Өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баяр тохиож байна. Энэ өдрийг Монгол Улс 66 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд энэ онд “Эрдэнэтийн хүүхдүүд Эрдэнэтийн бахархал” нэрийн дор тэмдэглэн өнгөрүүлэх юм. Аймгийн хэмжээнд энэ өдөр А.Амарын талбайд “Эрдэнэтийн хүүхдүүд Эрдэнэтийн бахархал” өдөрлөг болж байна. Өдөрлөгийн нээлтэнд АИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал Д.Дэлгэрбаяр тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.
Энэ үеэр Аймгийн Засаг дарга Л.Батлут хүүхэд, багачуудад хандаж хэлсэн үгэндээ “Бид хүүхэд та бүхний өмнө тулгарч буй аливаа эрсдэлийг бууруулах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин, нөхцөлийг бүрдүүлэх, язгуур эрх ашгийг хамгаалахын төлөө орон нутгийн бодлого, шийдвэрээ чиглүүлж байна.
Үүний хүрээнд Орхон аймгийн Засаг даргын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд Гэр бүл, хүүхэд, залуучуудад чиглэсэн олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлэх бөгөөд үүний нэг нь хүүхдийн эрх, хөгжил, хамгааллыг сайжруулах, хүүхэд, гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, аймаг, сум, багийн “Хүүхдийн төлөө зөвлөл”-ийн үйл ажиллагааг сайжруулан тогтмолжуулах, “Хүүхэд хамгааллын байр” байгуулах бодлого, шийдвэрээ чиглүүлэн ажиллаж байна” гэлээ.