Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Бомян Монгол” ХХК-ийн Ким Сог Мүг нар Эрдэнэт хотын үерийн нэгдсэн далан барих болон инженерийн шугам сүлжээ байгуулах чиглэлд хамтран ажиллахаар “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
2015 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Хотын үерийн хамгаалалтын далан суваг” байгуулах зургийн ажлыг “ЭКОС” компани гүйцэтгэсэн. Харамсалтай нь хөрөнгийн эх үүсвэр шийдэгдээгүй шалтгаанаар өнөөдрийг хүртэл бариагүй юм. Уг зураг төсвийн дагуу хотын хэмжээнд нийтдээ 44.6 км үерийн хамгаалалтын далан хийхэд 22.3 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай юм. Зах зээл дээр барилгын зарим материалын үнэд өөрчлөлт орсонтой холбоотойгоор үүнд өөрчлөлт орох магадлалтай гэдэг дээр талууд байр суурь нэгдсэн. “Бомян Монгол” ХХК-ийн захирал Ким Сог Мүг хэлэхдээ “Өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурснаар Эрдэнэт хотод манай мэргэжилтнүүд ирж судалгаа хийнэ. Үерийн байгууламж, инженерийн шугам сүлжээ барихад шаардлагатай бүх судалгааг хийж, ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байна” гэсэн юм.
Уг “Санамж бичиг”-ийн хүрээнд үерийн далан, инженерийн шугам сүлжээний асуудал шийдэгдэх боломж бүрдэж байна.
Мэдээллийн төв