ИЛ УУРХАЙН ДАРГА Б.ОТГОНДАВАА: “ЭРДМИН”, “АЧИТ ИХТ” ШИГ КАТОДЫН ЗЭСИЙН ҮЙЛДВЭРИЙГ БАРИАД ӨӨРСДӨӨ АШИГЛАЯ

0

Ил уурхайгүйгээр “Эрдэнэт” үйлдвэрийн ажлын амжилт, ашиг орлого, үйл хэргийг яахан төсөөлөх билээ. Ил уурхайн гол зорилго, Баяжуулах үйлдвэрийг  чанартай хүдэрээр хангахад оршино. Халуунд халж, хүйтэнд хөрч, хөр цасанд хайрагдан, хүйтэн бороонд норж төдийгөөс өдий хүртэл зүтгэж яваа эл хамт олны ажил үйлс жилээс жилд, оноос онд ололт амжилтаа бататган, үйлдвэрийнхээ 40 жилийн ойгоо ажил хөдөлмөрийн өрнүүн их амжилттай угтаж  байна. Уурхайчин байх сайхан. Хэзээ ч, хаана ч өндөр үнэлэгддэг ажил мэргэжил. Уурхайчин байх урамтай, гэхдээ хүнд хүчир ажил. Б.Отгондаваа даргатай Ил уурхайн хамт олны ажлын амжилт хөдөлмөрийн бүтээмж жилээс жилд өсөн нэмэгдэж, үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд тогтмол биелж иржээ.Ил уурхайн хамт олон 2016 онд 22 сая м3, 2017 онд 23,7 сая м3 уулын цул ачсан бөгөөд  2018 онд 24 сая м3 уулын цул ачих төлөвлөгөөг оны эхнээс биелүүлэн ажиллаж байна.2019 онд 24 сая 500 м3 болно гэж Ил уурхайн ерөнхий инженер Д.Уламмандах хэлж байна. Үйлдвэрийг өргөжүүлэх ойрын болон хэтийн 15 жилийн төлөвлөгөөний дагуу уурхайн хүчин чадал жилээс жилд нэмэгдэн 25,7 сая м3 уулын цул ачих хүртэл нэмэгдэх аж. Гэхдээ дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өндөр байх үед уурхайн хөрс хуулалтын хэмжээг нэмэгдүүлж нээгдсэн болон бэлтгэгдсэн хүдрийн нөөцийг  нэмэгдүүлэх шаардлага байгаа ба уурхайн хүчин чадлыг 27 сая м3 болгох бололцоотой аж. Тэгэхийн тулд эксковаторуудаа, техник технологио зайлшгүй шинэчлэх шаардлагатай байгаа юм хэмээн Ил уурхайн дарга Б.Отгондаваа өгүүлж байна. Ил уурхайн 40 жилийн түүхэнд гараагүй ажлын үзүүлэлт энэ хоёр Горнякын үед тохиох хувьтай байжээ. Уурхайчин, нисгэгч, сэтгүүлч нь ажил мэргэжлийн жагсаалтыг хүндээрээ тэргүүлдэг гэж үздэг. Үүгээрээ бид нэг стандартын хүмүүс.  Тиймээс ч энэ хоёр “Горняк”-тай  ажил хэргийн түвшинд хийсэн ярилцлага маань амжилтаа ч хэлж, асуудлаа ч ярихыг чухалчилсан билээ.   

 

Б.Отгондаваа:  “ЭРДМИН”, “АЧИТ ИХТ” ШИГ КАТОДЫН ЗЭСИЙН ҮЙЛДВЭРИЙГ БАРИАД ӨӨРСДӨӨ АШИГЛАЯ 

– Асуудлыг шийдэж байж амжилтанд хүрдэг. Юуны өмнө танай Ил уурхайн эрчүүдэд болон цөөн тооны хүүхнүүдэд чинь баяр хүргэе. Ажлын бүх үзүүлэлтээрээ танайх үнэхээр сайн ажиллажээ. Амжилт тодорхой, харин асуудалгүй болгоно гэдэг болгож бүтээхийн нэг хэлбэр биз?

–  За баярлалаа.  Бид уурхайн 905 м-ийн үнэмлэхүй өндөртэй ёроолтой байх төслийн дагуу ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор уурхайн баруун урьд, баруун, баруун хойд талын ажлын бус хажууг төслийн эцсийн хязгаарт хүргэх ажлуудыг хийж байна. Баруун хажууд үүссэн хагарал, нурлын аюултай хэсгийг цааш нь ахиулж аюулыг арилгалаа. 2018 оны 1-р сард бид 2 сая 241 мян.м3 уулын цул ачиж урьд онуудад гараагүй амжилтыг гаргалаа. Одоо ажиллаж байгаа эксковаторын паркаар энэ амжилтыг гаргасан нь зохион байгуулалтын ажлыг сайжруулсантай  холбоотой гэж дүгнэж байна. Уурхайчид маань өвлийн хүйтэн үед, хөлдүүстэй мөргөцөгт аюул осолгүйгээр энэ өндөр төлөвлөгөөг биелүүлэн ажилласныг бахархалтайгаар тэмдэглэн хэлье. Уурхайчиддаа баярлалаа.  Хэдийгээр бид асуудлыг  шийдээд явсан ч, ажилд хүндрэл байна уу гэвэл байна.

– Учир юунд байна вэ?

– Учир нь юунд байна гэвэл, Баяжуулах үйлдвэрийг чанартай  хүдрээр  хангах нь бидний  ажлын маань гол үзүүлэлт шүү дээ. Тэгж ч ажиллаж байна. Хүдрийн чанараас хамаарч эхлээд гурван эксковатораас  өгдөг байсан бол одоо таван эксковатораас  өгдөг болчихоод  байна. Энэ бол ахиц, техникийн ашигт үйлийн кофицент жил ирэх тусам өсөж байгаа нь  сайн. Гэхдээ бид өөрсдийн дотоод хүч нөөцийг хөдөлгөөнтэй  зохион байгуулж байж л ийм үр дүнд хүрч байгаа юм шүү яг үнэнээ хэлэхэд. Үүний үр дүнд  нэг хүний хөдөлмөрийн бүтээмж болон  нэг хүнд оногдох цалин ч нэмэгдсэн байгаа. Гол тулгамдаж байгаа  асуудал бол техникийн хуучрал гэдэг аюул байна. Энэ нь юу гэхээр, техникийн элэгдлийг дуусангуут шууд шинээр солих ажлыг  тогтмол үе шаттайгаар хийж явах шаардлагатай байдаг. Энэ ажлын хоцрогдлоос  хамааран техникийн хувьд хүндрэл гараад байна.

–  Энэ нь юунд байна вэ?

–  Энэ нь юунд байна вэ гэхээр, техникийн насжилтаас хамаараад  байна. Ер нь анхнаасаа техникийн бодлого нь зөрөөтэй явж ирсэнд хамаг учир байгаа юмаа.  Яагаад гэвэл комбинатад байдаг  нэг төрлийн техник болох бутлуур, шигшүүр гэхэд л хоёулаа өөр өөр фирмийх байдаг.  Нэг юм нь эвдэрлээ гэхэд л нөгөөдөх нь олддоггүй. Үүнийг  комацу фермын үндсэн диспрютертэй нь  яриад үйлдвэрлэсэн фирм дээр нь очоод олоод ирээчээ гэхэд, хятадаас аваад ирж байна. Тэр нь тэгээд хамгийн хямд.  Гурван жил ажилах ёстой байтал гурван сар ажиллаад нураад унах жишээтэй. Техникийн сэлбэг, нийлүүлэлт чинь уг нь цаанаасаа бодлоготой явах ёстой юм

–  Үйлдвэрийн захиргаа, юм юмандаа хяналт тавиад л их хэмнэлттэй ажиллаад байгаа юм биш үү?

– Юм хяналттай байх нь зөв л дөө. Би үүнийг зөвшөөрч байна. Гэхдээ юм болгоныг зоосны нүхээр хараад байх юм бол энэ ажил чинь явахгүй нээ. Тэгэхээр ядаж цехийн даргад тодорхой хэмжээний эрх мэдэл байх ёстой баймаар байна. Дээр нь техникийн хувьд бид нарыг сонсож шийдэж байхгүй бол болохгүйнээ. Мэдэхгүй, чадахгүй  юмаа мэддэг, чаддагаасаа асууж байж шийдвэрлэе гэж би хэлээд байгаа юм. Энэ мэт ажилд зөрчилдөөд байгаа асуудлуудад шүүмжлэлттэй хандах юм гараад байгаа юмаа.

– Уурхайн ажил Эрдэнэтийн овоо ордын яг хаана нь явагдаж байна вэ?

– Уурхай маань Эрдэнэтийн овоо ордын баруун хойд хэсэг, төвийн хэсэгт  уулын ажил явуулж байгаа бөгөөд төвийн хэсгийн хөрс хуулалтийн ажлыг явуулж байна. Төвийн хэсгээс Баяжуулах үйлдвэрийн чанарын шаардлагыг хангасан  сульфитын хүдэрийг ачаад эхэлбэл, баруун хойд хэсгийг өргөтгөх бололцоо гарч ирнэ. Үүний тулд анхаарлаа төвийн хэсгийн хөрс хуулалтын ажилд хандуулан ажиллаж байна. Бид сульфитын хүдэрт хурдан хүрчихвэл наад үндсэн ордод маань тэлэлт ахиухан явагдаад,  доод талын хэсэгт ирэх ачаалал багасах ёстой юм.

–  Та бүхний сэтгэлийг чилээж байгаа хамгийн гол  асуудал бол овоолгоноос гарсан хүчиллэг ус мөн үү. Энэ чинь яг хэдэн жилийн өмнөөс гараад ирсэн юм бэ?

–  Тиймээ энэ хүчиллэг ус гарч ирсэн нь асуудлын асуудлын асуудал болоод байгаа юмаа. Энэ чинь гарч ирээд тав дахь жилдээ орж байна.

– Энэ хүчиллэг ус гарч ирнэ гэдгийг ер нь анхнаасаа мэдэж байсан уу?

– Энэ чинь төлөвлөгдөөгүй ажил. Угаасаа анхнаасаа ийм юм болно гэдгийг тооцоолоогүй, хэн ч олж хараагүй л байхгүй юу. Анх гарч ирснээс хойш 40.0 мян м3 багтаамжтай хоёр ч том бассейн  барьж ашиглалтанд орууллаа.

– Энэ хүчиллэг ус яг хаанаас яаж гарч ирдэг юм бэ. Энэ нь байгаль орчинд онц аюултай биз дээ?

– Энэ хүчиллэг ус, уурхайгаас гаргасан тодорхой нөхцөлд үр ашигтай  хүдэрийн болон исэлдсэн  хүдэрийн овоолгууд олон жилийн туршид  хур тунадасыг өөртөө шингээж исэлдэлт явагддаг юм. Энэ нь овоолгуудаас шүүрч гарч эхэлсэн нь байгаль орчнийг бохирдуулж, мал амьтанд хохирол үзүүлж эхэлсэн. Тиймээс энэ хүчиллэг усыг тогтоон барих зорилгоор 40 мян м3-ийн багтаамжтай хоёр ширхэг бассейн, 5 мян м3-ийн нэг бассейн барьсан. Бассейны дүүргэлтээс хамааруулан жил бүр  усыг нь шавхаж соруулах ажлыг “Эрдмин” компанитай хамтран ажиллаж байна.  Хүч хөрөнгө, техник шаардсан төлөвлөөгүй ийм ажил гарч ирээд байгаа юмаа. Энэ овоолгуудад байгаа хүдэр маань усанд уусаад байвал, тэнд байгаа зэсийн хэмжээ багасаж, бидний авах ёстой металл маань борооны усанд уусаад байна л гэсэн үг л дээ.

– Одоо тэгээд ямар арга хэмжээ авч байна вэ?

– Жижиг төслийн хүрээнд арга хэмжээ аваад явж байна. Том төсөл ч яригдаж байна. Тухайлбал исэлдсэн хүдрийн зүүн талын овоолог, 14-р овоолог гэдгийг  байгуулаад,  нуруулдан уусгах  технологиор зэсийг нь ялгаж авъя гэж яриад байгаа юм. Яг л “Эрдмин”, “Ачит-Ихт” шиг  катодын зэсийн үйлдвэрийг бариад өөрсдөө ашиглая. Хүн манай юмыг ашиглаад байдаг, бид өөрсдөө болохоор  ашиглаж чадахгүй байна. Тэгэхээр одоо гарах хүдрээ тусад нь овоолоод өөрсдөө явуулъя гэсэн яриа байгаа. Хэрвээ энэ төслөөр үйлдвэр баригдчихвал, бассейнд цугласан усыг тэр үйлдвэр лүүгээ явуулаад байх нь бага ч гэсэн зэсээ ялгаад аваад байх юм. Ер нь бид сулфитын хүдрийг Баяжуулах үйлдвэрийн чанарын шаардлагад нийцүүлж биш, уурхайг тогтвортой олон жил ажиллуулах, ашигт малтмалын ордыг бүрэн ашиглах, уурхайн хүдрийн шинж чанараар хамааруулан  төлөвлөж ажиллах шаардлагатай юм. Тиймээс бид энэ уурхайгаа яаж эвтэйхэн авч явах талаас нь бодох хэрэгтэй. Аль давхарагаас нь зөв ухвал богино хугацаанд  сульфитын хүдэрт хүрэх вэ гэж л бодож төлөвлөж ажиллаж байна.

– Уурхайд мэргэжлийн мэргэшсэн хүмүүс л ажиллах нь мэдээж. Үйлдвэр бол үйлдвэр. Ингэхэд “Чадвар” гэдэг юм аль ч салбарт байхгүй боллоо гэж шүүмлээд байна. Та үүнтэй санал нийлэх үү?

– Үйлдвэрт чадвар гэдэг шалгуур нэн түрүүнд тавигдана. Иргэд шүүжлэлтэй хандаад байгаа нь “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэдэгтэй л холбоотой.  Хуучин үеийн нэг онцлого нь хүний болон иргэний “Чадвар” гэдэг шалгуурт тулгуурлаж байсныг  чи нэхээд байна уу?

– Яг тийм. Тэр үеийн хүний болон иргэний чадвар гэдэг шалгуурын бодит жишээ нь таны аав Балбар агсан. Тухайн үеийн домог болсон цуутай нэдлийн дарга нарын нэг байсан тухай нутгийн буурлууд үгүйлэн  дурсдаг?

– Миний аав Ингэттолгой, Цагаантолгой, одоо энэ Бугат гээд гурвын гурван нэгдэл, САА-г байгуулж хөл дээр нь  тогтоож өгсөн бахархмаар түүхтэй хүн байсныг нутгийн хөгшид хуучилдаг юм. Одоо мэддэг хөгшид цөөхөн үлдэж дээ.  Би эцгээрээ бахархаж явдаг.

– Та бол хоёр тогтолцооны харьцааг сайн муугаар нь мэдэх хэрийн амьдралын туршлагыг мэдэх хүн гэсэн үүднээс л асуугаад байна л даа?

–  Хуучин үеийн нэг онцлого нь хүний болон иргэний “Чадвар” гэдэг шалгуурт тулгуурлаж байсан уу гэвэл, үнэхээр тийм байсан.  Дагнан биш гэхэд дийлэнхдээ тийм бодлого, практик хэрэгжиж байсан гэдгийг миний үеийнхэн болон ахмад үеийхэн мэднэ.

–  Одоо тэгвэл нэг бол нам, нөгөө бол хам.  Хаана ч тэр,  сонгоно уу, томилно уу, ийм л хоёр шалгууртай болжээ. Энэ утгаараа  “Эрдэнэт” үйлдвэрийг улс төрийн асар том амтат бялуу болгож ашиглаж ирсэн нь бараг “хуул” болчихож. Та энэ байдалд ямар байр суурьтай явдаг вэ?

– Шинэ тогтолцоот нийгэмд чадваргүй төр засаг бүх шат дамжлагадаа үүсчихлээ гэж хүн болгон хэлээд байна. За даа үйлдвэрийн бидэнд бол тэр нам энэ тэр ер нь ямар падлий байна гэхсэн.  Ер нь үйлдвэрт ажиллаж байгаа бидэнд намсаад байх юм ерөөсөө байхгүй. Хамгийн гол нь бид юу хүсэж байна гэхээр үйлдвэрлэл тогтвортой, хэл амгүй байгаасай гэж хүсээд байгаа юм. Нэг улс төрийн хүчин ороод ирэхээр, үйлдвэрт ажилладаг улс төрждөг цөөн тооны хүмүүс, энд ч нэг юм болохгүй байна, тэнд ч нэг юм болохгүй байна гээд үймүүлээд эхэлдэг. Энэ нь үйлдвэрийн процест буруугаар нөлөөлөөд эхэлдэг. Энэ улс төржсөн  “Хуйлрал” ганцхан надад ч биш манай үйлдвэрийнхэнд ерөөсөө таалагдахгүй байна. Энэ нь үйлдвэрлэлд их хортой юм даа.Тэгээд аль аль талдаа үл ойлгоцох зөрчил гараад байна. За даа өнөөгийн Монголын  улс төр гэж цэвэр утгаараа байхгүй, байж чадахгүй нь маниас өмнө хэлэгдэж яригдаад улиг болсон зүйл. Тиймээс энэ сэдвийг орхие хоёулаа.

– “Эрдэнэт” үйлдвэр Монгол-Оросын хамтарсан үйлдвэр байлаа. Одоо 100% Үндэсний үйлдвэр болчихлоо. Мэдээж бүх үйл ажиллагаа МУ-ын хууль дүрмийн дагуу явагдана. Жишээ нь үйлдвэрийн зүгээс нээлттэй тендер зарладаг. Энэ тендер их асуудал дагуулдаг тухай цехийн дарга нар ярьж байна?

– Наадах чинь бас л ажил явуулахад хамгийн их асуудал үүсгээд байгаа зүйл.  “Эрдэнэт” үйлдвэр том, тоног төхөөрөмж нь том. Жишээ нь  нэг ширхэг жижиг эд анги гэхэд л 50 сая төгрөгнөөс дээш үнэтэй байдаг юм. Тендер төрийн өмчийн болон худалдаа үйлчилгээ явуулах хуулийн дагуу явагдана.

-Тэгж таарна.

– Тендерийн хууль дүрмээрээ 50 саяас дээш үнэтэй эд анги тендерт хамрагдана. Ингээд тендер 30 хоногийн дотор зарлана. За ингээд тендерт  олон компаниуд саналаа ирүүлнэ. Эндээс нь сонгон шалгаруулалт хийж, өрсөлдүүлнэ. Нэг нь тендерт ялдаг, ялсан нь нийлүүлнэ гэж хэд хоног болно. Нөгөө захиалсан эд анги чинь үйлдвэр дээрээ бэлэн байхгүй байх нь олон. Үйлдвэрлэж байж авчирч таарна. Ингэхээр доод тал нь 150 хоног болдог. Ингээд дараа сард шаардлагатай сэлбэг үндсэндээ 6 сарын дараа манайд ирж байх жишээтэй. Гол асуудал нь тендерт шалгарч чадаагүй компаниуд нь гомдол гаргаж, албаар үймүүлж байгаад өөрийн барааг үнэтэй  шахдаг явдал сүүлийн үед илрээд байна. Ийм юмнууд ажил явуулахад хүндрэл учруулаад байна.

– Үйлдвэр Онцгой обект гэдгээрээ зааг ялгаа баймаар юм бишүү?

–  Энэ талаар Их хурал болон Засгийн газрын агентаг, хэлтсээс ажлын хэсэг гараад ажил хийгдэж байгаа л гэсэн. Тэгвэл яг үйлдвэрийн газар ямар байх ёстой юм. Төрийн болон, төсвийн байгууллага ямар байх юм гэдэг дээр ядахдаа үнийн дүн дээр нь зааг, ялгаа гаргах хэрэгтэй байгаа юм.

Ерөнхий инженер: Жишээ нь подшефник гэхэд л хэмжээ нь яв цав таарч байх ёстой.  Тэгээд заавал хямдахнийг сонгосон байх ёстой гээд байдаг. Тэр нь, үнэндээ таарсан чанар муутай юм ороод ирдэг. Эсвэл дуураймал юм аваад ирдэг. Дундуур нь хугацаа хожсон хутган үймүүлэгчид их байна. Манайд 2017 онд хийгдэх ажил шүүх дээр гацаад одоо болтол хийгдээгүй байна. Одоо ингэсээр байтал өвөл болно. Манайх бол цаг агаарынхаа нөхцөлд ажлаа амжуулдаг онцлогтой. Дулааны улиралд л засвар үйлчилгээгээ хийдэг газар шүүдээ.

\Ил уурхайн дарга бидний яриа завсарлаж, ерөнхий инженер Д.Уламмандах бидний дунд яриа үргэлжлэн өрнөлөө.О.Э\    

 

Д.Уламмандах:  УРД ОНУУДАД ГАРГААГҮЙ АМЖИЛТЫГ ГАРГАЛАА

“Ер нь уул уурхайн ашиглалт явуулж байгаа компаниуд бол ордыг бүрэн дүүрэн нээгээд, нөөцөө бүрэн хаягдалгүйгээр л ашиглах ёстой юм. Газрын хэвлий чинь ард түмний өмч шүү дээ. Энэ баялгыг үр дүнгээр уусгаж хаяж болохгүй. Бид бүрэн дүүрэн ашиглаад, үр өгөөжийг нь ард түмэн хүртэж байх ёстой. Тэрний төлөө л бид явах ёстой. Тэгэхээр манай Эрдэнэтийн орд бол Монголын ард түмэнд, Эрдэнэтчүүдэд  бурхнаас өгчихсөн бэлэг байгаа юм. Хөрс хуулалт асар багатай өндөр уул, уулаа дагасан хүдрийн биет нь уулынхаа хэлбэрээр байж байдаг.  Баруун хойноосоо зүүн урагшаа сунаж тогтсон, хөрс хуулалтын ажил маш багатай, маш өндөр ашигтай ажиллах бололцоотой ийм л орд байгаа юм шүү” хэмээн Ил уурхайн ерөнхий инженер Д.Уламмандах нухацтай хэлж байна. Бидний яриа ч бас амжилтаа хэлж, асуудлаас тойрсонгүй.

 

– Танай Ил уурхайн хамт олон оны эхнээс л   түүхэнд гараагүй том амжилтыг гаргалаа. Ер нь сард хэдэн мянган м3 уулын цул ачих төлөвлөгөөтэй байдаг юм бэ?

–  2018 оны 1-р сард бид 2 сая 241.0 мян м3 уулын цул ачиж урьд онуудад гараагүй амжилтыг гаргалаа. Сард бид 1 сая 950.0м3 уулын цул ачих төлөвлөгөөтэй байсан. Тэгвэл бид төлөвлөгөөгөө 110%-иар биелүүлж ачсан байна. Одоо ажиллаж байгаа эксковаторын паркаар буюу 6 ш ЭКГ-10, маркийн 4 ш Лиебхерр 994 маркийн экскаворуудаар ачсан уулын цулын хэмжээ.Өвлийн хүйтэн улирал ид дундаа, мөргөцөгүүдэд хөлдүүс гараад эхэлчихсэн, өдрийн гэгээтэй цаг багассан гээд ажиллах нөхцөл хүндэрсэн  ийм үед, үнэндээ бахархамаар амжилт шүү. Энэ бол үйлдвэрийнхээ 40 жилийн ойд  барьж байгаа том амжилт гэж бид үзэж байгаа.

 – Энэ амжилтаа цаашид бататгаад явах бололцоо байгаа юу?

– Бид нэг сард хөлдүүстэй үед ингэж ачсан юм чинь цаашдаа энэ амжилтаа бататгаад явах боломж харагдаад байгаа юм.

– Уурхайн ёроолыг анх хэдэн метертэй хийсэн  юм бэ? Яагаад тэлэх шаардлагатай болсон бэ?

–  Анх Оросын “Гидроцветмет” нэгдлийн институдын хийсэн проектоор бол уурхайн ёроолыг 1040 метертэй байхаар тооцож хийсэн байдаг юм. Бид энэ хэмжээгээр уурхайн ажлыг эхлээд явж байсан. Дараа нь нөөц өссөнтэй холбоотойгоор дахин ТЭЗҮ хийсэн. Энүүгээр 905 м-ийн ёроолтой уурхайн төслөөр ажиллаж эхэлсэнтэй холбоотойгоор уурхайн хилийг өргөтгөх ажил эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар уурхайн баруун урьд, баруун, баруун хойд талын ажлын хажууг өргөтгөх ажлууд хийгдэж байна.

– Уурхайн ажлын хажуугийн тэлэлтийн ажил ямар түвшинд явж байна вэ?

– Өнгөрсөн 2017 он, энэ оны эхний таван сарын байдлаар бид нар баруун талаа, эцсийн хязгаарт нь тулгачихлаа. Баруун урьд талаа тулгачихлаа. Хойд талын ажлууд тулаад явж байна. Үндсэндээ баруун,  хойд талууд болчихсон гэж үзэж байгаа. Одоо хойд тал, урьд тал, зүүн талын ажлын хажуугаа хөдөлгөж тэлэх шаардлагууд байгаа. Энэ ажлыг богино хугацаанд амжуулахын  тулд бид нар хөрс хуулалтаа нэмэгдүүлэх шаардлагатай болоод байгаа юм.

– За.

–  Хөрс хуулалт нэмэгдээд ирэхээр отвалууд урагшаа хөгжөөд уурхай гүнзгийрэх тусам тээвэрлэлтийн зай гэдэг юм өсдөг. Ил уурхайн уулын цул тээвэрлэлтийн зардал, уурхайн зардлын  50 хувийг эзэлдэг юм. Тэгэхээр бид нар зардал хэмнэхийн тулд аль болох зайг богинохон байлгах хэрэгтэй. Үүнтэй холбогдож, мөчлөг урсгалт тээврийн технологи гэж юм яригдаад байгаа юм.

– Тэр нь яадаг юм?

– Конеиверын тээврийг хэлж байгаа юм. Хэрвээ бид кониевер тавьж чадвал одоо байгаа зайгаа 2,5 км багасгах юм. Ингээд бид богино зайд уулын цулаа  зөөгөөд эхэлбэл хөрс хуулалтийнхаа ажлыг эрс нэмэгдүүлэх бололцоотой болно. За энэ ажил хэрэгжээд хийгдээд эхэлбэл дээрх асуудлууд багасаад явчих юм.

– Уул геологийн нөхцөл хүндэрч байгаа юм байна. Дороосоо устай болж байна. Хүдрийн агуулга буураад байгаа юм байна гэж ойлголоо?

– Бидэнд хамгийн их аюул дагуулж байгаа зүйл бол хүдрийн дундаж агуулга жилээс жилд буурч байгаа явдал юм. Хүдрийн дундаж агуулга буурнаа гэдэг чинь үйлдвэр,  комбинат ашигтай ажиллахад эрсдэл гарч ирдэг юм. Энэ эрсдэлээс гарахын тулд бид яах ёстой юм гэхээр үйлдвэрлэлээ нэмнэ гэсэн үг.

– Баяжуулах үйлдвэр дээр үйлдвэрлэлээ нэмнэ гээд л яриад байдаг. Гэтэл уг чанартаа танайх үйлдвэрлэлээ нэмсэн цагт, Баяжуулах үйлдвэр ашигтай ажиллах юм байна гэж ойлгогдож байна?

– Тиймээ та зөв ойлгож байна. Баяжуулах фабрик дээр үйлдвэрлэлээ нэмнээ гээд яриад байгаа нь   Ил уурхай дээрх үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг өсгөнөө гэсэн үг. Үүнийг хийхийн тулд маш том тооцоо хийх ёстой юм. Тэр тооцоог хийсний үндсэн дээр бид үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг хэд хүртэл өсгөж чадах вэ гэдэг асуудал яригдана. Одоохондоо 35-40 сая хүргэчихъе гэсэн яриа явагдаж байгаа. Ингэхийн тулд бид ашигтай ажиллах янз бүрийн тооцоо хийж үзэж байна. Хэрэв түрүүний миний дурьдсан хөрс хуулалтийнхаа ажлыг аль болохоор нэмэгдүүлээд, уурхайгаа тэлээд өгчихвөл, Баяжуулах үйлдвэртээ  30, 40 саяыг өгөх ажлын талбайтай, хүдрийн нөөц нээгдчихнэ гэсэн үг.

– Судалгаа тооцоо танай инженерүүд хийж байгаа биз дээ?

– Манайхан  нарийн судалгаа тооцоо хийж л байна л даа. Ер нь үйлдвэрийн ойрын болон хэтийн төлөвлөлтийн төлөвлөгөө бол гарчихсан. Дээр миний хэлсэнчлэн Баяжуулах үйлдвэрийнхээ хүчин чадлыг өсгөнө гэвэл, урьдчилж ил уурхай дээр, дээрх ажлуудыг амжиж хийсэн байх ёстой. Тэгж байж үйлдвэр найдвартай ажиллагаагаар хангагдана.

– Геологи хайгууллын ажил ямар үр дүнтэй явагдаж байгаа вэ?

– Геологи хайгуулийн ажил ч маш сайн явагдаж байгаа. Ер нь сүүлийн хоёр жилд бид  геологи хайгуулийнхаа зардлыг өсгөсөн.  Энэ ажлын үр дүнгээр, хүдрийн нөөц өсөх магадлалууд гарч байна. Хайгуулын ажил бүрэн дууссаны дараа тодорхой яригдана. Ер нь энэ уурхай  40 жил ажилланаа гээд яригдаж байсан бол нөөц өссөнөөр 60 жилийн хугацаатай болж байна.

– Геологийн ажил хэзээ дуусах вэ?

– Хоёр жилээс дуусна.

–  “Эрдэнэт”-ийн орд  баруун, зүүн гэсэн хоёр ууланд бий гэж хүмүүс яриад байдаг?

–  Үгүй юмаа. Ордын баруун хойд хэсгийг бид ашиглаж байна. Одоо төвийн хэсэг дээр нь хөрс хуулалтийн ажил хийж байна. Энэ хоёр чинь хоорондоо холбогдоно.

– Энэ хоёр холбогдож байж нэгдсэн нэг том уурхай болно гэж ойлгох уу?

– Тиймээ тэгж ойлго.  Тэгэхээр энэ хоёр нэгдсэнээр илүү том талбайтай болох юм. Тиймээс бид аль болохоор төвийн хэсгийн Баяжуулах үйлдвэрийн чанарын шаардлагыг хангасан сульфитийн хүдрийг нээх ажлыг хурдан хийх шаардлага байгаа. Ингэснээр баруун хойд хэсгийн ажлын хажууг өргөтгөх ажлыг явуулах бололцоотой болно  гэсэн үндэслэлээр төвийн хэсгийн хөрс хуулалтын ажлыг явуулж байна.

Манай үйлдвэр  дэргэд нь диваажин

– 1960-1990 оныхныг Уул уурхайн “Алтан үеийнхэн” гэж хэлдэг. Уурхайн залгамж халаа үе үеэрээ бэлтгэгдээд л явж байгаа юу?

– Тиймээ 1960-1990 оныхныг “Алтан үеийнхэн” гэдэг. Манай Ил уурхайн алтан үеийнхэн болох Д.Адъяа ах, С.Ганжаргал дарга, Ж.Бямбадорж дарга, Б.Отгондаваа дарга  гээд эд яах аргагүй үе үеэрээ  “Алтан үе”-д багтсан кадрууд. Миний үеийхэн 1990-ээд оны дундаас ахмад нь болчихож байна. 2000 оныхон амхадууд болчихсон явж байна. Бид нарыг  уурхайчдын гурав дахь үе  гэж үзэж болно. Өмнөх үеийн ахмад уурхайчдаасаа их зүйлийг сурч, тэднийг дагаж, зөвлөлгөөг нь сонсож хамтран ажиллаж байж өдий зэрэгт хүрсэн гэж боддог. Энэ утгаараа дараа үеээ бэлтгэж байна. Уурхайн залуу хойч үеийг бэлтгэх, сургах ажлууд хийгдэж байна, уурхайд шинэ дэвшилтэт технологиуд нэвтэрч байна. Энэ бүхэнд залуу хойч үеэ орхигдуулахгүй авч явахыг анхааран ажиллаж байна. Ингэснээр уурхайн технологийн ажлын залгамжлал үргэлжлэн явагдана гэж ойлгодог.

 –  Манай “Эрдэнэт” үйлдвэр бусад уурхайтай харьцуулахад давуу тал илүү шүү?

– Манайх давуу тал ихтэй. Давуу тал нь юу гэвэл дэд бүтэцтэй, ажиллах таатай орчин бүрдсэн уурхай юм. Бага-нуур, Шивээ овоо гээд хажуудаа хотхонтой уурхайнууд ажиллах таатай орчин бүрдсэн ч  “Эрдэнэт”-тэй яаж дүйцэхэв дээ.

– Говийн уурхайнууд цалин арай өндөр юмуу даа?

–  Говийн уурхайнуудад  бол арай илүү цалин аваад байгаа юм шиг мөртлөө ажиллах нөхцөл нь хүнд юмаа. Манайхны зарим нь тэднүүс биднээс илүү цалин аваад байна гээд байгаа. Тэнд амрах завгүй 12 цагаар техник зогсоохгүй дамжлага сэлгэж ажилладаг юм. Жишээ нь та 6 цаг машин дээр ажиллаад ядарлаа гэхэд таны оронд өөр хүн суулгаад таныг авто ачигч дээр аваачаад 6 цаг тавьчихна. Манайх бол эксковатарын машинч бол эксковатор дээрээ л байна. Тэгэхэд тэнд эксковатарынхаа машинчийг ч хийж, авто ачигчийнхаа оперотарыг ч хийж байна. Бүх техник дээр универсаль ажиллана. Ингэж зогсоо зайгүй  ажиллаж байж арай ахиу цалин аваад байгаа юмаа. Ажиллах нөхцлийн хувьд бол, манай үйлдвэр  дэргэд нь диваажин л гэсэн үг. Тэнд нүүрсэн дээр ажиллаж байгаа нөхдүүд бол хоёр нүд нь гялалзсан юмнууд л байна. Говийн уурхайнуудад ажиллаж байгаа хүмүүс, авгай хүүхэддээ хэдэн төгрөг явуулаад өөрсдөөс нь зарлага гарахгүй  хуримтлал үүсгэх бололцоо нь арай илүү давуу тал харагдаад байгаа юм.

–  Амьдрал ярихад, “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байгаа залуучууд ихэнх нь банкны зээлтэй байх юм. Ажаад байхад ах нартай өрсөлдөөд л байр, машины зээл зэрэг зэрэг  авчихдаг бололтой. Ах нар бол ах нар, залууст амьдралын туршлага дутаад байдаг юм шиг. Хувийн туршлагаасаа тэдэнд зөвлөмж өг гэвэл юу гэх вэ та?  

– Одоо залуучуудыг зээл гэдэг юмаар аягүй их боомилж байна. Нэг зээл аваад амьдралын зайлшгүй хэрэгцээ гарахаар ахиад зээл авчихдаг. Ингээд хоёр зээлэнд хавчуулагдсан хүн чинь гар дээрээ цалингүй болчихдог. Тэгээд цалингүй хүнд чинь янз бүрийн асуудлууд гараад ирдэг, ядаж байхад ажилд ороод удаагүй, зэрэг багатай хүн бол олигтой цалин авахгүй. Тиймээс залуучууд жаахан тэвчээртэй хандчих ёстой юм. Жаахан хуримтлал үүсгэчих хэрэгтэй. Эхлээд орон байртай болоодох, дараа нь машинаа ав, ингээд амьдрал чинь цэгцрээд ирэх үед хүүхдүүд чинь өсөөд, дээд сургуульд орно гэж тооцоолж аж амьдралаа зохицуулахгүй бол, нэг нэгэнтэйгээ өрсөлдөж зэрэг зэрэг зээл аваад байвал амжихгүй.  Хоёр зээлийн дунд өөрөө ямар ч юмгүй явж байтал хүүхдүүд өсөж сургууль соёл, энэ тэр гээд асуудал үүсээд насаараа өртэй явах болно. Ах нартай адилхан болох гээд бүгдийг  нэг дор зээлээр шийдэж болохгүй гэж л уг нь зөвлөөд байгаа юм.

– Үйлдвэрийнхээ 40 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүдэд танайх хэр оролцоотой явж байна вэ?

–  Манайх үйлдвэрийн 40 жилийн ойн төлөвлөгөө гарган ГОРНЯК, Спорт ордонтой хамтран доорхи ажлуудыг зохион байгуулж байна. Манайх зургаан хэсэгтэй , энэ зургаан хэсгээ дөрвөн груп болгоод тус тусдаа програмтай, хоёр удаа концерт зохион байгууллаа. Залуучуудын авъяас чадвар өссөн байна. Янзын сайхан концерт болж байна. Ил уурхайн цех байгуулагдсаны 40 жилийн ой 10-р сарын 2-нд болно. Тэр үеэр бид энэ урлагынхаа номеруудаар Галла тоглолт хийчих санаа байна. Ажил мэргэжлийн уралдаан явуулах санаа байна. Түрүүлсэн хүнд нь Технологийн сургуультай ярьж байгаад зэргийг нь нэмэх бодол байна.

– Наадах чинь их авууштай санаа юм биш үү?

–  Технологийн сургуулиас яваад байдаг нэг хатуу стандарт  байдаг. Стандарт ч гэж дээ батлагдсан юм байхгүй л дээ. Заавал хоёр жил болж байж зэрэг нэмдэг. Үнэхээр ажлаа хийж чадаж байвал онол, практикаар нь шалгалтыг нь аваад өгөх зэргийг нь өгчих ёстой юм. Ажил мэргэжлийн уралдааныг зэргийг нь нэмэхээр зохион байгуулбал зүгээр юмаа гэж бодоод байна. Гэвч бодохоос цаашгүй л байна.

– Ингэхэд 49%-ийг Монголын талд оруулаад ирсний сайн тал нь юу вэ. Та хоёрын байр суурийг сонсоё

– “Эрдэнэт” үйлдвэр Үндэсний үйлдвэр болсон нь улс эх оронд хэрэгтэй юм. Хуучин хамтарсан үйлдвэр гээд хоёр улсын Засгийн газрын байгуулсан советийн шийдвэрээр үйл ажиллагаагаа явуулж байсан бол одоо Үндэсний үйлдвэр болсноор Монгол Улсын хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Хуучин бүх бичиг баримт орос хэл дээр явагддаг байсан бол одоо бүхнийг шинээр Монгол хэлээр хийж эхэлсэн. Төр, хувийн хэвшлийн хамтарсан байх нь бие биедээ тавих хяналт нь сайжирч илүү үр ашигтай ажиллах бололцоог нээж өгнө гэж харж байна. Гэхдээ үйлдвэрийг тогтвортой, олон жил ашигтай ажиллуулах  талаар шинэ орчин үеийн дэвшилтэт менежменттэй болох хэрэгтэй байх. Хувийн хэвшлийн хяналт байх нь үйлдвэрийг саалийн үнээ гэдэг нэрнээс нь салгах боломж гарах бөгөөд хөөсөрсөн өрийн өртгийг бууруулах, санхүүгийн хариуцлагатай болох зэрэг сайн талууд гарна гэж харж байгаа.

– Б.Отгондаваа: За 49%, хувийн хэвшилд очсоноор ямар давуу тал харагдаад байна вэ гэдгээр харъя. Хувийн хэвшил бол бизнесийн төлөө явна, бизнес бол мэдээж  ашигийн төлөө явна. Ашиг бий болгохын тулд хэмнэлт хийж таарна. Тэгэхээр “Эрдэнэт” үйлдвэрийн ашгаас хумсалдаг, хулгайлдаг, шахаа, авлиг алга болох талтай. Ингэхээр аль аль талдаа хяналттай болж аль аль талынх нь үр ашиг өсөх магадлалтай нь өнөөдрийн үр ашгаар харагдаж байна гэж хэлж болох. Ингээд үр ашиг нь сайжирвал Монгол Улсын төсөвт өгөх татварын хэмжээ цаашид нэмэгдэнэ гэсэн үг. Үүнээс үзвэл үйлдвэрийг өргөжүүлж, үндэсний зэс хайлуулах үйлдвэр барих, экспортыг тэлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх зэрэг эдийн засаг талаасаа эерэг үр дүн дагуулахаар байна. За ийм л бодолтой байна.

– За танай Ил уурхайн хамт олонд 40 жилийн ойн баярын мэндийг хүргэж, улам өндөр ажлын амжилт хүсье.

– За баярлалаа. Танай сайтнаас манай “Горняк”-ууд Үндэсний үзэл санааныхаа бодит үндэслэл, логик философийг мэдлэгтээ нэмэрлэж, урам зоригоо хөгжөөн цэнгэж явдаг шүү гэдгийг хэлье.

– Баярлалаа. За ингээд наадам ч дөхлөө. Сайхан наадаж цэнгээрэй.

  Сэтгүүлч: О.Эрдэнэжаргал

                                                                           2018 он

 

3
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.