Я.Ариунболд: БНСУ-ын виз мэдүүлэхэд хадгаламжийн барьцаа мөнгө шаардахаа больсон

0

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболдтой цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа.  

АНУ-ын ажил олгогчдоос монгол хүн ажилд авъя гэсэн хүсэлт ирүүлээгүй байна  

-АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх H-2A, H-2В хөдөлмөрийн виз мэдүүлэх эрх өнгөрсөн дөрөвдүгээр сард нээгдсэн. АНУ-д ажиллах хүч илгээх үйл явц ямар шатандаа явж байна вэ?  

-Энэ хөтөлбөр нь АНУ-д гадаадын ажиллах хүчин богино хугацаагаар оруулж ирэх зохицуулалт бүхий дотоодын ажил олгогчийн санаачилгаар хэрэгждэг хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарын буюу “Эйч-2Эй” (H-2A), бусад салбарын буюу ”Эйч-2Би (H-2B) гэсэн визийн ангиллаар гадаадаас ажиллах хүч богино хугацаагаар, улирлын чанартай ажил эрхлүүлэхээр оруулж ирдэг. Ажил олгогчийн санаачилгаар хэрэгждэг тул гадаадаас оруулах ажиллах хүчний тоо, аль улсаас авах болон тэдгээрийн замын зардал, эрүүл мэндийн даатгал, орон байрны хангамж зэргийг ажил олгогч нь өөрөө хариуцан хэрэгжүүлдэг.

Манай улсын хувьд энэ оны эхэнд АНУ-д ажиллах хүч илгээх эрхтэй болсон юм. Өөрөөр хэлбэл, энэ хөтөлбөрт хамрагдах эрх нээгдсэн гэсэн үг.

2018 онд гэхэд Н-2В ангиллын хөдөө аж ахуйн бус салбарт  түр ажилчид  авах тоон хязгаарыг 66 мянга гэж тогтоосон. Гэхдээ энэ нь зөвхөн Монгол Улсаас гадна 50 гаруй улсаас авах ажиллах хүчин юм.   Одоогоор АНУ-ын ажил олгогчдоос монгол хүн ажилд авъя гэсэн хүсэлт албан ёсоор ирээгүй байна. Ажиллах хүч авъя гэх үед нь АЙ496 гэдэг анкет бөглүүлнэ. Анкет бөглөсөн хүмүүс нь АНУ-ын Элчин сайдын яаманд мэдүүлгээ өгөх юм.  Бидний зүгээс АНУ-ын ажил олгогчдын анхаарлыг Монгол руу татах, хандуулах, ажиллах хүчин Монголоос авах сонирхлыг бий болгоход анхаарч ажиллаж байна. Вашингтон дахь Монголын Элчин сайдын яам, Элчин сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төлөөлөл, Гадаад харилцааны яамны  Консулын газар хамтран  АНУ-д ажиллах хүмүүсийн эрх зүйн орчин, эрүүл мэндийн даатгалын асуудал гээд бодлогын хувьд зохицуулах ёстой журмууд байгаа юм.

– АНУ-д ажиллах гадаадын ажиллах хүч авах үйл явц ямар үе шаттай хэрэгждэг вэ? 

-Ажил олгогч нь гадаадаас ажиллах хүч авах зөвшөөрлийг АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас авна. Зөвшөөрлийн дагуу Дотоодын аюулгүй байдлын яамны Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-наас баталсан жагсаалтад багтсан орнуудаас ажил хүч авах санал буюу “job offer” өгнө. Ажил олгогч өөрөө ажилчнаа сонгосон тохиолдолд тухайн ажилчинтай, харин зуучлагч компаниудаар дамжуулан ажилчдыг авах бол гэрээ байгуулах замаар хэрэгжүүлнэ.   “Эйч-2Эй” эсвэл “Эйч-2Би” ангиллын визээр ажилчид авах хүсэлтээ Дотоодын аюулгүй байдлын яамны Иргэншил, цагаачлалын албанд гаргана. Ажил олгогчийн хүсэлтийг Дотоодын аюулгүй байдлын яамны Иргэншил, цагаачлалын алба дэмжсэний дараа тухайн улсад суугаа АНУ-ын ЭСЯ-нд мэдэгдэж, ажилчид тухайн ЭСЯ-нд “Эйч-2Эй” эсвэл “Эйч-2Би” ангиллын виз мэдүүлэх эрх нь нээгдэнэ.

Төрийн албан хаагчдын гадаадад зорчих визийг хөнгөлөлттэй болгож, бизнес эрхлэгчдэд олон удаагийн виз олгоно 

-БНСУ-д визгүй зорчих боломжийг судалж байгаа гэсэн. Ер нь гаднын орнуудад зорчих визний хөнгөлөлтийн асуудалд Консулын газраас хэрхэн анхаарал хандуулж, ямар ажлууд төлөвлөж байна вэ? 

-Гадаадын орнуудад зорчих визний нөхцөлийг хөнгөвчлөх, олон удаагийн виз авдаг гэх зэрэг зохицуулалтыг Консулын газраас олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хийж байна.

Тухайлбал, Татвар төлдөг тэргүүний бизнесмэнүүдэд олон удаагийн виз олгох асуудал Европын зарим орнуудад хэрэгжих шатандаа яриа хэлэлцээр хийгээд явж байна. Ингэснээр татвар төлдөг Монголын бизнесмэнүүд Татварын ерөнхий газрын тодорхойлолтоор олон удаагийн виз авах боломжтой болох юм.

Түүнээс гадна 180 мянган төрийн албан хаагч байна, үүний 10 мянга нь дипломат албан паспорттай. 160 мянган төрийн албан хаагчдын визийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгуулах асуудлыг ярьж байна. Солонгос улсын хувьд визний материал бүрдүүлэхэд төрийн албан хаагчдаас барьцаа мөнгө шаарддаггүй болсон байх жишээтэй. Түүнээс гадна Солонгост виз мэдүүлсэн энгийн иргэдэд банкинд хадгаламжтай байх ёстой гэсэн шаардлагыг тавихаа болиод хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна.

Зургаан сарын хугацаанд гадаадад эрх нь зөрчигдсөн 30 мянган монгол иргэний өргөдөл, гомдол ирсэн 

-Хилийн чанадад байгаа иргэдийн эрх ихээр зөрчигддөг гэх асуудал яригддаг. Гадаад амьдарч байгаа иргэдийн эрх ямар асуудлаар ихэвчлэн зөрчигддөг вэ? 

-Монгол Улсын иргэн ч дэлхийн хаана ч амьдарч байсан хил хязгааргүй эрх зүйн туслалцаа авах ёстой. Консулын газрын тавьдаг нэг зорилт нь энэ.

Өнөөдрийн байдлаар гадаадын орнуудад 150 мянган монгол иргэн амьдарч байна. Хилээр зорчсон иргэдийн тоо 2.5 сая орчим байдаг.  Тэдний 1.8 сая нь  Замын Үүдийн боомтоор зорчсон байдаг. Гадаадад 300 орчим монгол иргэн ял эдэлж байна. Ял эдэлж байгаа иргэдийн дийлэнх хувийг хулгай, хар тамхины хэрэг зөрчил эзэлдэг.

Жилийн тайлангаас харахад энэ оны  эхний зургаан сарын байдлаар гадаадад эрх нь зөрчигдсөн 30 мянган монгол иргэний өргөдөл, гомдол манай төлөөлөгчийн газарт ирсэн. Гадаад эрх зөрчигдөж байгаа хүмүүсийн нэлээдгүй хувь нь худалдаа, бизнес эрхэлж байгаад мөнгө төгрөгөө алдсан гомдол, өргөдөл ирдэг. Худалдааны гэрээгээ хийгээгүй, бэлэн бусаар мөнгө авч өгөлцсөн гэх гомдол ирдэг. Түүнээс гадна хөдөлмөр эрхлэх асуудал дээр гарсан маргаантай өргөдөл, гомдлууд ирнэ.

itoim.MN

2
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.