Аав, хүү гурвуул Монгол Улсын төрийн дээд шагнал авсан анхны тохиолдол Булган аймгаас төрөв

0

Монголын урлагийн “Алтан бурхад”-ын нэгэн алдарт жүжигчин Цагааны Цэгмидийн бага хүү Сити дээд сургуулийн багш, найруулагч, жүжигчин Ц.Төмөрхуягт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолыг олгож энгэрт нь зүүж өглөө. Ерөнхийлөгч энэ цолыг зүүж өгөхдөө “Энэ цол бол Монголын ард түмний хүсэл сэтгэлийн цол юм шүү.

Улам сайхан дүр олныг бүтээгээрэй” хэмээн Монгол төрийн тэргүүний үг сургамжаа хайрлажээ. Ц.Төмөрхуягийн хувьд урлагийн салбарт нийт 30 гаруй жил ажиллаж байгаа Монголын ард түмний хайртай жүжигчдийн нэгэн билээ.

Гавъяат цолоо энгэртээ зүүсний дараа тэрбээр “Ийм үед ижийгээ л их боддог юм байна. Өчигдөр ууцаа чанаж байхад гавъяат болно гэдэг мэдээ сонссон. Энэ шагнал бол Монголын ард түмний минь хүндлэл.

Миний ард түмэн намайг дэмжиж ийм цол хайрлалаа. Би 30 гаруй жил урлагийн тогоонд байхдаа 60 гаруй тайзны бүтээл, 100-аад кинод оролцсон байна. Эрхэм Ерөнхийлөгчийнхөө захиа даалгавар, ард түмнийхээ итгэл сэтгэлийн хариуд хойшид улам сайн ажиллах эрч хүч урам зориг минь сэргэлээ” гэсэн юм. Ийнхүү Монголын урлагийн “Алтан бурхад”-ын нэгэн Цагааны Цэгмидийн Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхуяг хэмээх хоёр гавьяат Монголын урлагт дархлагдлаа.

Анхдагчдын өлгий нутаг Булганаас бас нэгэн анхдагч болох үйл явдал тохиосон нь аав, хүү гурвуул Монгол Улсын төрийн дээд шагналын эзэн болсон явдал боллоо. Алдарт жүжигчин Цагааны Цэгмид (1905 – 1963) нь Монгол Улсын Ардын Жүжигчин цолыг анхлан буюу 1942 онд хүртэж байжээ. Тэрээр 1905 онд Булган аймгийн Сайхан сумын нутаг Хульжийн голын Хөх бууц өвөлжөөнд төрсөн аж.

Түүний том хүү Ц.Төмөрбаатар Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин цолтой. Харин бага хүү Ц.Төмөрхуяг Гавьяат жүжигчин болсноор нэг гэр бүлээс аав, хүү гурвуул төрийн дээд одон хүртсэн анхны тохиолдлын эзэн болжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.