ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАЖ БАЙГАА АСУУДЛААР ШУУРХАЙ ХУРАЛДЛАА

0

“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн энэ оны төлөвлөгөөт “0” зогсолт буюу их засварын ажил 7-р сарын 27-ны өдрийн 22 цагаас эхэлсэн. Үүний хүрээнд энэ сарын 27-оос 31-ний өдрүүдэд цахилгаан эрчим хүчний хангамжид дутагдал үүсэх тул хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлах ажил хийгдэж байна. Цахилгаан эрчим хүчний хязгаарлалтын хамрах хүрээ, хугацаа тодорхойгүй байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор үүсэж болох асуудлыг тодорхойлж, шийдэх арга замын талаар мэргэжлийн байгууллагууд буюу Захирагчийн алба, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар тэргүүтэй албаны хүмүүс шуурхай хуралдлаа. Хуралдааны эхэнд аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал “Цахилгааны хязгаарлалтыг Диспетчерийн үндэсний төвөөс хийж байгаа. Бид эрх бүхий албан тушаалтантай нь холбогдож Орхон аймгийн цахилгаан эрчим хүчийг нийтээр нь хязгаарлахгүй байх хүсэлтийг өглөө.  Ямартай ч БОЭТ тэргүүтэй байгууллагууд үйл ажиллагаагаа энэ нөхцөл байдалд тохируулах хэрэгтэй. Яаралтай хагалгаа хийгдэж байхад цахилгаан тасрах зэрэг асуудал үүсэх эрсдэлтэй тул онцгой анхаарлаа хандуул” гэлээ.
Мөн цахилгаан тасарснаас үүдэж авто замын гэрлэн дохио ажиллахаа болино. Иймд Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгаас алба хаагчдыг шаардлагатай хэсгүүдэд байршуулж хөдөлгөөн зохицуулалтыг хийх хэрэгтэйг онцоллоо. Түүнээс гадна Баян-Өндөр сумын ЗДТГ-аас багийн Засаг даргын ажлын албадаар дамжуулж иргэд, ААН байгууллагуудыг бодит мэдээллээр хангах үүргийг өглөө.
Шуурхай хуралдааны үеэр мэргэжлийн байгууллагууд цахилгаан хязгаарлах өдрүүдэд уялдаа холбоотой ажиллах зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж шийдэлд хүрсэн юм.

                                                                                                   Мэдээллийн төв

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.