Мексикийн шигшээ баг германчуудыг буулган авч сенсаци дэгдээлээ

0

“Орос-2018” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхнээсээ л маш сонирхолтой үргэлжилж байна. К.Роналдо гайхалтай хет-трик хийж бараг л ганцаараа Испаний шигшээ багтай тэнцсэн бол Л.Месси пенальтаа алдаж Исландын шигшээ багтай тэнцсэн. Тэгвэл энэ удаа бас нэгэн дэлхийн аваргын сенсаци дэгдсэн нь Герман машины доголдол байлаа. Дөрөвхөн жилийн өмнө алтан дагиныг 4 дэх удаагаа өргөж байсан бол ердөө жилийн өмнө ОХУ-д болсон тив хоорондын цомын тэмцээнд торох зүйлгүй түрүүлж байсан германчууд 2018 оны дэлхийн аваргын нээлтийн тоглолтоо Хойд Америкийн төлөөлөл Мексикийн эсрэг хийж 0-1 харьцаатай ялагдал хүлээлээ. Германчууд хамгийн сүүлд 1982 оны ДАШТ-ний нээлтийн тоглолтонд Алжирын шигшээ багт 2-1 харьцаатай хожигдож байжээ.

  • Герман 0-1 Мексик (гоол: И.Лозано 35’)

Улаан хуудас:

Шар хуудас: Т.Мюллер 83’, М.Хуммельс 84’, Э.Морено 40’, Э.Эррера 90’

Герман: М.Нойер, М.Платтенхардт, М.Хуммельс, Ж.Боатенг, Й.Киммих, Т.Кроос, С.Хедира (М.Ройс 60’), Ж.Дракслер, М.Өзил, Т.Мюллер (М.Гомес 83’), Т.Вернер (Ж.Брандт 86’)

Мексик: Г.Очоа, Ж.Гальярдо, Э.Морено, У.Айяла, К.Сальседо, А.Гуардадо (Р.Маркуэс 74’), Э.Эррера, И.Лозано (Р.Хименес 66’), К.Вела (Э.Альварес 58’), М.Лайюн, Х.Эрнандес

Мексикийн шигшээ баг Германы шигшээ багийг түүхэндээ 2 дахь удаагаа, ДАШТ-нд анх удаагаа буулгаж авлаа. Дэлхийн аваргын энэ тоглолтоос өмнө 11 удаа тоглоход 6 удаа Германы шигшээ баг хожсон бол 4 удаа тэнцсэн байдаг. Тэгвэл энэ удаа дэлхийн аваргын эхний тоглолтоо хоёр баг алдарт “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд хийсэн юм.

Тус тоглолтонд германчууд 89 удаа хаалга руу цохисон ч гоол оруулж чадаагүй бол Мексикчүүд 4 цохилт гүйцэтгэсний 1 нь гоол орсон. Тоглолтын 35 дахь минутанд Х.Лозано багийн довтлогч Х.Эрнандесын өгсөн дамжуулалтыг хүлээн авч Германы 2 ч хамгаалагчийг хуурч гоол оруулсан. Х.Лозано шигшээ багийнхаа хожлын гоолыг оруулснаас гадна Мексикийн хаалгач Г.Очоа шилдэг гэдгээ дахин нэг батлан харуулж чадсан.

Харин эсрэгээрээ Германы шигшээ багийн бүх л талаар маш хангалтгүй тоглолтыг үзүүлсэн. Ялангуяа Германы шигшээ багаас жигүүрийн хамгаалалтанд гарсан М.Платтенхардт, Й.Киммих, хагас хамгаалагч С.Хедира, Ж.Дракслер болон залуу довтлогч Т.Вернер нар тун хангалтгүй тоглосон. Энэ нь Мексикийн шигшээ багт хожил авах боломжийг нээж өгсөн. Дараагийн тоглолтоос Германы шигшээ баг хэд хэдэн өөрчлөлтийг хийх хэрэгтэйг сануулсан тоглолт боллоо. Т.Мюллер үзүүрийн довтлогчоор гарч, И.Гюндоган Т.Кроостой хамт талбайд гараад, Ж.Дракслер сэлгээнд сууж М.Ройс гараанд гарах зэрэг өөрчлөлт хийгдэж нөхцөл бүрдээд байна.

Б.БЯ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.