Жорлонгоо өөрчилж чадсан Анхны аймаг болохыг ерөөв

0

Алдарт “Ногоон нүдэн лам”-ын зохиолч Ц.Оюунгэрэл өнгөрсөн оны 11 дүгээр сарын 19-нд “Дэлхийн жорлонгийн өдөр”-ийг тохиолдуулан “Жорлонгоо өөрчилье” гэх номоо нээж байсан.Тус номонд АНУ-ын мушгиа шахагчтай хуурай жорлон, үртэс рүү ялгадсаа унагаж, хутгадаг жорлон, Монголын төмөр савтай хуурайшуулагч жорлон, Шинэ Зеландын иргэний гэртээ байгуулсан энгийн ширэгэн жорлон, Монголын био бордоо нийлүүлэгч жорлон зэргийн тухай өгүүлнэ.

Зохиолч нээлтийнхээ үеэр тус номыг уншсан хүмүүст номны дагуу хэд хэдэн дадлага ажил хийлгэж, юу анхаарах вэ гэдгийг зааж өгөх, ямар технологи сонгох, бизнес эрхлэхэд анхаарах зүйлс, орон нутагт зохион байгуулалтын төлөвлөгөө гаргах гэх мэт практик дадлага ажлуудтай сургалтыг 21 аймагт явуулна хэмээн ярьж байсан. Тэгвэл өнөөдөр түүний яриа бодит ажил болж, “Жорлонгоо өөрчилье” төслийн баг Булган аймагт сүүлийн сургалтаа хийснээр 21 аймагт сургалт явуулах ажил дуусч байна.

“Нутгийн шийдэл” сангийн “Жорлонгоо өөрчилье” төслийн хүрээнд явагдсан энэ удаагийн сургалтанд Булган аймгийн аймаг, орон нутгийн удирдлагууд ач холбогдол өгч, аймгийн засаг дарга З.Батзориг нээлтэнд оролцож үг хэлсэн бөгөөд төрийн захиргааны байгууллагын багийн хөгжил хариуцсан ажилтнууд бүгд хамрагдлаа. Мөн аймгийн төв болон сумдуудаас нийт 105 иргэн оролцсон юм.

Манай улсын нийт айл өрхийн 72 хувь нь нүхэн жорлонтой гэсэн судалгаа байдаг. Тэгвэл Булган аймгийн хувьд 62000 гаруй хүн амтай бөгөөд ихэвчлэн гэр хорооллын айлуудтай, орон сууцны хороолол бараг байдаггүй, бараг 90-ээд хувь нь нүхэн жорлонтой ажээ.

Тус аймгийн нэг давуу тал нь цэвэрлэх байгууламжтай болж байгаа ба ингэснээр одоогийн нүхэн жорлонгоо орчин үеийн боловсон жорлон болгож өөрчлөх боломж илүү нэмэгдэх юм байна. Мөн сургалтанд хамрагдагсдын дунд тус аймгийг “Нутаг дэвсгэрийн хэмжээ ихтэй учраас Байгаль орчны яамнаас хөрөнгө оруулалт их тавигддаг. Тэр хөрөнгө оруулалтаасаа аймгийнхаа төвийн айл өрхүүдийг боловсон, орчин үеийн жорлонтой болгох боломжтой.” хэмээн ярих иргэд ч байлаа.

Сургалтанд оролцогчид жорлонгийн хувьсгал хийхэд иргэдийн хандлага, сэтгэлгээний өөрчлөлт хамгийн чухал гэдгийг Р.Эрдэнэбүрэнгийн ярианаас ойлгосон биз ээ.

Р.Эрдэнэбүрэн 2014 онд Дундговь аймгийн Гурвансайхан сумын Нутгийн зөвлөлийн даргаар сонгогдож, сумаа шинэчлэх хөдөлгөөн өрнүүлсэн бөгөөд одоо ч тус шинэчлэл үргэлжилсээр байгаа. Түүний ажилласан Гурвансайхан сум нь 2900 хүнтэй, төвдөө 300-аас 400 жижиг сум ажээ. Эхэндээ Р.Эрдэнэбүрэн тэргүүтэй залуус Гурвансайхан сумандаа очиж “Сумаа шинэчилье” хэмээн ярихад ойшоох хүн цөөн байсан бөгөөд сумын Соёлын төвд гурав дөрөвхөн хүн ирж, яриаг нь сонссон гэнэ.

Тэрээр “Сумын шинэчлэлийн ажлын маань 70 хувь нь сумынхаа бүх хүний саналыг авч, сумын ерөнхий төлөвлөгөөг гаргах байлаа. Дараа нь бүтээн байгуулалтын ажлыг богино хугацаанд хийж болдог юм билээ” хэмээн ярисан байдаг. Өмнө нь тэр Дундговийн зүүн хэдэн суманд сумын төвийн гэрэлтүүлэг хийх төсөл хэрэгжүүлсэн юм байж. ТИКАгийн санхүүжилтээр зургаан сум, аймгийн төвийг гэрэлтүүлэгтэй болгосон боловч сарын 50-аас 60 мянган төгрөг гэрэлтүүлэгт зараад байна гээд сумын удирдлагууд өнөөх гэрлийг нь унтраачихжээ. Дахиад сар өнгөрөхөд ажилладаггүй гэрлийн шонг зарим нь дэлгүүрийнхээ гадаа авчирсан хэрэг ч гарав. Түүний хэлснээр “Өөрөө шууд гэрэл аваачиж асаасан нь буруу болжээ. Хүмүүсийн хандлага сэтгэлгээг өөрчлөхийн тулд маш их ярих хэрэгтэй юм байна гэсэн бодолтой үлдсэн” гэнэ. Гурван сарын турш амралтын өдөр нутгаа зорьж, сумаа ингэж шинэчилнэ гэж ярьж, хаагуур зам тавих, цэвэрлэх байгууламж, шугам хоолой хаагуур явах, хэний хашаа газарт орох, хаана зүлэг тарих гэх мэтээр төлөвлөлтөө иргэн бүртэй зөвшилцөж чаджээ. Сумын шинэчлэлд дөрвөн тэрбум төгрөг шаардлагатай байв. Сумандаа хөрөнгө оруулагчдын чуулган хийж, шаардлагатай мөнгөө босгож чадсан тэрээр 400 сая төгрөгийг сумын иргэдээсээ бүрдүүлсэн нь хамгийн чухал амжилт байв.

Түүний хэлснээр мөнгөө гаргасан иргэд нутгийн захиргаа болон үйлчилгээ үзүүлсэн компаниудад хяналт тавьж, шаардаж чаддаг гэнэ. Энэ мэтчилэн” Нутгийн шийдэл” сангийн илтгэгч нарын илтгэл сонирхолтой байж ,сургалтанд оролцогчдыг идэвхитэй байлгаж чадлаа.

Сургалтын төгсгөлд нь энэхүү төслийн санаачлагч “Нутгийн шийдэл” сангийн тэргүүн Ц.Оюунгэрэл Булган аймгийг жорлонгоо өөрчилсөн анхдагч аймаг болохыг ерөөлөө.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.