НӨАТ-ын баримтаа бүртгүүлэхэд хоёр хоног үлдлээ

0

-32 тэрбум төгрөгийн урамшууллыг 2017 оны эхний улиралд багтаан иргэдэд буцаан олгоно-

Ноднин өдийд цоо шинэхэн сэдэв байсан НӨАТ-ын урамшууллын систем хэдийнээ олны мэддэг, байнга ашигладаг зүйл болжээ. Шинэхэн системийг нутагшуулах гэж бүтэн жилийн хөдөлмөр орсон. Хүмүүс ч хичээсэн, албанхан ч зүтгэсэн. НӨАТ-ын урамшууллын системийг нэвтрүүлсэн нэг жилийн хугацаанд НӨАТ-ын баримт хэвлэх цэгийн тоо 37 532 болсон бол нийтдээ 15,6 сая ширхэг баримтыг улсын хэмжээнд хэвлэсэн байна. Харин хонжворын санд нь 675 сая 900 мянган төгрөг төвлөрчээ. Өнгөрсөн жилийн турш 18 удаа сугалаа зохион байгуулж, 176 346 азтан тодроод байна.

Айл болгон, хүн бүрт хүртээмжтэй систем гэдэг нь олон оронд батлагдсан. Тиймээс энэ онд ч НӨАТ-ын урамшуулал үргэлжилнэ гэдгийг албаны хүмүүс шинэ оны босгон дээр алба ёсоор мэдэгдсэн. Гэвч НӨАТ-ын системд бүртгүүлэхдээ хүмүүс алдаа гаргах нь түгээмэл байгаа гэнэ. Энэхүү алдааг залруулах, 2016 оны худалдан авалтын бүх баримтаа бүртгүүлж дуусах хугацаа 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөр тасалбар болж байгаа юм. Энэ тухайд албаны эх сурвалжийн өгсөн тайлбарыг эргэн сануулъя.

10 мянган гүйлгээ буцаахад төсвөөс 1,8 сая төгрөг зарлагадна 

САНГИЙН ДЭД САЙД Х.БУЛГАНТУЯА:

-Зах зээл дээрх борлуулалтын мэдээллийг иргэд буюу худалдан авагчаар дамжуулж, бүртгэснээр татварын ногдлыг бүрэн зөв тодорхойлж, далд эдийн засгийг бууруулах зорилготойгоор НӨАТ-ын тухай хууль шинэчлэгдэн хэрэгжээд нэг жил өнгөрлөө. Өнгөрсөн онд нийт 18 удаагийн НӨАТ-ын урамшууллыг зохион байгуулахад өөрийн мэдээллээ буруу баталгаажуулах тохиолдол их гарсан. Нэгдсэн системд бүртгүүлэх ёстой овог нэр, дансны дугаар, банкны нэр, регистерийн дугаар бүртгэлийг буруу бичиж байна. Нийтдээ 250 мянга орчим иргэдийн мэдээлэл буруу байна гэдгийг арилжааны банкууд анхааруулсан. Өөрөөр хэлбэл овог гэдэгт өөрийн нэрээ бичээд, нэр гэдэгт хүүхдийнхээ нэрийг бичсэн байх жишээтэй. Эсвэл дансны дугаарын оронд картны дугаар биччихсэн байдаг. Ийн буруу бүртгэлийг залруулахгүй бол улсын төсвөөс гарах зардал нэмэгдэх эрсдэлтэй байгааг онцгойлон сануулъя. Нэг гүйлгээг буцаахад 180 төгрөгийн шимтгэл төлдөг. Тэгэхээр 10 мянган иргэний данс руу гүйлгээ хийж, буцаагдвал нэг сая 800 орчим мянган төгрөгний зардал Улсын төсвөөс гарна гэсэн үг.

Нэгдүгээр сарын 5-наас хойш хуучин оны баримт бүртгүүлэх боломжгүй болно

ГААЛЬ, ТАТВАРЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТӨВИЙН ЗАХИРАЛ Р.ОТГОНТУЛГА:

-Иргэд “Буцаан олголтоо баталгаажсан эсэхээ яаж мэдэх вэ?” гэж манай төвд их хандаж байна. Тэгэхээр та холбогдох www.ebarimt.mn цахим хуудаст нэвтэрч нууц үг, паспортоороо буцаан олголтын хэсгээ баталгаажуулах ёстой. Шинэ он гарчихсан болохоор баримт бүртгэл дээр 2016, 2017 он гэсэн хоёр цонхтой болсон байгаа. Тэгэхээр иргэд маань 2016 оны бүх баримтыг 2017 оны нэгдүгээр сарын 5-ны өдрөөс өмнө бүртгүүлж дуусах ёстой. Түүнээс хойш 2017 оны цонхонд бүртгэл хийж эхлэх болно. Тиймээс энэ хугацаандаа амжиж, холбогдох мэдээллүүдээ үнэн зөв баталгаажуулах хэрэгтэй байна. www.ebarimt.mn цахим хуудас руу нэвтэрч, холбогдох мэдээллээ баталгаажуулахдаа крилл үсгээр бөглөх шаардлагатай. Мөн Тээвэр хөгжлийн банкны гүйлгээний данс төрийн сангаас дамжих боломжгүйг сануулж байна. Иргэд ихэвчлэн банкны дансны дугаараа картны дугаартай их андуурч байгааг дахин хэлье гэв.

НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ өгөх вэ гэдгийг хүмүүс хамгийн ихээр хүлээж байгаа. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 895, 873 иргэн 32.088.791.722 төгрөгийг буцаан авахаар байгаа. Буцаан олголтыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан олгоно гэдгийг албаныхан шинэ оны өмнө мэдээлсэн.

НӨАТ-ын 20 хүртэл хувийг буцаан авахад тавигдах шаардлагууд:

  • Худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ НӨАТ суутган төлөгчөөс авсан байх
  • НӨАТ суутган төлөгчөөс албан татвар ногдсон бараа, ажил үйлчилгээ худалдан авсан байх
  • НӨАТ суутган төлөгчөөс авсан төлбөрийн баримтын мэдээлэл нь баталгаажсан байх
  • Худалдан авагч нэгдсэн системд бүртгэгдсэн байх
  • Тухайн хуанлийн жилийн сүүлийн өдрийн 00:00 цагаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн ажлын таван өдрийн дотор бүртгүүлсэн байх. /Иргэд 2017 оны нэгдүгээр сарын 5-ны өдрөөс өмнө бүртгүүлсэн байх шаардлагатай/

 

Эх Сурвалж:  www.NEWS.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.