Д.ОЧИРБАТ: Бид онцгой даалгаварт ажил гүйцэтгэлээ

0

“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын А/571 тоот тушаалаар Эргэлтийн усны ган хоолой суурилуулах онцгой даалгаврыг хэрхэн биелүүлсэн талаар Техникийн хэлтсийн тэргүүлэх мэргэжилтэн Д.Очирбатаас тодрууллаа.

Эргэлтийн усны шугам хоолойд хэдийд гэмтэл гарсан бэ?
Баяжуулах үйлдвэрийн эргэлтийн ус нөөцлөх 2х10000 м3 эзэлхүүнтэй усан сангаас гарсан хуванцар хоолойд наймдугаар сарын эхээр гэмтэл гарсан. Үүнийг зассан ч үр дүн гараагүй, ус алдах нь улам нэмэгдсэн. Ингээд үйлдвэрийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор ажлын хэсэг байгуулагдан, GRE хос шугамын нэгийг 136 метр ган хоолойгоор сольж суурилуулах онцгой даалгаварт ажлыг гүйцэтгэсэн.

GRE шугам нь хуванцар уу?
Шилээр хүчитгэсэн хуванцар хоолой. Шинээр суурилуулж буй ган хоолой 12 мм-ийн зузаантай 1000, 1200-ийн голчтой.

Энэ шугам хоолой ямар шалтгаанаар гэмтсэн бэ?
Энэхүү шугамыг өнгөрсөн оны наймдугаар сарын нэгэнд Престиж инженеринг компани суурилуулан хүлээлгэн өгсөн байдаг. Гурван жилийн баталгаатай, хүлээж авснаас жилийн дараа эвдэрсэн. Үүнийг ямар шалтгаанаар эвдэрснийг улсын Мэргэжлийн хяналтын газар шалгаж байгаа гэсэн.

Ган хоолой суурилуулах  ажлыг “Эрдэнэт” үйлдвэр дангаараа хийсэн үү?
Газар шорооны эхний буюу шуудуу ухах, ган хоолойг зэврэлтээс хамгаалах ажлыг Престиж инженеринг компани гүйцэтгэсэн. Ган хоолойг угсарсны дараа зэврэлтээс хамгаалах зорилгоор бүх ган хоолойд хоёр үе “параймер” шингэн хар тос түрхэж хатаасны дараа цавуутай полиэтилэн пленкоор ороосон. GRE хоолойг ган хоолойгоор сольж угсрах, тохируулах газар шорооны хучиж булах ажлыг “Эрдэнэт” үйлдвэр өөрийн хүч хөрөнгөөр гүйцэтгэсэн. Баяжуулах үйлдвэрийн нөөц материалаас ган хоолойг авч  хэрэглэсэн.

Энэ  ажлын хүрээнд ямар ажил гүйцэтгэсэн бэ?
Бид төлөвлөгөө гарган ажиллаж Престиж инженеринг компани, “Эрдэнэт” үйлдвэрийн Төслийн менежмент, Геологи маркшейдерийн хэлтсийн  зураг төслийн дагуу бүх ажлыг гүйцэтгэсэн.  Ган хоолой суурилуулах, угсрах ажлыг Засвар монтажийн цехийн Ү.Батчулуун мастертай, Д.Бямбадорж бригадын даргатай 10 ажилчин чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн. Тэд хичээл зүтгэлтэй ажиллаж, төлөвлөснөөс гурав хоногийн өмнө угсралт буюу гагнах ажлыг гүйцэтгэсэн. Гагнуурын чанарыг Механикийн хэлтсийн гагнуурын лабораториор шалгуулж, баталгаажуулсан. Есдүгээр сарын 13-наас 10-р сарын хоёрон хүртэл туршилтын ажил явагдсан. 10-р сарын хоёронд дахин ажлын хэсэг хуралдаж, ган хоолойг булах газар шорооны ажил эхэлсэн. Цаг агаар хүндрэх төлөвтэй байсан тул энэ ажлыг 10-р сарын найманд дуусгахаар шахуу төлөвлөсөн. 10-р сарын гуравнаас зургаан хүртэл бүтэн дөрөв хоног хучих булах ажлыг хийж дуусгасан. Ингээд тэмдэг тэмдэглэгээ хийж, хүлээлгэн өглөө. Газар шорооны ажлыг Авто тээврийн байгууллагын Хүнд механизмын хэсэг, Ил уурхайн техникүүдийг ашигласан.

Энэ ажилд хэр их зардал гарсан бэ?
Урьдчилсан тооцоогоор 210-аад сая төгрөгийн зардал гаргасан.

Та бүхний суурилуулсан хоолой хэдэн жил найдвартай ажиллах вэ?
Гурван жил баталгаатай ажиллана гэж бид үзэж байна.

Энэхүү онцгой даалгаврыг биелүүлэхэд үйлдвэрийн  цехүүдийн олон хүмүүс цаг наргүй ажилласан байх. Энэ талаар?
Энэ нь Баяжуулах үйлдвэрийг эргэлтийн усаар найдвартай хангах, үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой ажил боллоо. Үүнийг хийхгүй бол  баяжуулалтын процесс зогсох аюул тулгарсан. Ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэж, үйлдвэрийн жигд ажиллагааг доголдуулахгүй байх үүргийг бид хүлээсэн. Бид наймдугаар сарын 24-нээс 10-р сарын долоон хүртэл нэг ч өдөр  зогсохгүйгээр, зарим өдөр 12 цагаар ажилласан. Энэ ажилд Засвар монтажийн цех, Засвар механикийн завод, Ил уурхай, Эрчим хүчний цех, Эрчим зүйн, Үйлдвэрлэлийн, Техникийн хэлтэс, АТБ-ын ажиллагчид ажилласан. Манай инженер техникийн олон ажилтан зөвлөлгөө өгч, ажлын талбар дээр өдөр тутмын ажлаар штаб хуралдаж, төлөвлөн шуурхай, нягт ажилласан. Ингэж ажилласнаар олон давуу талтай байсан. Зураг төслийн заримыг зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр өөрчлөн ашигласан. Мөн илүү оновчтой зарим шийдлийг гаргаж хэрэгжүүлсэн. Ийнхүү ажилласны үр дүнд бид энэ ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэлээ. Өдөр тутмын ажиллагаанд 32 хүн оролцсон.

Я.ЭНХТУЯА

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.