Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын иргэд, төрийн алба хаагчидтай хийх уулзалт үргэлжилсээр байна. Өчигдөр Эрүүл мэндийн салбарын байгууллагуудын эмч, эмнэлгийн ажиллагсадтай уулзаж тэдний санал, бодлыг сонслоо.
Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут бүрэн эрхийнхээ хугацаанд хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалахад онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа. Энэ ч утгаараа эрүүл мэндийн салбарт 2017 онд хамгийн их хөрөнгө оруулалтыг хийжээ. Үүнийх нь үр дүн ч хурдан хугацаанд гарч өнгөрсөн жилд манай аймаг эхийн эндэгдэлгүй, нярайн эндэгдлийг 4 дахин бууруулж чадсан. Мөн эмч нарыг гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдалтыг ч өмнөх жилүүдээс хэд дахин нэмэгдүүлжээ.
Эрүүл мэндийн салбарын 40-өөс дээш насны 525 ажилтнуудаас 76.7 хувь буюу 403 ажиллагсадыг орон нутгийн 16,2 сая төгрөгийн санхүүжилтээр Медипас эмнэлэгт ходоод, улаан хоолойн дуран, дотор, нүд, сонсгол болон биеийн жингийн индекс зэрэг үзүүлэлтээр шинжилгээнд хамруулсан.
Эмч, эмнэлгийн ажилтан 868 хүнийг сүрьеэгийн сорилд хамруулахаар төлөвлөснөөс 81,7 хувь нь хамрагдсаны 132 нь эмч, 275 сувилагч, 157 бусад ажилчид байна. Мөн В, С вирус илрүүлэх шинжилгээнд БОЭТ-ийн 479 эмч ажилчдыг хамруулсан байна.