ЭРДЭНЭТ ХОТОД МЭРГЭЖЛИЙН УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЭД 40 ЖИЛ БОЛЖЭЭ

0

Эрдэнэт хот, Орхон аймагт мэргэжлийн урлагийн байгууллага үүсэж хөгжсөний 40 жилийн ой энэ онд тохиож байна.

Аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас эдгээр байгууллагуудтай хамтран мэргэжлийн урлагийн байгууллага үүсэж хөгжсөний 40 жилийн ойн баярыг өргөн дэлгэр зохион байгуулах гэж байгаа тухайгаа мэдээллээ. Уг үйл ажиллагаа нь энэ сарын 10-нд “Эрдэнэт” дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчдийн “Хайрлан жаргах эх орон” нэртэй бүрэн хэмжээний шинэ уран бүтээлээр нээлтээ хийх юм. Түүнээс гадна Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчид “Хүний хүрэм” драмын жүжгээ олны хүртээл болгох гэнэ. Энэхүү уран бүтээлийн зохиолыг МУСТА П.Батхуяг бичиж, МУСТА Е.Баярмагнай найруулсан бол МУСТА Б.Сайханбаяр зураачаар нь ажиллажээ.
Мөн энэ сарын 11-нд үе үеийн уран бүтээлчдийг хамруулан улаан хивсний ёслол, алтан цом гардуулах ажиллагааг зохион байгуулахаар болсон талаар БСУГ-ын Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Отгонбаатар ярьлаа.
Одоогоос 40 жилийн өмнө Эрдэнэт хотын шанг анхлан татсан илгээлтийн эздийн дунд урлаг, соёлын салбарын боловсон хүчин цөөнгүй байжээ. Тодруулбал, 1977 оноос манай хотод нүүдлийн кино театр, номын сан, гэрэл зурагчин болон  “Ажилчны клуб” ажиллаж эхэлсэн аж. 
Өдгөө аймгийн хэмжээнд Хүүхэд, залуучуудын театр болон Уурхайчин соёлын ордны “Эрдэнэт” дуу, бүжгийн чуулга гэсэн мэргэжлийн урлагийн 2 байгууллагад 140 орчим хүн ажиллаж уран бүтээл туурвидаг. Мөн Соёлын төв дөрөв, Номын төв, Музей, кинотеатр 2, Хөх монгол цогцолбор зэрэг 9 байгууллагад 100 гаруй хүн ажиллаж байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.