“ЭКО ХОРООЛОЛ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧЭЭС 4.5 ТЭРБУМ ТӨГРӨГ НЭХЭМЖИЛНЭ

0

Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж “Эко хороолол” төслийг хэрэгжүүлэгч “Монгол дайван” компанийн гэрээний асуудлыг хэлэлцлээ. Зөвлөлийн хурлаас орон сууц баригдаагүй газрыг төрд буцаан авч, төслийн гэрээг шинэчлэхээс гадна гүйцэтгэгч компаниас 4.5 тэрбум төгрөг нэхэмжлэх шийдвэрийг гаргалаа. Учир нь төслийг саатуулсан тал нь хоног тутамд 0.1 хувийн алданги төлөхөөр гэрээнд туссан юм.

2013 оны 3-р сарын 7-нд тухайн үеийн Засаг дарга, “Монгол дайван” компанитай 200 айлын амины орон сууц, нийтийн эзэмшлийн гадна талбайн тохижилтыг хийж гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурснаар уг төсөл эхэлсэн. Ингэснээр Цагаанчулуут багт буюу орон сууцны 8-р хорооллын барилгажилт төлөвлөгдсөн газарт 11.4 га газрыг тус компанид үнэ төлбөргүй олгосон юм.  Газрыг үнэ төлбөргүй өгснөөс гадна төслийн инженерийн шугам сүлжээний зардалд төсвөөс 3.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд буй.
Талуудын байгуулсан гэрээ ёсоор “Эко хороолол” 2014 оны 12-р сарын 1-нд бүрэн дууссан байх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар төсөл 40 хувийн гүйцэтгэлтэй яваа гэх дүгнэлтийг Хот байгуулалт, барилга захиалагчийн албанаас гаргажээ. “Монгол дайван” компани дээрх гүйцэтгэлийн хувийг хүлээн зөвшөөрч байгааг Зөвлөлийн хуралд оролцсон төлөөлөл нь илэрхийлсэн.
Анх төслийг эхлүүлэхдээ 200 айлын амины орон сууц барих ёстой байсан хэдий ч эрх бүхий албан тушаалтан, байгууллагаас шийдвэр гараагүй байхад төлөвлөлтийг өөрчилж 168 болгож бууруулсан асуудал хуралдааны үеэр яригдсан.
Иймд “Эко хороолол” төслийг хугацаанд нь дуусгаагүй, дур мэдэн төлөвлөлтийг өөрчилсөн зэрэг асуудал гарсан тул хэрэгжүүлэгч “Монгол дайван” компаниас 4.5 тэрбум төгрөг нэхэмжлэх шийдвэрийг Засаг даргын зөвлөлөөс гаргалаа.
Мэ
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.