АИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж 8 асуудал хэлэлцлээ. Үүнд “Эрдэнэт хотын усны алдагдлыг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө”-ний биелэлт багтсан юм. Үүнд нийт 20 ажил туссанаас 9 ажил нь 90-100 хувийн гүйцэтгэлтэй. 4 ажил нь 30-45 хувьтай хэрэгжиж байгаа бол 7 ажил огт хийгдээгүй байна. Өөрөөр хэлбэл төлөвлөгөөний биелэлт 55 хувьтай байна гэж мэргэжлийн байгууллагуудын илтгэлд дурдлаа. Биелээгүй ажлуудын хувьд ихэвчлэн хөрөнгө оруулалтаас шалтгаалсан талаар “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК-ийн Ерөнхий инженер ярьлаа.
Манай хот 60 км-ын зайнаас ундны усны хэрэгцээгээ хангадаг. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тоногт төхөөрөмжийг ашиглаж жилд 6 сая гаруй шоо метр хэмжээтэй ус авдаг боловч 50 орчим хувь нь алдагдал болдог аж. Үүний төлөө жил бүр тус компанийн газрын төлбөрөөс 2 тэрбум төгрөгийг хөнгөлдөг. Усны алдагдалтай холбоотой асуудлыг сүүлийн 20 гаруй жил ярьж байгаа боловч одоог хүртэл шалтгааныг нь нарийн тогтоогоогүй байгаад ИТХ-ын зарим тэргүүлэгч шүүмжлэлтэй хандсан юм. Хэдийгээр шугам хоолой, тоолуурын элэгдэл зэрэг шалтгаан нөлөөлдөг гэдэг ч энэ нь хэт ерөнхий тайлбар гэж үзлээ. Мөн 2013 оноос хойш жил бүр усны алдагдал буурсаар ирсэн ч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн газрын төлбөрөөс суутган тооцдог 2 тэрбум төгрөг буурахгүй байгаа нь хачирхалтай байна гэсэн юм.
Өөрөөр хэлбэл АИТХ-ын тэргүүлэгчид “Эрдэнэт хотын усны алдагдлыг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө”-г хангалтгүй биелүүлсэн байна гэж дүгнэсэн. Иймд дээрх төлөвлөгөөг холбогдох баримт бичигтэй уялдуулан дахин боловсруулах үүргийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад өглөө.
Эх сурвалж: www.Erdenet.mn