ОРХОН АЙМАГТ ЦАГААН ЗУД БОЛЖ БАЙНА

0

Аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор зарим шийдвэрийг гаргалаа.

Хуралдааны эхэнд Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас 2017-2018 өвөлжилтийн нөхцөл байдалд хийсэн судалгааны дүнг танилцуулсан. Үүнд дурдсанаар, Өнгөрсөн сарын байдлаар Баян-Өндөр суманд 34.5 мм цас орсон нь олон жилийн дунджаас 5.3 дахин, Жаргалант суманд 24.8 мм  цас орсон нь олон жилийн дунджаас 4.2 дахин их үзүүлэлт юм. Мөн тус газраас 2 сумын нутаг дэвсгэрт хэд хэдэн цэг сонгон авч хэмжилт хийжээ. Хэмжилтийн дүнг “Ган, зудын нөхцөл байдлыг үнэлэх” тухай Засгийн газрын журмын дагуу үнэлэхэд Орхон аймагт цагаан зудын нөхцөл байдал бий болсон гэж үзсэн байна.
Энэ өвөл аймгийн хэмжээнд 100 орчим мянган  толгой мал өвөлжиж буй. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд малчид 7000 гаруй тонн өвс нөөцөлсөн. Үүнээс гадна аймаг, сумын Аюулгүйн нөөцөд 360 тонн өвс, 130 тонн тэжээл бэлтгэсэн юм.
Онцгой комиссын хуралдааны үеэр Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий хэлэхдээ “Энэ жил хадлангийн гарц муу байсан тул малчдын дийлэнх нь өвсөө худалдаж авсан. Өвөлжилт хүндэрсэн тул бод, бог гэлтгүй бүх мал байнгын тэжээлд орох шинжтэй байна” гэсэн юм.
Тиймээс жил бүр 2-р сард гаргаж малчдад олгодог байсан хоёр сумын Аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг ирэх сарын эхээр гаргах шийдвэрийг Онцгой комиссоос гаргалаа. Зах зээлд өвс 7500-9000, тэжээл нэг шуудай нь 13000-15000 төгрөгөөр зарагдаж байгаа. Тэгвэл Аюулгүйн нөөцийн өвсийг 5000, тэжээлийг 8000 төгрөгөөр малчдад олгохоор боллоо.
Аливаа зуд, гамшигт үзэгдлийн үеэр малаас гадна хүний эрүүл мэндэд чухал ач холбогдол өгөх хэрэгтэй. Иймд малчдад шаардлагатай эм, тариа, амин дэм олгох зардлыг “Эрүүл мэндийг дэмжих сан”-аас санхүүжүүлэх асуудлыг судлах чиглэлийг Аймгийн Онцгой комиссын дарга Д.Батлут холбогдох байгууллагуудад өглөө. Түүнээс гадна аймгийн хэмжээнд малчдад туслах аян өрнүүлэхээр шийдвэрлэлээ.
Мэдээллийн төв
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.