ОРХОН АЙМАГТ ШАР УСНЫ ҮЕР БОЛООГҮЙ

0

Говил багийн Булагтын “В” хэсэгт 15 айл усанд автаж шар усны үер боллоо гэх мэдээлэл олон нийтийн дунд гараад буй. Тэгвэл мэргэжлийн байгууллагууд манай аймагт шар усны үерийн нөхцөл байдал үүсээгүй гэдгийг мэдэгдлээ. Өнөөдөр тухайн хэсэгт аймгийн Онцгой байдлын газар, Хотын захирагчийн алба, Авто тээврийн төв, “Орхон АЗЗА” ТӨХК-ийн удирдлагууд ажиллалаа.

Булагтын “В” гэх энэ газарт Говил гол оршдог. Дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор гол, цас хайлснаар тухайн хэсэгт тогтоол ус буюу “халиа” бий болжээ. Энэ нь шар усны үер биш бөгөөд газрын гадаргуун болон хөрсөнд нэвчсэн ус гадагшилж буй үзэгдэл гэж аймгийн Онцгой байдлын газрын дарга Г.Ганбаатар ярьлаа. Тус газраас шороо ашиглан түр байгууламж хийн “халиа”-г хашсан. Одоогоор ОБГ, Хотын захирагчийн алба хамтран түр байгууламжийг давсан усыг урсгах голдирол бий болгоод байна.
Өнөөдрийн байдлаар Говил багийн Булагтын “В” хэсэгт 2 км орчим үргэлжлэх тогтоол ус бий болж хөлдсөнөөр шавар, шалбааг их болоод байгаа юм. Үүнээс үүдэж тухайн хэсгийн иргэд нийтийн тээвэр, сурагчдын автобусаар үйлчлүүлэх боломжгүйд хүрээд байна. Тиймээс эхний ээлжинд гудамж дундах замд хайрга асгаж иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ хүргэхээр боллоо. Энэ талаар Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал ярихдаа “Уг асуудалд мэргэжлийн байгууллагуудаас тодорхой арга хэмжээ авна. Гэхдээ асуудлыг бүрэн шийдэж чадахгүй. Тиймээс энэ зун инженерийн шийдэл гаргаж бүрэн шийдвэрлэхэд анхаарч ажиллана” гэсэн юм.
Эх сурвалж: Erdenet.mn
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.