14дүгээр сургуулийн сурагчид энэ хичээлийн жилд улсын олимпиадаас 63 медаль хүртжээ

0

Байгалийн Ухааны Гүнзгийрүүлсэн Сургалттай 14дүгээр сургуулийн сурагчдаас энэ хичээлийн жилд улсын чанартай төрөлжсөн олимпиадуудад 28 хүүхэд нэгдүгээр байр, 13 хүүхэд хоёрдугаар байр, 22 хүүхэд гуравдугаар байр эзэлж, нийтдээ 63 медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ. Энэ талаар өнөөдөр тус сургууль дээр зохион байгуулагдсан “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээний үеэр танилцуулсан юм.

“Нээлттэй хаалганы өдөр”-т эцэг эхийн төлөөлөл болон аймаг сумын иргэдийн хурлын төлөөлөгчид, Боловсрол Соёл Урлагийн Газрын мэргэжилтэн, сургуулийн зөвлөлийн гишүүд, хүүхэд багачууд оролцлоо. Энэ үеэр энэ ажлын зорилго болон үр дүнгийн талаар тус сургуулийн захирал П.Амгалан: “2017-2018 оны хичээлийн жилд манай сургууль “Багш бүрийн ёс зүй хариуцлагаас-хүүхэд бүрийн хөгжил хамгаалал” зорилгын дор нэгдэн ажилласан байгаа. Өнөөдрийн хувьд сонгон, секц, дугуйлангийн тайланг хамгаалуулж, сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргаж, тэдний бүтээлийг худалдаж авах, дэмжих үйл ажиллагааг эцэг эхчүүдийн дунд зохион байгуулж байна. Эндээс харж болох үр дүн бол сургуулийн үйл ажиллагааг нээлттэй, хүртээмжтэйгээр хүргэж байна. Мөн хүүхдүүдийнхээ бүтээлийг танилцуулж, бүх хүүхдүүдээрээ бахархах, эцэг эх болоод энд хүрэлцэн ирсэн бүх хүн хүүхдүүдийн маань амжилт бүтээлээр бахархах сэтгэл төрөөсэй, хүүхдүүдийг маань дэмжээсэй гэдэг зорилгоор явуулж байна.” гэлээ.

Дашрамд дурьдахад, 14 дүгээр сургуулийн хамт олон хүүхдүүдэд олон талын мэдлэг олгож, чадавхжуулах зорилгоор хайчилбар, мэтгэлцээн, эссе бичвэр, англи хэл, орос хэл, герман хэл, уран өд, уран бийр, найрал дуу, бүжиг, сагсан бөмбөг, гар бөмбөг, бадминтон гэх мэт нийт 19 төрлийн сонгон, секц, дугуйлан хичээллүүлдэг байна. Үүнээс гадна герман хэлний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлээд 5 жил болж байгаа ба өнөөдөр математикч хүүхдүүд, байгалийн ухааны төсөл, хүмүүнлэгийн танхимын төслүүдийг, сургалтын орчин ямар түвшинд явж байна вэ гэдгийг эцэг эхчүүдэд танилцуулсан юм.

125
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.