АН-ЫН ГИШҮҮД ШИНЭЧЛЭЛИЙГ ХҮСЭЖ БАЙГАА НЬ ҮНЭН БОЛ СОНГОЛТ НЬ ТОДОРХОЙ

1
  Орхон аймагт төдийгүй Монголдоо хүчирхэг улс төрийн хүчин бол Ардчилсан нам. Энэ нам сайн боловсон хүчин, зөв бодлоготой байх нь шууд болон дам утгаараа Монголчуудын хувьд маш чухал асуудал. Харамсалтай нь хүчирхэг үедээ эв нэгдэл бус ашиг сонирхлоо дагачих гээд байдаг гэмтэй. Энэ нь ч тус намыг ялагдалд хөтлөх шалтгаан болдог нь нууц биш юм. Тиймээс үүнийг тас цохих итгэл үнэмшил, үнэ цэнэтэй удирдагч Ардчилсан намд ус агаар мэт хэрэгтэй байгааг гишүүд дэмжигчид нь хэлэх боллоо. Талцуулж байлдуулах биш эв нэгдлийг хангагч, өмнөх сайн цагаа дурсаж санаа алдан суух бус ирээдүй өөд тэмүүлж чадах нэгнийг Ардчилсан нам хүсч байна. Энэ хүсэл бодитоор биелэх цаг буюу тус нам шинэ даргаа сонгох торгон мөч энэ өдрүүдэд тохиож байгаа юм.
 Хүсэл дагаж хясал явдаг нь хүний хорвоо хойно. Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй гэдэг ч АН-ын дарга болохоор мөнгөө төлөн мөрөөдлөө гүйцээх гэж зүтгэгчид хясал дундаа түүртэж явна. Үнэт зүйл, үнэ цэнэгүй хүмүүс өөрсдийгөө үнэд хүргэх гэж хичээн зүтгэж буйг бид нүдээр үзэж байна. Тэдэнд энэ намын тамгыг атгаж л байвал ёс зүй, үнэт зүйл тийм ч чухал биш гэдгийг энэ өдрүүд тод харууллаа. Товчхондоо тэд гишүүдийн саналыг мөнгөөр худалдан авах далд бодол агуулж байгаагаас гадна царцааны нүүдлийг ч сэмхэн хийж буй нь ядмаг сэтгэл буйн илрэл гэлтэй.
 Үнэндээ бүхэлдээ шинэчлэгдэж байгаа мэт харагдаж байгаа АН-ын хувьд эхэндээ хураамж дэнчингийн хэмжээ анхаарал татаж байсан бол одоо дотоод сонгуулийн үр дүн хэрхэх бол гэдэг нь сонирхолтой болсон. Учир нь дотоод сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшигчийн хувьд шинэ гишүүд жин дарахаар байгаа. Хэдийгээр ҮБХ-нд шинэ гишүүн орж ирж байгаа нь АН-д сайн талтай боловч нөгөөтэйгүүр залууст туршлага дутах вий гэдэг сэрэмж ч бас бий.
 Аймгийн АН-ын даргад нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр хөтөлбөрөө гишүүддээ танилцуулах зорилгоор хэд хэдэн удаагийн уулзалт хийсэн. Энэ үеэр хамгийн үнэн зөв бөгөөд итгэл төрүүлэхүйц үзэл санааг илэрхийлсэн нь нэр дэвшигч Д.Доржпүрэв. Тэрээр хэлэхдээ “Намын үзэл баримтлал, үнэт зүйл, философийг тодорхой болгож, намын дотоод ардчиллыг бэхжүүлж, нам доторх шударга ёс, дэг журмыг хатуу тогтоож, намын дүрэм нь бүх гишүүдэд ялгаваргүй тэгш үйлчилдэг болох ёстой гэж үзэж байгаа” гэсэн юм. Түүний илэрхийлсэн санаа бол энэ намд нэн чухал хэрэгтэй байгаа зүйлс юм. Энэ үгийг сонсоод дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг нь бүтэн унших сонирхол эрхгүй төрснөө нуух юун. Тэр мөрийн хөтөлбөртөө АН-ыг Нээлттэй, нэгдмэл, эв нэгдлийг эрхэмлэгч, Хүний нөөцийн бодлоготой, засаглаж чаддаг, Үзэл баримтлал, үнэт зүйлийг эрхэмлэгч, Хариуцлагатай, хяналттай, Алсын хараатай, иргэдийн нам болгох 5 зорилтыг тусгажээ. Эдгээрийг хэрэгжүүлбэл АН-ын шинэчлэл бодитоор хөрсөндөө буух юм байнаа гэдэг сэтгэгдэл ганцхан надад төрөөгүй байх.
 Хамгийн гол нь өөрөө бодож олсон, хийхийг хүсэж байгаа зүйлийг нь өөрөөр нь хийлгэсэн тохилдолд “систем” зөв ажиллана. Тийм учраас АН-ын гишүүд шинэчлэлийг хүсэж байгаа нь үнэн л бол хамгийн гэрэлтэй, зөв, шударга сонголт нь Д.Доржпүрэв гэж ойлгогдож байна.
Эх сурвалж: Etpost.mn
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.