Apple $999 үнэтэй iPhone X-ийг танилцууллаа

0

Apple компанийн жил бүрийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ энэ удаад Калифорнийн Купертино дахь Стив Жобсын нэрэмжит театрт зохион байгуулж, таван шинэ бүтээгдэхүүн танилцууллаа.

Технологийн салбарын экспертүүдийн таамаглаж байсанчлан Apple-ын гүйцэтгэх захирал Тим Кук “Apple компани iPhone X хэмээн нэрлэсэн онцгой iPhone-ын онцгой загвар бүтээсэн”-ийг дуулгасан юм.

APPLE ЯМАР БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАВ?

  • iPhone 8 ба iPhone 8 Plus
  • Дээд зэрэглэлийн iPhone X
  • 4G Apple Watch
  • 4K нарийвчлалтай дүрс гаргах Apple TV

    УЛАМЖЛАЛТ IPHONE БА IPHONE X

iPhone 8 ба iPhone 8 Plus загварууд нь Apple-ын жил бүр шинэчлэн сайжруулж гаргадаг загварууд. Энэ удаад цоо шинэ “тархи”-тай болжээ. Тодруулбал, Apple-ын A11 бионик чип хэмээн нэрлэсэн шинэ чиптэй, шинэ камертай бөгөөд утасгүй цэнэглэх боломжтой.

Харин iPhone X бол онцгой загвар. Хийц загвар, техник үзүүлэлт, хэрэглээ гээд дотоод, гадаад бүх талаасаа онцгой, өвөрмөц бүтээл болжээ.

Тим Кук үүнийг “Анхны iPhone гарсан цагаас хойшхи хамгийн том алхам хийсэн бүтээгдэхүүн” гэж тодотгосон юм.

Дэлгэц нь бүхэлдээ гар утасны нүүрэн хэсгийг эзэлсэн, iPhone-ын түүхэнд анхны OLED дэлгэцтэй загвар юм. Home товчлуур байхгүй болсон, ингэснээр ухаалаг утас чинь таны нүүр царайг таньж, цоожийг нээнэ.

IPHONE X ЮУГААРАА ОНЦЛОГ ВЭ?

  • iPhone X нь “икс” биш “тен” /арав/ гэж дуудагдана. iPhone-ыг зах зээлд нэвтрүүлсний 10 жилийн ойд зориулсан тусгай загвар
  • Илүү нимгэн, хөнгөн, өнгө ба дүрсний нягтрал сайтай OLED дэлгэцтэй
  • Apple энэ дэлгэцээ Super Retina Display гэж нэрлэжээ
  • Дэлгэц нь 5.8 инч, 2436х1125 цэгийн багтаамжтай, 458 ppi цэгийн нягтралтай
  • Нүүрэн хэсэгт бүхэлдээ дэлгэц байрласан. Ямар ч товчлуур байхгүй. Дээд ирмэг дагуу зөвхөн камер, микрофон, яригч гээд бүх мэдрэгчийг суурилуулжээ.

  • Нүүр ба ар тал нь зурагддаггүй шилээр хийгдсэн, бүх талаараа сайн чанарын зэвэрдэггүй ган хүрээтэй
  • Home товчлуур байхгүй болсон тул iPhone Х-ыг “сэрээхдээ” дэлгэцийн аль нэг газар хүрэх, эсвэл гар утсаа дээш нь өндийлгөхөд хангалттай
  • Home товчлуурын хамт хурууны хээ унших технологи байхгүй болсон тул Apple оронд нь нүүр царай таних Face ID технологи нэвтрүүлжээ. TrueDepth камерын системийн тусламжтайгаар харанхуй бүүдгээр нөхцөлд ч малгайтай, нүдний шилтэй, үстэй, үсгүй, сахалтай, сахалгүй хамаагүй эзнээ баталгаатай таних гэнэ. Өмнө нь хурууны хээгээр өөр хүн таны утсанд нэвтрэх магадлал 50 мянгад нэг байсан бол нүүр царайгаар таних Face ID технологиор нэг сая нэг л боломж бий ажээ.

  • Арын камер нь 12 мегапиксел хос дурантай. Хоёул дүрс тогтворжуулагчтай. Нүүрэн талын камер нь 7 мегапиксел. Урд камер нь Portrait mode дэмждэг болсон.
  • Мөнгөлөг ба хар саарал гэсэн өнгөний сонголттой.
  • Багтаамжийн хувьд 64GB ба 256GB гэсэн хоёр сонголт бий.
  • 64GB хувилбар нь 999 ам.доллар, 256GB нь 1149 ам.доллар
  • Аравдугаар сарын 27-ноос урьдчилсан захиалга эхэлж, арваннэгдүгээр сарын 3-наас худалдаанд гарна.
  • Дэлхийн 55 оронд албан ёсоор худалдаалагдана.

IPHONE 8 БА IPHONE 8 PLUS

Өмнөх загваруудаас ялгаатай нь бүрэн шилэн хийцтэй. Шинэ А11 чиптэй. Хар саарал, мөнгөлөг, алтлаг гэсэн гурван өнгөний сонголттой. Үнийн хувьд iPhone 8 нь $699 (128GB), $849 (256GB), харин iPhone 8 Plus нь $799 (128GB), $949 (128GB) байх ажээ.
Урьдчилсан захиалга есдүгээр сарын 15-нд эхэлж, 22-ноос худалдаанд гарна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.