ЭРДЭНЭТИЙН ХОГИЙН ЦЭГТ 5 САЯ ШОО МЕТР ХОГ ХУРИМТЛАГДЖЭЭ

0
Үүнээс өмнө буюу 2011-2015 онд аймгийн хэмжээнд Хог хаягдлын дэд хөтөлбөр хэрэгжсэн. Иймд дээрх дэд хөтөлбөрийг хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх тогтолцоог боловсронгуй болгох, хаягдлын хуримтлал үүсгэхгүй байх, дарж устгах үйл явцыг стандартад нийцүүлэх, хог хаягдал боловсруулах үйлдвэр барих замаар тогтвортой тогтолцоо болгох зорилгоор боловсруулжээ.
“Хог хаягдлын менежментийг сайжруулах” дэд хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа 6 удаагийн хэлэлцүүлгээр 320 иргэн, 31 ААНБайгууллага, 24 багийн Засаг дарга болон мэргэжилтэн, судлаачдын саналыг тусгажээ. Энэ нь 3 зорилт 43 арга хэмжээтэй бөгөөд 2018-2021 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ олон нийтэд хог хаягдлын талаарх боловсрол олгох, бүтэц, зохион байгуулалт, санхүүгийн тогтолцоог бий болгох, Хог хаягдлыг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон эрчим хүч гарган авах зорилтыг дэвшүүлжээ.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийт 5000 иргэн хог хаягдлыг ангилан ялгах, зөв дадал зуршлын талаарх сургалтад хамрагдаж, ангилан ялгах тогтолцоо бий болж, өдөрт 300 тонн хог боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулагдаж, энгийн хог хаягдлын төлбөрийг нэг иргэнээр тооцож, хог ачилт 14 хоног тутамд ачдаг болно гэж дэд хөтөлбөрийг боловсруулсан ажлын хэсгээс үзэж байна. Мөн хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллаж, шаардлагатай цэгүүдийг камерын хяналттай болгох юм байна. Уг дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 4 тэрбум гаруй төгрөг хэрэгтэй аж.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд өдөрт 404 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэн, хогийн нэгдсэн цэгт хаяж байна. Хотын хогийн нэгдсэн цэгийг 1977 оноос хойш ашиглаж одоогоор 80.3 га газарт таван сая шоо метр хог хуримтлагджээ. Гэвч одоогоор хог хаягдлын төлбөрийг нэг өрхөөр тооцож 1000 төгрөг авч байгаа юм. Эрдэнэт хотын 28 мянган өрх, 1300 орчим ААНБ-ын хог хаягдлыг ачиж тээвэрлэх, дарж устгах хариуцдаг Хот тохижуулах газар нь жилд 450 сая төгрөгийн орлого олж, 2 тэрбум орчим төгрөгийг үйл ажиллагаандаа зарцуулж байна.
Мэдээллийн төв 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.