Охидын хүчирхийллийн эсрэг хүн бүр нүдээ нээх цаг болжээ

0

Иргэний нийгмийн байгууллагууд ирэх сарын 1-ний өдрийг охидын хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” уриатайгаар зохион байгуулахаар болсон байна. Энэ тухай “Өгөх өдөр Хөдөлгөөн ТББ”, “Лантуун дохио ТББ”-аас мэдээлэл хийлээ. Хөдөлгөөний хүрээнд  “Аав ба охин” аяныг зохиож, мөн хүүхдийг хүчирхийллээс хамгаалах сан байгуулах аж.

Мөн цаашдаа “Нүдээ нээ” үндэсний хөдөлгөөний хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ . Үүнд,

  • Хүүхэд гэх нэг ч заалт ороогүй дэн буудлуудын хууль журамд өөрчлөлт оруулж, хяналтыг сайжруулах. Үүний тулд найман удаагийн тайван жагсаал төлөвлөж бүх нийтийн гарын үсэг цуглуулах ажлыг эхлүүлсэн. Одоогоор 1760 гарын үсэг цуглуулсан байна.
  • Хүүхдийн төлөө амлалт өгсөн “Нүдээ нээ”тэмдэглэгээ бүхий газруудыг олноор бий болгож, хүчирхийллэд өртөх эрсдэлд орсон охид бүсгүйчүүдийг хамгаалах, холбон зуучлах, анхны тусламж үйлчилгээ үзүүлэх цэгүүдтэй болгоход бүх нийтийг уриалах
  • Нийгмийн эрүүлмэнийн үндэсний төвтэй хамтран “Ирээдүйн эцэг эх ” болох өсвөр насны хүүхдүүдэд бэлгийн боловсрол олгох гэр бүлийн боловсрол олгох сургалтуудыг шатлалтай зохион байгуулах.
  • Нийслэл, хөдөө орон нутгийн сэтгүүлчдэд хүүхдийн эрх, хүний наймаа, бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг нийгэмд түгээх сайн муу үр дагаварын талаар сургалт зохион байгуулна.

Энэ талаар “Лантуун дохио ТББ”-ын санаачлагч Ч.Ганжавхлан “Аливаа зүйлд хэмжээ хязгаар тэвчиж болохгүй цэг гэж байдаг. Өнөөдөр Монгол Улсад хүүхдийн хүчирхийлэл гамшгийн хэмжээнд хүрсэн байна. Хамгийн сүүлийн албан ёсны мэдээлэл хэлэхэд ой зургаан сартай хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Энэ хэргийн дараа Хүүхдийн төлөө үндэсний төвийн дарга  дөрвөн настай хүүхэд жил зургаан сар бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна гэж хэлсэн. Энэ нь Монгол Улсад юу болоод байна вэ гэдгийг бодож үзэх хэрэг. Одоогийн байдлаар 298 хүүхэд өөрөөр хэлбэл долоон анги дүүрэн охид бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна гэдэг үнэхээр аймшигтай. Үүний цаана энэ тоонд ороогүй хэдэн мянган хүүхэд байгаа. Энэ асуудал долоо хоног шуугиад өнгөрдөг сенсаци биш өдөр бүр хүчирхийллийн эсрэг тэмцэх шаардлагатай, нүдээ нээх шаардлагатай. Тууштай, бодит үр дүнг хүссэн тэмцлүүүдийг хүссэн бид аль хэдийн нүдээ нээгээд эхэлчихсэн.

Зочид буудал, гулгаа массажны газруудыг цэгцлэх цаг нь болсон. Энэ газрууд охид бүсгүйчүүдэд хамгийн ээлгүй, аминд нь хүрдэг газар боллоо. Хуулинд өөрчлөлт оруулах хуульчдын баг ажиллаж байгаа. Үүнд, зориулаад гарын үсгүүдийг цуглуулж эхэлсэн. Эхлээд журмаа өөрчилсөн цагт цагдаа хууль ёсны байгууллагатай хамтраад цэгцлэх болно. Баримт хэлэхэд хоёр жилийн өмнө 13 настай охиныг нэг шөнийн дотор гурван зочид буудалд, гурван өөр хүн хүчиндсэн байсан. Яагаад нэг ч буудал нь хориглоод тэр насанд хүрээгүй охиныг оруулахгүй байх арга хэмжээ аваагүй юм бол. Бүх хүнийг энэ хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна.

“Өгөх өдөр ТББ” санаачлагч Б.Баярсайхан “Ямар ч ядуу хүнд савангийн мөнгө олддог л байхгүй юу гэх Тунгалаг ээжийн хэлсэн үг бий. Үнэндээ ядуурлаас болоод үр хүүхдээ хүчиндэж байна гэвэл инээдтэй асуудал , төр засаг нь самуураад, эдийн засаг нь асуудалд орлоо гээд хойд, төрсөн эцэг нь хүүхдээ хүчиндэж байна гэвэл инээдтэй. Яагаад бид нүдээ нээ гэж уриалаад байна гэвэл өнөөдөр манай нийгмийн ухамсрын асуудал нь ялзарчихсан болохоор хэлээд байгаа юм. Өнөөдөр энэ охидын хүчирхийллийн асуудлыг тархины хоосролтойгоо, мөс чанартайгаа холбож үзэх хэрэгтэй. Сошиолд маш замбараагүй оролцож, бие биенийгээ харааж, доромжилж байна. Энэ газар ингэж ярьж суулаа гээд биднийг буруутгах хүндлэлгүй хэн нэгэн компьютерын ард сууж л байгаа. Бид энэ ажлыг хийгээд ямарч цалин авахгүй, авах гэж ч хийгээгүй, хуримлагдах бүх мөнгө шилэн дансаар хүчирхийллийн эсрэг санд хуримтлагдах болно.

Өгөх өдөр хөдөлгөөн ТББ”-ын гишүүн, аавуудын төлөөлөл О.Болдсайхан ” Нэг нас зургаан сартай охин, гурав, дөрөв, 13 настай охин хүчиндүүлж байна шүү дээ. Хүнийхээ үүднээс нэг бодоод үз, сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй. Хэрвээ тэмцэх ёстой шаардлага, асуудал байгаа бол тэр нь бидний хүүхдүүдтэй холбоотой асуудал. Хүмүүс эдгээр мэдээнээс залхчихсан байна. Дахиад л нөгөө нэг сэтгэл эмзэглүүлэхээр хэцүү мэдээлэл явж байна уу би энэнээс хол байя, өөрийгөө чөлөөлье гэж байна. Үнэндээ тийм мэдээ үзээд хэцүү байгаа, сэтгэл чинь өвдөөд байгаа бол одоо зүгээр эр зоригтой байгаад энэ асуудалтай холбоотой бүх мэдэлэлд чих тавиад сэтгэлээ эмзэглүүл гэж хэлмээр байна. Бид ийм арчаагүй, амиа бодсон, хатуурсан, мод шиг баймааргүй байна. Хажуу айлд нь зодоон болж байхад чихээ бөглөөд сууж байна. Энэ хэргүүдийн цаана нь эрэгтэй хүн, эцэг хүн байгаад харамсмаар юм. Эх орон гээд цээжээ дэлдээд гүйдэг мөртлөө яагаад хүүхдийнхээ төлөө дуугарахгүй байгаа юм бэ.

“Нүдээ нээ” хөдөлгөөнд иргэд ямар байр суурьтай оролцох талаар дараах уриалгыг гаргаж байгаа аж. 

Хувь хүн, албан байгууллагын 3 амлалт
  • Би нүдээ нээснээр ямар ч үед, аль ч тохиолдолд хүүхдэд туслахад бэлэн гэдгээ илэрхийлж байна
  • Би нүдээ нээснээр хүүхдийн хүчирхийлэл, эрх зөрчигдсөн тохиолдолтой таарвал сохор хүн мэт зөрөх биш 108 утсанд дуудлага өгч мэдэгдэх, 102 107 утсанд мэдээлэл өгөх болно.
  • Би нүдээ нээснээр сайн аав, сайн хөрш, сайн ах эгч байхыг хүмүүст уриалж нэг ч гэсэн хүнд энэ талаар нөлөөлөх болно.
Жолооч тээврийн хэрэгслийн 3 амлалт
  • Би бол нүдээ нээсэн жолооч тийм учраас би үргэлж суудлын бүсээ зүүх, бас тээвэрлэж яваа хүүхдээ суудлын бүсийг нь зүүлгэх болно.
  • Би бол нүдээ нээсэн жолооч тийм учраас би үргэлж хүүхдийг хүндэлж гарцан дээр тэднийг түрүүлж гаргах болно.
  •  Би бол нүдээ нээсэн жолооч тийм учраас би үргэлж шаардлагагүй тохиолдолд дуут дохиог хэрэглэхгүй байхыг хичээж, авто хөдөлгөөнд соёлтой оролцох болно
Нүдээ нээсэн зочид буудлын 3 амлалт
  • Манайх бол нүдээ нээсэн зочид буудал тийм учраас бид бага насны хүүхэд зочид буудалд орж ирсэн тохиолдолд түүний бичиг баримт, хууль ёсны харгалзагчийг заавал шалгаж сэжигтэй тохиолдол илэрвэл цагдаад мэдэгдэх болно.
  • Манайх бол нүдээ нээсэн зочид буудал тийм учраас бид үргэлж зочид буудалдаа хяналтын камерыг 24 цагаар ажиллуулж, хүүхдийн эсрэг гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх болно.
  • Манайх бол нүдээ нээсэн зочид буудал тийм учраас бид бага насны хүүхдийг садар самуунд уруу татах, бэлгийн мөлжлөг, гулгаа массаж, архи согтууруулах ундаа, мансуурах бодис хэрэглэхийн эсрэг тэмцэх болно.

ITtoim.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.