ОРХОН АЙМАГ “ХОТ” БОЛВОЛ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖ НЭМЭГДЭНЭ ГЭЖ ИРГЭД ОНЦЛОВ

0

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх уулзалт, хэлэлцүүлэг Орхон аймагт хоёр өдөр үргэлжиллээ. Уулзалт, хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Тамгын газрын ахлах зөвлөх, Ажлын хэсгийн ахлагч Ц.Батбаатар удирдаж Баян-Өндөр, Жаргалант сумын иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонссон юм. Уулзалтын үеэр иргэд, Орхон аймгийг “Хотын статустай” болгох нь зүйтэй гэсэн санал зонхилж байв. Тодруулбал, Баян-Өндөр сум хүн амын төвлөрөл ихтэй, үйлдвэр, аж ахуйн томоохон бүс хэрнээ газар нутаг багатайгаасаа болж Булган аймагтай үл ойлголцох, иргэд ч Үндсэн хуулиар олгосон эрхээ бүрэн эдэлж чадахгүй байгаа талаараа ярилаа. Тэр ч бүү хэл, талийгаачаа оршуулах газаргүй байна гэлээ.

Иймд Орхон аймаг “Хот” болвол багууд нь хороо болж нутгийн захиргааны байгууллагуудын бие даасан байдал, чадвар чансаа сайжирч, төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ гэж иргэд онцолж байлаа. Мөн сонгуульд оролцох иргэдийн оролцооны асуудал, энэ талаар хатуу зохицуулалт байж болох эсэх, УИХ–аар хууль эцэслэн баталж буй босгыг өөрчлөх, давхар дээлийн асуудал яригдаж байхад “гуравны нэг” гэдэг тоог заавал оруулах шаардлага байгаа эсэх, хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа гэхэд хэрэгжих хугацааг наашлуулж болох эсэхийг асууж байв.

Энэ үеэр АИХ-ын депутат байсан Д.Цэен-Ойдов УИХ-ын олон гишүүн давхар дээлтэй байгаагаас төр, засаг тогтворгүй байгааг шүүмжилж, Ерөнхий сайд, Шадар сайд хоёроос бусад нь УИХ-ын гишүүн байх ёсгүй гэсэн саналтай байгаагаа илэрхийлээ. Харин зарим иргэн багийн Засаг дарга болон УИХ-ын гишүүнээр томилогдох насны хязгаарыг нэмэгдүүлэх, Төрийн сүлд, Төрийн дууллыг дахин өөрчлөх, бүх шатны байгууллагуудын сонгуулийг нэг дор явуулах, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг таван жил болгон сунгах, Үндсэн хууль дахь нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжиж эхлэх хугацааг 2020 оноос нааш татах зэрэг олон санал дэвшүүлсэн юм.

                                                                                                  Мэдээллийн төв

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.