ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ ОЮУТНУУДЫН ХҮСЭЛТИЙГ АВЧ БАЙНА

1

Өнгөрсөн оноос манай аймгийн оюутнууд Засаг дарга Д.Батлутын нэрэмжит хоёр төрлийн тэтгэлэгт хамрагдаж эхэлсэн. Энэ нь 12-р ангиа төгсөж их, дээд сургуульд шинээр элсэж буй залууст “Оюутны тэтгэлэг”, магистр, докторантын өдрийн ангид суралцах иргэдэд олгох “Урамшууллын тэтгэлэг” юм.

Үүнээс Монголын Улсын болон гадаадын их, дээд сургуулийн бакалаврын ангид анх удаа элсэн суралцагчдад олгох “Оюутны тэтгэлэг”-т хамрагдах хүсэлтийг ирэх сарын таван хүртэл хүлээн авна. “Оюутны тэтгэлэг”-т хамрагдахын тулд ерөнхий боловсролын сургуулиа “А” үнэлгээтэй дүүргэсэн, ЗГ-аас баталсан эрэлт ихтэй мэргэжлээр их, дээд сургуульд элссэн байх ёстой. Түүнээс гадна Үндэсний статистикийн газраас баталсан амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур ангилалд багтаж буй өрхийн хүүхэд, ЭЕШ-т 700-аас дээш оноотой байх ёстой. Мөн спорт, урлагаар амжилт гаргаж тэр чиглэлээрээ суралцах гэж байгаа бол ЭЕШ-ийн дүн нь 450-иас дээш оноотой байх хэрэгтэй.

Хэрэв уг шаардлагыг хангаж байвал тэтгэлэг хүссэн өргөдөл, сурлагын дүнгийн тодорхойлолт, хуваарь сонгоход олгосон батламжийн хуулбар, их, дээд сургуульд элссэн гэдгийг нотлох эрхийн бичиг, эцэг, эх, асран халамжлагчийн болон өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур ангилалд багтсаныг нотлох бичиг баримт, олон улсын болон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргасныг нотлох баримт зэргийг бүрдүүлж АЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэст хандах хэрэгтэй.

Засаг даргын нэрэмжит “Оюутны тэтгэлэг”-ийг жил бүр 10 хүртэлх хүүхдэд олгох бөгөөд хэмжээний хувьд нэг хүүхдэд 700 мянган төгрөг байх юм байна.

Засаг даргын нэрэмжит хоёр дахь тэтгэлэг нь “Урамшууллын тэтгэлэг” юм. Үүнийг Орхон аймагт ажиллаж амьдарч буй МУ-ын болон гадаадын их дээд сургуульд магистр, докторантын өдрийн ангид суралцах иргэд авах боломжтой. Уг тэтгэлгийг ЗГ-аас баталсан эрэлт ихтэй мэргэжлээр аттестатчилагдсан их дээд сургуулиудад элсэгчид авах юм. “Урамшууллын тэтгэлэг” нь жилд 3 хүртэлх оюутанд олгогдох бөгөөд тус бүр нь 3 хүртэлх сая төгрөг авах боломжтой. Уг тэтгэлэгт хамрагдах хүсэлтийг 10-р сараас хүлээн авах гэнэ.

Erdenet.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.