэдээ байлгаж, Дээд шүүхийн дарга Жон Робертсийн удирдлага дор тангараг өргөв.

Ерөнхийлөгч асан Жорж Буш, Билл Клинтон нар, сонгуульд түүнд ялагдсан Хиллари Клинтон нар ерөнхийлөгчийн засаглал тайван замаар шилжих энэ түүхэн үйл явдлын гэрч болохоор зочдын суудалд суусан байлаа.

Тангаргийн ёслолын хүрээнд тогтсон олон уламжлал бий. Энэ өдөр Доналд Трамп өглөө эрт “Ерөнхийлөгч нарын сүм” хэмээн нэрлэгддэг Гэгээн Жоны сүмд гэр бүлийн хамт очиж, мөргөл үйлдсэн юм. Дараа нь Барак Обама болон түүний гэр бүлийнхний урилгаар Трамп шинэ тэргүүн хатагтай Меланьягийн хамт Цагаан ордонд зочилж, өглөөний цайгаар дайлуулжээ. Энэ мэт тогтсон уламжлалт хүндэтгэлийн арга хэмжээний дараа Трамп болон Обама нар Капитолын зүг хөдөлсөн юм. Үдэш нь тэр тэргүүн хатагтайн хамт баярын цэнгүүн, үдэшлэгт оролцоно.

Бараг жилийн өмнөөс эхэлсэн шинэ ерөнхийлөгчийн сунгаанд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Трампын ялалтад итгэх хүн цөөн байсан. Олны таамгийг эвдэж, төрийн тэргүүнээр сонгогдсон тэрбээр АНУ-ын түүхэн дэх хамгийн ахмад ерөнхийлөгч болж байна. Тэр энэ жил 70 настай. Басхүү улс төрийн, дипломат болоод цэрэг армийг удирдаж нэгээхэн бээр ч туршлагагүй анхны ерөнхийлөгч юм.

Ажлаа хүлээж аваад Трамп эхний уулзалтаа маргааш Тагнуулын төв газрынхантай хийхээр төлөвлөсөн гэнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлтэй

  1. Трамп тангараг өргөхдөө 2 Библи барьжээ. Нэг нь Абрахам Линколны Библи нөгөө нь өөрт нь 9 настай байхад нь ээжийнх нь өгсөн Библи

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.