Note-7 дэлбэрсэн шалтгааныг тайлбарлав

0

“Samsung Electronics” компанийн смартфоны салбар хариуцсан захирал Ко Дун-жин NOTE-7 ухаалаг утас дэлбэрсэн шалтгааныг тайлбарлав. 2017.01.23

Samsung Galaxy Note 7 дэлбэрсэн хэд хэдэн тохиолдол гарсан нь гар утасны техник хангамж болон програм хангамжтай огт хамаагүй, харин эвдрэлтэй баттерейнаас үүдсэн гэж “Samsung Electronics” мэдэгдлээ.

Тус компанийн удирдлага өнөөдөр /2017.01.23/ хэвлэлийн бага хурал зохион байгуулж, ухаалаг утас дэлбэрсэн шалтгааныг олон нийтэд албан ёсоор тайлбарласан байна.

Шалтгааныг тодорхойлохоор “Samsung”-ийн 700 гаруй судалгааны ажилтан, инженер 200 мянган ширхэг ухаалаг утас, 30 мянган ширхэг баттерейнд туршилт хийж, нарийвчлан шалгасан гэнэ.

“Манай компанийн өөрсдийн явуулсан шалгалт, мөрдөлтөөс гадна хөндлөнгийн гурван байгууллагын шинжээчдийн дүгнэлтээр Note 7 ухаалаг утасны шатаж, дэлбэрсэн шалтгаан нь баттерейтай холбоотой болохыг тогтоолоо” гэж “Samsung”-ийн мэдэгдэлд дурджээ.

“Samsung”-ийн смартфоны салбар хариуцсан захирал Ко Дун-жин Note 7 утсыг зах зээлээс эргүүлэн татах хэмжээнд асуудал гарсанд дахин уучлал хүсч, нийтийн хэрэглэгчдийн итгэлийг дахин олж авахын тулд хичээж ажиллахаа илэрхийлсэн байна.

Аюулгүй байдлын улмаас “Samsung” өнгөрсөн оны наймдугаар сард Note 7 смартфоны үйлдвэрлэлийг бүрмөсөн зогсоож, хэдэн сая смартфоныг зах зээлээс эргүүлэн татсан билээ.  Улмаар тус компани 5,3 тэрбум ам.долларын хохирол амссан байна.

Note 7 смартфон шатаж, дэлбэрсэн анхны тохиолдол 2016 оны наймдугаар сард гарсан юм. Агаарын тээвэр, нисэх хүчний компаниуд онгоцонд ижил төрлийн смартфон хэрэглэх, цэнэглэхийг бүрмөсөн хориглож байв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.