Эрээлж будахаасаа өмнө инженерийн шугам хоолойгоо нягталж үзэх л байж дээ

0

Зууны Манлай бүтээн байгуулалт гэгддэг Эрдэнэт хот 40 жилийн ойн баяраа жил гаруй хугацааны өмнө нижгэр тэмдэглэж зургаан бичил хорооллын орон сууцнууд өнгөө засаж байсан нь саяхан.Гэтэл будаач будаач гэхлээр сахлаа будав гэдэг шиг газар доорх халуун ,хүйтэн усныхаа шугам хоолойн асуудлыг ор тас мартсанаас үүдэн өнөөдөр Эрдэнэт хотын хамгийн сүүлд баригдсан орон сууцны хороолол бүхэлдээ усгүй зутруухан хэд хонож байна.

41 ЖИЛИЙН НҮҮР ҮЗСЭН ШУГАМ ХООЛОЙНУУД ЭХНЭЭСЭЭ ЗАДАРЧ ИРГЭД ЗУТАРЧ ЭХЭЛЛЭЭБурууг бусдаас хайх бус цаг хугацааны ажлыг цаг тухай бүрт нь шийдвэрлэдэг, олж хардаг удирдлага энэ салбарыг удирдаж байсан бол ус дулаанд болж орон сууцанд амьдардаг оршин суугчид орцны үүднээс усны машинаас өнөөдөр усаа татахгүй байлаа.

Бодлого зангидаж том хотыг авч явна гэдэг нүсэр том ажил ч  намын татаасаар дарга сэтэр зүүсэн сэхээтэнүүд инженерийн шугам сүлжээ хотоо хөлдөөхгүй байх, амь таслахгүй байх арга хэмжээг үеийн үед өвлүүлэн урьдчилан сэргийлдэг байсан бол дүн өвлийн хүйтнээр дөнгүүлэхгүй байсан билээ.Газар доогуур явсан далд шугамын хаана нь хэзээ цоорч ,хүүхдийн зулайнаас нимгэн болсон труба задрахыг та бид байтугай Бурхан ч өнөөдөр мэдэхээргүй болсон байна .

Дүүрэн жаргалтай хот тогос шиг тодоор гоёсон байлаа ч тоогүй гэнэтийн гэмтэл задралууд ар араасаа гарах төлөвтэй болсон нь ил боллоо. Гэнэтийн явдал цочроо өгдөг болохоор одоогийн Нутгийн удирдлагууд шаварт унасан шарын эзэн гэдэг шиг ундны ус иргэддээ өөрсддөө зөөх нь холгүй байгаад ундууцсан иргэд багахан ч гэсэн тайвшираад байна гэж ярьж байна . Харин гэнэтийн энэ зардал мөнгө хэдэн саяаараа гарч ,аймаг орон нутагт ямар хүндрэл үүсэж байгааг мэдэшгүй юм. 30 тэрбум төгрөгөөр байшингаа эрээлж будахаасаа өмнө инженерийн  шугам хоолойгоо нягталж үзэх л байж дээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.