ЗАХ ЗЭЭЛД ӨРСӨЛДӨХ “ГАГНУУРЫН ЭЛЕКТРОД” ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ

0
ӨДӨРТ 10 ТОНН ГАГНУУРЫН ЭЛЕКТРОД ҮЙЛДВЭРЛЭНЭ
Уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтад өргөнөөр хэрэглэгддэг гагнуурын электродын хэрэглээний дийлхэнх хувийг бид импортоор авч байна. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг тогтмол, их хэмжээгээр хэрэглэдэг ”Эрдэнэт үйлдвэр”, “Оюу толгой” гээд томоохон үйлдвэр, аж ахуйн нэжгүүд манай улсад үйл ажиллагаа явуулдаг. Зөвхөн ”Эрдэнэт үйлдвэр” ХХК гэхэд л үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа өдөрт 60 тонн гагнуурын электрод хэрэглэдэг аж. “Эрдэнэт-Шинжлэх ухаан технологийн парк”-ын эрдэмтэд энэ хэрэгцээг олж харснаар олон улсын ISO 9007:2008 стандартын шаардлагад нийцсэн олон төрлийн ган, нерж гагнах гурван нэр төрлийн электродын үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Энэ үйлдвэр нь хоногт 10 тонн гагнуурын электрод үйлдвэрлэх хүчин чадалтай. Нээлтийн ёслолын үеэр ЭШУТП-ын захирал, Ph.D Г.Энхбаяр ярихдаа “Энэ үйлдвэрийн тоног төхөөрөмжийн зардалд орон нутгийн төсвөөс 100 сая төгрөг зарцуулсан. Үүн дээр манай судлаачдын туршилт, судалгаа, зарим төрлийн тоног төхөөрөмжийг шинээр зохион бүтээх ажлуудад 150 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Үйлдвэр өөрийн өртгөө хоёр жилийн дотор нөхнө” гэлээ. Ийнхүү бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхэд бэлэн болсон тул “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гагнуурын электродын хэрэгцээг хангах хүсэлт гаргаад байгаа аж.
ХҮНИЙ БИЕД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ ХҮНД МЕТАЛЛ, ХИМИЙН ЭЛЕМЕНТ ТОДОРХОЙЛОХ ТӨВИЙГ НЭЭЛЭЭ
“Эрдэнэт-Шинжлэх ухаан технологийн парк” нь хими, биологи, нано биотехнологийн лаборатори байгуулах зорилтыг дэвшүүлсэн байна. Үүний хүрээнд “Хүний экологийн төв” буюу химийн лабораторио ашиглалтад орууллаа. Тус төв нь обьект, ус, хөрс, агаар болон бүх төрлийн хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн, эм, эмийн бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний бараа материалаас хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх 22 төрлийн хүнд металл, 5 төрлийн металл бус химийн элементийг тодорхойлох судалгааг хийх юм. Эдгээрээс хүний үс, шүлс, цус, шээсэнд шинжилгээ хийж хүнд металл тодорхойлно. Ингэснээр хүний эрүүл мэндийг хамгаалах, орчны химийн сөрөг нөлөөллийг судалж, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж ЭШУТП-ын судлаачид тайлбарласан юм. Энэ нь үйлдвэр дагсан Эрдэнэт хотод нэн чухал төв гэж үзэж буйгаа нээлтийн ёслолд оролцсон зочид онцолж байлаа.
“Хүний экологийн төв” нь одоогоор судалгаа, шинжилгээний 50 орчим арга, аргачлалыг амжилттай туршаад байгаа гэнэ. Уг төвийг нээхэд орон нутгийн төсвөөс 60 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
                                                                                                    Мэдээллийн төв
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.