Д.Болд: БНХАУ-ын хил дээр гацсан 80 гаруй иргэдийн асуудлыг шийдэж, хил нэвтрүүлсэн

0

Замын-Үүдэд үүссэн асуудлаас болж, иргэд хохирч БНХАУ-ын хил рүү гарч чадахгүй гацсан асуудал үүссэн. Тодруулбал, БНХАУ-ын талаас манай улсын 17-18 жолоочийн эрхийг хассанаас үүдэж, 30 гаруй жолооч жагсаал цуглаан зохион байгуулж, улмаар хилээр нэвтрэх гэсэн иргэдийг нэвтрүүлэхгүй замыг нь хааж зогсох, хэвтэх зэргээр хөдөлгөөнд нь хууль бусаар саад учруулж, зорчигчидтой маргаан үүсгэсэн байна.

Тиймээс Монгол Улсаас Эрээн хотод суугаа Дэд консул Д.Болд, Г.Төмөрбаатар шуурхай арга хэмжээ авч ажиллаж, БНХАУ-ын хил рүү нэвтэрч чадахгүй гацсан 80 гаруй иргэддээ тусалж, хилээр нэвтрүүлсэн байна.

Энэ талаар Дэд консул Д.Болдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Замын-Үүдээр хил нэвтэрдэг 18 жолоочийн зорчих эрхийг хассанаас болж асуудал үүсчээ. Чухам яг ямар учраас эрхийг нь хассан юм бол?

-БНХАУ-ын хилийн албанаас Эрээн хот руу манай улсаас зорчиж байгаа автомашинуудыг өнгө үзэмж муутай, хүн тээврийн автомашинаар ачаа зөөж зориулалтын бусаар ашигладаг зэрэг зөрчлөө засах шаардлагуудыг тавьж байсан. Энэ нь БНХАУ-ын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, гаалийн тухай хуулийг зөрчиж байгаа тул болиулмаар байна гэж байнга хэлж, ярьж, сануулж, уулзалт бүрт анхааруулж байсан. Асуудлыг ярих болгонд монголын талаас иргэдийнхээ амьжиргааг дэмжих үүднээс орлого олоход нь дэмжээч ээ, эдгээр машинуудыг хил нэвтрүүлээч ээ гэж гуйсаар ирсэн. Тэгээд дөрөвдүгээр сарын 24-ний өдрөөс Эрээний боомт хилээр гарах УАЗ-469 машиныг шалгаж, стандарт шаардлагыг тавьж эхэлсэн. Тэр шаардлагыг 1000 гаруй жолооч хүлээж аваад явж байсан. Харин шаардлагыг удаа дараа зөрчиж, сануулсаар байхад зөрчил гаргасан 60 ширхэг УАЗ-469-ийн БНХАУ-ын талаас хассан. Гэтэл эдгээр жолооч нийлээд нар жагсаал цуглаан зохион байгуулж, асуудал үүсгэлээ. БНХАУ-ын талаас ерөөсөө журмаа дага. Хүн тээвэрлэдэг автомашинаар л хүнээ л тээвэрлэ. Ачаа зөөхдөө хэтэрхий их даац хэтрүүлж байна гэдэг шаардлагыг л тавиад байна. Уг нь бол Эрээн-Улаанбаатарын хооронд автобус явдаг. Эрээн рүү карго ч гардаг. Тэгэхээр энэ бүх зүйлийг ашиглаад асуудал гаргахгүй явах боломжтой байгаа юм.

-Эрээний консулын газраас шуурхай арга хэмжээ авч, иргэдээ гаргасан байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Замын-Үүдийн ЗДТГ-ын албан тушаалтнуудтай холбогдож нөхцөл байдлыг тодруулсан. БНХАУ-ын хилийн боомт цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж байгаа. Монголоос машин орохыг хаасан болохоос Эрээнээс гарч байгаа машиныг асуудалгүй гаргаж байна. Мөн БНХАУ-ын Дотоодын яамнаас өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс гадаад зорчигч ихтэй их замын боомтууд дээр хурууны хээ авч байгаа. Үүнтэй холбоотойгоор боомтуудад түгжрэл гарсан. Өчигдрийн хувьд 120 гаруй хүн хил нэвтрэх гэсэн чадахгүй байна. Билет үхчихлээ гэж манай консулын газарт гомдол гаргасан. Энэ дагуу хүмүүсийг хүлээн авч уулзаад асуудлыг нь шийдвэрлэсэн.

Zaluu.com

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.