ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК ӨНГӨРСӨН ОНЫ АЖЛАА ДҮГНЭЖ, 2017 ОНЫ ЗОРИЛТОО ТОДОРХОЙЛЛОО

0

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн бүтцийн цех нэгжүүдийн үйлдвэрлэл, эдийн засаг, аж ахуйн 2016 оны үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгч дууссантай холбогдуулан тайлангийн хурлын нэгдсэн зөвлөгөөнийг өнөөдөр ажлын хэсгийнхэн Оюу танхимд зохион байгууллаа.  Энэхүү нэгдсэн зөвлөгөөн нь нэг талаас  Эрдэнэт үйлдвэрийн бүх цех нэгжүүдийн 2016 оны үйл ажиллагааны тайланг дүгнэх, нөгөө талаас үйлдвэрийн үндсэн чиг үүрэг бүхий бодлогын газрууд, хэлтсийн товч тайланг хэлэлцэж, санал бодлыг нь сонсох зорилгоор өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй болов. Зөвлөгөөний эхэнд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн саяхан  Эрдэнэт үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөл  хуралдаж, үйлдвэрийн 2017 оны бизнес  төлөвлөгөөг баталсан тухай мэдээллийг хийж,  энэ оны ажлын төлөвлөгөө болон үйл ажиллагааны тайлангийн хурлын талаарх санал дүгнэлтээ хэлэлцэж, зөвлөлдөхийг газар хэлтэс, цехийн удирдлагуудад хандаж хэллээ.

Эрдэнэт үйлдвэрийн 2016 оны үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэх тайлангийн хурлаас үйлдвэрлэлийн цехүүдээс  Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Дулаан цахилгааны төв, Лаборатори судалгааны төв, Геологи хайгуулын анги, нийгмийн зориулалттай цехүүдээс  Орос цэцэрлэг, сургууль зэрэг  7 цех “Онц” үнэлгээ авч, бусад цех нэгжүүд хангалттай сайн гэж дүгнэгдсэн байна. Энэ удаагийн тайлангийн хуралд цех нэгжүүд өөр өөрсдийн үйл ажиллагаагаа шинэчилсэн арга барилаар танилцуулж тайлбарлах боломжтой шинэ арга загварыг нэвтрүүлсэн нь  үр дүнгээ өгснийг ажлын хэсгийнхэн онцоллоо.

Эрдэнэт үйлдвэр ХХК 2016 онд бүх үйл ажиллагааныхаа үр дүнгээр 28 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Өнгөрсөн оны хувьд  дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ бууралттай байсан  хэдий ч эдийн засгийн үр ашигтай ажиллаж чадсан гэдгийг тайлангийн хурлын нэгдсэн зөвлөгөөнөөс тодотгосон юм.  Одоо үйлдвэрийн нийт хамт олны өмнө 2016 оны үйл ажиллагааны   дүгнэлтэд  үндэслэн, 2017 оны ажлын төлөвлөгөөг  тодотгох, төлөвлөгөөт зорилтоо биелүүлэх, техник зохион байгуулалтын арга хэмжээг  нарийн тодорхой гаргаж,  хэрэгжүүлэх  үүрэг  байгааг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн зөвлөгөөний үеэр тэмдэглэж,   чиглэлийн удирдлагууд, цехийн дарга нарт  үүрэг болголоо.

Эх сурвалж: www.Erdenettoday.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.