СУРАГЧДЫН АВТОБУСНЫ МАРШРУТАД ӨӨРЧЛӨЛТ ОРЖЭЭ

0

Аймгийн Засаг дарга Сурагчдын автобусны маршрутыг шинэчилж, үйлчилгээг нь ямар нэгэн чирэгдэлгүй болгох үүргийг Баян-Өндөр сумын ЗДТГ-т өгсөн. Үүний дагуу тус сумаас Сурагчдын автобусны маршрутад хэд хэдэн өөрчлөлт хийж, батлуулахаар бэлтгэж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл Сурагчдын автобус үйлчилгээг 8 автобус 8 чиглэлд үзүүлдгээс 4 чиглэлд нь өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал ,Вокзалын чиглэлийн эцсийн буудал нь “Эрдэнэт өртөө” байсныг цааш “МО”-ын цэргийн анги хүртэл, Эрдэнэ, Дэнж багийн чиглэлд “Шинэ эцэс” буюу засмал замын төгсгөл хүртэл,  Даваат-Шанд багийн чиглэлийг 17-р сургуулийн хойд талаар, Яргуйт багийн шинэ замаар, “Дөт”, “Хангай”, “Номун далай” дэлгүүрээр тойрч “Наран” цогцолбор сургууль руу  явах зохицуулалт хийсэн талаар тус сумын Засаг даргын орлогч Ц.Одгэрэл мэдээллээ. Харин хот доторх маршрутад ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй байна. Дээрх шинэчлэлтэй танилцсаны дараа Засаг дарга Д.Батлут маршрутыг өөрчлөн батлахаас өмнө хэд хэдэн зүйлд анхаарах хэрэгтэйг санууллаа. Тэрээр хэлсэн үгэндээ “Барилгачдын талбай зэрэг тодорхой цэгүүдэд сурагчдыг бөөнд нь буулгаж байгаа нь хүүхдүүд нийтийн тээвэрт дамжин суух эсвэл хүйтний улиралд алхаж сургуульдаа очих нөхцөл байдлыг бий болгоно. Тиймээс сургууль орчимд хүргэх буюу маршрутыг бүтэн болгох хэрэгтэй” гэсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.