Эрдэнэт үйлдвэр нийгмийн асуудлыг хөгжил дэвшлийн эхэнд эрэмбэлнэ

6
Үндэсний уул уурхайн салбарын урдаа барьдаг,  зүтгүүр үйлдвэр Эрдэнэтийн  Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Уурхайчдын нийгмийн асуудал” сэдэвт зөвлөлдөх уулзалтын эхэнд ингэж хэллээ. Үнэхээр  ч  уул геологийн нөхцөл, үйлдвэрлэлийн төлөвлөгөө, техник тоног төхөөрөмжийн тухай түр азнаж, уурхайчин хүний нийгмийн асуудлыг тусгайлан авч хэлэлцсэн нь уулзалтын зорилго хийгээд  Эрдэнэт үйлдвэр хүнийхээ төлөө цаашид ямар чиглэлтэй ажиллахыг  ч  давхар тодорхойлсон.
     Ямар ч үйлдвэрлэл, үйл ажиллагааны цаана заавал асуудал оршдог. Харин асуудал бүрийн ард хүн байдаг.  Тиймээс хүний хөгжил, нийгмийн хамгаалал,  эрүүл мэнд, амьдралын баталгааг эн түрүүнд тавьж, тэдгээрийг тойрсон олон асуудалд гарц, шийдэл хайсан нь тус уулзалтын ач холбогдлыг тодотгов.
     Нөгөө талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хүрэлцэн ирж, зөвлөгөөнд оролцсон нь онцлох үйл явдал байв.  “Эрдэнэт үйлдвэр ажиллагсдынхаа эрүүл мэндийн асуудлыг ингэж тусад нь авч үзэж, бодлогын хэмжээнд хэрэгжүүлж буй нь зөвхөн өөрийн ажилчдын төдийгүй нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад оруулж байгаа том хөрөнгө оруулалт юм. Тиймээс Эрүүл мэндийн яам бүхий л талаар дэмжиж ажиллах болно” гэж салбарын сайд тэмдэглэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, шийдвэрийг танилцуулсан юм.
Урамшууллын сангийн хэмжээг  20 хүртэл хувиар нэмэгдүүллээ
    “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нийгмийн хариуцлага” сэдвээр илтгэлийг Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга О.Хонгор тавив.  Сүүлийн дөрвөн жилийн үзүүлэлтээр тус үйлдвэр нийгмийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхдээ 66-70 хүртэл тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ нь нийт зардлын 7,5 хувь гэсэн үг. Нийгмийн хөгжлийн бодлого олон талтай. Эрүүл мэнд, боловсролын үндсэн чиглэлээс гадна Орон сууц, Хөдөлмөр хамгааллын хүчтэй бодлого  хэрэгжүүлж, орон сууц худалдан авсан ажилтанд  8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэн, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ажилд жил бүр 100 хүртэл сая төгрөгийг компаниас зориулж байна. Үйлдвэрчний эвлэлийн холбоотой байгуулдаг Хамтын гэрээгээр том үүрэг хүлээж, түүнийгээ хөрсөнд буулгаж  чадаж байгаа ганцхан үйлдвэр бол Эрдэнэт үйлдвэр ХХК гэдгийг ч илтгэлдээ дурьдав.
     Эрдэнэт үйлдвэр урт болон богино хугацааны хөгжлийн үндсэн чиглэлдээ үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө  түлхүү тусгасаар ирсэн бол энэ цаг үеэс үйлдвэрлэл, хүний хөгжлийн асуудлыг эн тэнцүү оруулж, төр засгийн хэмжээнд танилцуулах зорилт тавьсан нь нийгмийн хариуцлагын бодлогодоо хийж байгаа том эргэлт гэж хэлж болно.
     Дараагийн таатай мэдээг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн энэ дашрамд дуулгасан. Ажлын үр дүнгээр олгодог урамшууллын сангийн хэмжээг  20 хүртэл хувиар нэмэгдүүллээ. Энэ бол үе үеийн олон мянган уурхайчид, тэдний залуу халаа ажилтнуудад урам зориг, бас хүч өгсөн хэрэг юм.
Эрүүл тарган гэж байдаггүй
     Дэлхий нийтийн “толгойн өвчин” гэж нэрлэгддэг таргалалт, илүүдэл жин  уурхайчдыг ч бас тойроогүй гэдгийг эмч, мэргэжилтнүүд судалгааны дүнтэй холбон тайлбарлав. Эрүүл тарган гэж байдаггүй. Илүүдэл жингийн цаана ямар нэг өвчин эмгэг заавал дагаж явдаг. Тиймээс таргалахгүй байх үндсийн үндэс нь  эрүүл хоол, байнгын дасгал  хөдөлгөөний зохистой хоршил гэж тэд зөвлөлөө. Энэ асуудлууд компанийн нийгмийн хөгжлийн бодлогод бага биш байрыг эзэлдэг.
     Уурхайчдаа  халуун хоолоор хангах үйлчилгээг  Хаан хүнс, Од дөл компаниудтай хамтран хүргэж байна. Тэд халуун хоол үйлдвэрлэлийн технологидоо “Эрүүл эко хоол хүнс” зарчмыг нэвтрүүлж, ногоо жимс алагласан бүтээгдэхүүнээр үйлчлэхийг зорьж буйгаа уулзалтын үеэр дэлгэн үзүүлсэн. Байгалийн өнгө, амтаар баялаг эрүүл хоолны үзэсгэлэн бидэнд таргалалтаас ангид байх боломж бий гэдгийг мэдрүүлж өгөв.
     Нийтийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн цогц хөтөлбөрийг Спорт ордоны үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлдэг. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, яаралтай  тусламжийн бүхий л сургалт сурталчилгаа,  үйлчилгээг Эрдэнэт сувиллын цогцолбор, Медипас эмнэлэгт төвлөрүүлэн хүргэдэг ч уурхайчдын дунд зүрх судасны  өвчлөл болон илүүдэл жингийн үзүүлэлт буурахгүй байгаад анхаарал хандуулах ёстойг ч эмч нар ахин дахин онцлов.
     Харин  Уурхайчдынхаа дунд таргалалтын эсрэг аян өрнүүлж, хамгийн зөв үр дүнтэй аргаар илүүдэл жингээ хаясан ажилтнуудын үр дүнгийн урамшууллыг нэмэгдүүлэх саналыг Ерөнхий захирал хошигнон дэвшүүлсэн ч оролцогчид мэдрэмжтэй, зөв зүйтэй санал гэж хүлээж авав.
Уурхайчдын санал компанийн нийгмийн хөгжлийн зорилтод тусгагдана
     Өчигдрөөс өнөөдөр, өнөөдрөөс маргааш илүү сайжруулах нь орчин цагийн хөгжил дэвшлийн гол түлхүүр гэдэг. Нийгмийн асуудлыг тойрсон зөвлөлдөх уулзалтын үер уурхайчид, ажилтнуудын дэвшүүлсэн санал ийм агуулгатай байв. Ажлын байрны хэмжилт, ажлын ачааллын тэгш хуваарилалт, нийгмийн цехүүдийн халуун хоолны үйлчилгээ, орон сууц болон бусад хөнгөлөлт, тусламж, халамж, хүний нөөцийн оновчтой бодлого гээд тэд саналдаа алийг нь ч орхигдуулсангүй, хөндөж ярилцав.
     Уурхайчдынхаа санал бүхнийг эрэмбэлж, хариуцах хүрээг нь тодруулж, дор бүрт нь шийдвэрлэнэ. Өчигдрөө эргэн харсан, өнөөдрөө дүгнэж цэгнэсэн энэхүү яриа хөөрөө, санал санаачилгууд бидний маргаашийн хөтөч байх болно. Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх олон чухал бодлого шийдвэрийн зүг чигийг заана гэдгийг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн  нэгтгэн хэлсэн.  Цагаа олсон, ёстой л загатнасан газар  маажив гэдэг шиг уулзалт  боллоо гэж нэг биш нэлээд хүн өгүүлснийг ч бас энд тэмдэглэе.
Erdenettoday.mn
М.Балжинням
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 Олон сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.