ҮЕРЭЭС УЧИРСАН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР АЖИЛЛАЖ БАЙНА

0

Өчигдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн 4 цаг 30 минутаас эхлэн Эрдэнэт хотод орсон түр зуурын хүчтэй мөндөр, аадар борооны улмаас гэр хорооллын зарим айл, өрх гудамжууд усанд автаж, үерийн ус зайлуулах суваг шуудуу, нүхэн гарцууд зарим хэсэгтээ ачааллаа даалгүй эвдэрч сүйдсэн.Булаг багийн автозам дээр лаг шавар, шороо чулуу урсаж орж ирсэний улмаас замын зорчих хэсэгт автомашин зорчиход хүндрэл үүсгээд байсныг Хот тохижуулах газрын ажилтан ажиллагсад шөнө цэвэрлэж автомашин зорчих боломжтой болгосон. Аймаг орон нутгийн удирдлагууд болон Онцгой комиссын гишүүд шөнө ажиллаж шуурхай арга хэмжээ авч ажиллав. Одоогоор авто зам дээр үүсээд байсан саадыг зайлуулах, шавар, чулуу, шороогоор бөглөрсөн нүхэн гарцуудыг цэвэрлэх, цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд хуралдсан лаг шавар, урсаж ирсэн хог хаягдлыг цэвэрлэх ажил үргэлжилэн хийгдэж байна. Үерийн ус зайлуулах гуу жалгад иргэд өөрсдөө хогоо их хаядгаас тэр нь борооны усанд урсаж, нүхэн гарц, гүүрүүдийн ус нэвтрүүлэх чадварыг муутгаснаар эвдрэл гэмтэл үүсгэсэх, ус зайлуулах үерийн суваг шуудууны ус нэвтрүүлэх ачааллыг нэмэгдүүлснээр хальж айл өрхийг усанд автуулах нөхцөл байдалд хүргэж байна. Өчигдөр аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгч ажилласан бол өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү нараар удирдуулсан Онцгой комисс дахин хуралдаж үерийн гамшгаас үүссэн хохирол, эвдрэл гэмтлийг сэргээн засварлах ажлын явцын талаар хэлэлцлээ.

Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс болон холбогдох албадын мэргэжилтнүүдийн хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 1,5 км орчим үерийн ус зайлуулах суваг шуудуу эвдэрснийг сэргээн засварлах шаардлагатай, 12 багт 40 гаруй айлын бохир хальсан, 1300 ам метр талбайд ариутгал, халдваргүйтгэл хийх, хэд хэдэн орон сууцны зоорийн давхарт ус дүүрснийг соруулах, хавар тарьсан шар хуайс болон ногоон байгууламжууд урсаж эвдэрсэнийг сэргээн засварлаж байна.
Сэргээн засварлах ажилд хугацаат болон дүйцүүлэх цэргийн алба хаагч, ЗХ-ний 186, ЗХ-ний 110 дугаар ангийн хүн хүч, техник, офицерууд, Онцгой байдлын газрын аврагчид, Хот тохижуулах газрын ажиллагсад болон сайн дурынхан оролцож байна. Сэргээн засварлах ажилд оролцож буй эдгээр алба хаагчид, болон энгийн иргэдэд хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс ч мөн ажлын бээлий, цэвэр ус, хоол хүнсний зүйлээр тусалж дэмжих аян өрнөж эхэлжээ. Тухайлбал, Шанд багт үерийн шуудуу сэргээн засч буй цэргийн алба хаагчдад тус багт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Өндөр” мини маркет, 22-р цэцэрлэг ажлын бээлий, 17-р сургуулиас хүнсний зүйлээр туслалцаа үзүүлж байлаа.
Цаашид буюу 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр 16, 17, 18, 19-ний үдээс хойш, 20-ны шөнөдөө түр зуурын дуу цахилгаантай ширүүн бороо, мөндөр орж, борооны өмнө салхи ширүүсэх бөгөөд 22-23-ны өдрүүдэд үргэлжилсэн хүйтэн бороо орно. Хөрсөн дээрээ шөнөдөө 9-14 хэм, 19-ний өдрөөс хойш шөнөдөө улам сэрүүсч 4-9 хэм хүртэл агаарын температур буурах төлөвтэй байгаа тул аж ахуйн нэгж ард иргэдэд Ус цаг уур, орчины шинжилгээний газраас анхааруулж байна.
Мэдээллийн төв 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.