ЭРДЭНЭТИЙН ЗОХИОЛЧ “БОЛОР ЦОМ” ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН ТЭРГҮҮН ДЭД БАЙРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

0

Эрдэнэт хот байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын оюун санаа, сэтгэлгээний соёлын томоохон төв байсаар ирсэн. Ялангуяа утга зохиолын салбарын ноён оргилууд болох Нямбуугийн Нямдорж, Далайн Найманжин тэргүүтэй зохиолчид энэ хотод ажиллаж, амьдран уран бүтээлээ туурвисаар ирсэн түүхтэй.

Тэгвэл Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж гуайн санаачилсан “Болор цом” найргийн наадамд Орхон аймгийн зохиолч амжилттай оролцоод ирлээ.

Өмнө нь нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдаж ирсэн “Болор цом” яруу найргийн наадмын 25 дахь удаагийнхыг нь 10 жилийн өмнө анх удаа хөдөө орон нутагт буюу өөрийн аймагтаа амжилттай зохион байгуулж байсан түүхтэй. Тэрхүү найргийн наадамд МЗЭ-ийн шагналт яруу найрагч Дүгэрийн Отгонбаяр тусгай байрын шагнал хүртэж байсан.

Энэ жил 35 дахь удаагийн “Болор цом” наадам Чадраабалын Лодойдамбын 100 насны ойг тохиолдуулан Говь-Алтай аймагт зохион байгуулагдсан. Энэхүү наадамд, Гомбын Сэр-Одын шагналт яруу найрагч Хандхүүгийн Нямхишиг оролцож тэргүүн дэд байрын шагналыг хүртээд өнөөдөр Орхон аймагтаа хүрэлцэн ирлээ.
Орхон аймгийнхаа нэр алдарын утга зохиолын тавцанд өндөрт өргөж яваа яруу найрагч Х.Нямхишигийн амжилт бүтээлийг үнэлэн өнөөдөр Орхон аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Соёлын зөвлөлийн дарга А.Түвшинжаргал ЗДТГ-ын Ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзан өргөө цагаан гэр, уран бүтээлийн нэг номыг нь хэвлүүлэх эрхийн бичиг гардуулан өгөв.
Х.Нямхишиг 4 ном хэвлүүлсэн бөгөөд 2017 онд “Алхах бүрт элс нурна” шилдэг эсээний түүврээ хэвлүүлсэн юм. Ийнхүү оюун санаа, сэтгэлгээний уран бүтээлийг Орхон аймгийн удирдлагууд өндөрөөр үнэллээ.

                                                                                         Мэдээллийн төв
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.