5 ДУГААР СУРГУУЛИЙН 30 ЖИЛИЙН ОЙГ ӨРГӨН ТЭМДЭГЛЭВ

0

Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5-дугаар сургууль өнөөдөр 30 жилийн ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын арга хэмжээ 5-дугаар сургуулийн шинэхэн тохижуулсан биеийн тамир, спортын талбайд нижгэр алга ташилтаар эхэлсэн юм.

Орхон аймгийн 5-дугаар сургуулийн түүхэнд улс төр, урлаг соёл, спортын дүүрэн амжилт гаргасан хүмүүс олон бий. Дээрх хүмүүсийг баярын арга хэмжээний хүндэтгэлийн суудалд урьсан байна.

30 жилийн баярын арга хэмжээний нээлтэнд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нар баяр хүргэж үг хэллээ. Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт, Орхон аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ж.Бат-Амгалан, Орхон аймгийн БТСГ-ын дарга Н.Зулбаатар нар хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн.

Нээлтийн үйл ажиллагааг тус сургуулийн төгсөгчид болох Э.Адьяасүрэн, н.Гүрбадам нар хөтлөн явуулсан бол арга хэмжээний туршид 5-дугаар сургуулиар овоглож яваа олон сайхан уран бүтээлчид ая дуугаа өргөсөн.

                        30 жилийн ойн арга хэмжээг олон олон авьяаслаг сурагчдын ээлж дараалласан үзүүлбэрээр бэлдсэн нь сэтгэл догдлуулам байв.  Монголын ирээдүй болсон бяцхан сурагчид тал бүрийн авьяасаар өөрсдийгөө хөгжүүлж эрдэмтэн багш нарын зааж зөвлөснөөр Зав хүүхэд болж төлөвшиж байгаа нь харагдаж байлаа.

   Ойн арга хэмжээний бас нэгэн оргил үе бол шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа байв. Шагналыг уригдан ирсэн хүндэт зочид гардуулан өглөө. Энэ үеэр “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, Орхон аймгийн ИТХ-ын “Хүндэт жуух бичиг”, Орхон аймгийн ИТХ-ын “Иргэний төлөө” медаль, Орхон аймгийн Засаг даргын “Жуух бичиг”, “Багшийн гавьяа” одон, БСУГ-ын Арга зүйч тэмдэг, Ахлах багш цол, “Багшийн алдар” медаль, БСШУСЯ-ны Жуух бичиг болон Баян-Өндөр сумын Засаг даргын “Жуух бичиг”, Хүндэт тэмдэг, Орхон аймгийн “Хүндэт тэмдэг” зэрэг шагналаар нийт 53 хүнийг шагнаж урамшуулсан байна.

            ТҮҮХИЙН ХУУДАСНАА

Анх 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 70 багш, 28 ажиллагсад, 41 бүлэгт 1650 суралцагчтайгаар Орхон аймгийн V-р сургууль нэртэйгээр байгуулагдаж сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхлүүлснээр 30 дахь намартайгаа золгож байна.

2002 онд Орхон аймгийн Засаг даргын 07-р сарын 05-ны өдрийн А/251 тоот захирамуаар 5,11,13-р сургуулиуд нэгдэж “Орхон” цогцолбор сургууль хэмээн нэрлэгдэх болсон.

1988-2017 онд 30 удаагийн төгсөлтөөр 255 бүлгийн 14410 сурагчид суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэн төгсгөжээ.

2017 онд сургуулиудын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсноор “Орхон” цогцолбор сургууль Ерөнхий боловсролын 5-дугаар сургууль нэртэй болж 1-12 ангитай бие даасан бүрэн дунд сургуулийн хэв шинжтэй үйл ажиллагаа явуулж байна.
2017-2018 оны хичээлийн жилд бага ангийн 25 бүлэгт 1123, дунд ахлах ангийн 21 бүлэгт 746 сурагч, нийт 46 бүлэгт 1869 суралцагчтай, 108 багш, 27 ажилтан ажиллагсадтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явагдаж байна.

Орхон аймгийн Баян-Өндөр сумаар овоглосон 5-р сургуулиас Дэлхийн аварга-5, Гавьяат багш-5, ОУХМ-13, спортын мастер-35, Улсын аваргын алт, мөнгө, хүрэл медальтан 40 гаруй, улсын олимпиадад давхардсан тоогоор 62 багш оролцож 27 медальтан, 50 гаруй сурагч амжилттай оролцож 21 медальтан төрөн гарсан.

30 жилийн ойг тохиолдуулан 5-р сургуулийн төгсөгчид сургуульдаа зориулан хөшөө дурсгал босгож байгаа явдал нь түүхэнд тэмдэглэгдэн үлдэх чухал үйл явдал байв. Тус сургуулийн 1989 оны анхны төгсөгчид Соёмбот хөшөө босгосон бол ойн арга хэмжээний нээлтийн үеэр бас нэгэн хөшөөний нээлт боллоо. Энэхүү хөшөөг А.Дугармаа багштай 1998-1990 оны төгсөгчид санаачлан, Р.Цэрэндорж багшийн ангийнхан дэмжлэг үзүүлэн ийнхүү төрөлх 30 жилийн ойд зориулан сүндэрлүүлжээ.

2
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.