ЕБС-ИУДЫН БҮТЭЭЛЧ ХҮҮХДҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭН БОЛЖ БАЙНА

0

Аймгийн Засаг даргын санаачилгаар XX сургуулийн 50 гаруй сурагчийн шилдэг бүтээлийг орон нутаг худалдан авч аймгийн бэлэг, дурсгалын багцад оруулахаар болсон. Энэ нь сурагчдын бүтээлийг үнэлэх, хүүхдийг багаас нь хэрэглэгч бус үйлдвэрлэгч болох хандлагыг төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм. Үүний хүрээнд ЕБС-иудын бүтээлч хүүхдүүдийн урласан гар урлалын бүтээгдэхүүнүүдийн “Бизнесийн гараа” үзэсгэлэн худалдаа боллоо.

Уг худалдаанд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 13 сургуулийн 300 орчим хүүхдийн 500 гаруй нэр төрлийн бүтээл олон нийтийн хүртээл боллоо. Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал үзэсгэлэн худалдааг нээж хэлсэн үгэндээ “Хүүхдүүдийн бүтээл үнэхээр чанартай, мэдрэмжтэй болжээ. Энэ үйл ажиллагааг цаашид тогтмолжуулах хэрэгтэй гэж үзэж байна. Мөн сурагчдыг гар урлалаар хичээллэхэд хамгийн том үр нөлөө үзүүлж буй технологийн багш нарыг гадаад, дотоодод туршлага судлах ажлыг зохион байгуулна” хэмээн онцоллоо.

Аймгийн хэмжээнд нийтдээ 63 багш дизайн, технологи, дүрслэх урлагийн хичээл заадаг. Одоогоор хайчилбар, уран зураг, эсгий урлал, уран бичлэг зэрэг төрлүүд бусад орон нутгаас илүү хөгжсөн гэж Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн ярилаа. Хамгийн ойрын жишээг дурдахад, Техник технологи, зураг зүйн  улсын олимпиадаас 4-р сургуулийн багш н.Сумъяабат 2-р байр, 14-р сургуулийн сурагч 2-р байр, мөн тус сургуулийн сурагч тусгай байр эзэлсэн амжилтыг үзүүлээд байна.

Дашрамд дурдахад, Аймгийн Засаг дарга санаачлан XX сургуулийн 50 гаруй сурагчийн 135 бүтээлийг 1,3 сая төгрөгөөр үнэлж авсан.
Erdenet.mn
Гэрэл зураг: ETzone.mn
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.