Орос, Хорватын шигшээ багууд торгуулийн цохилтоор шөвгийн 8-д шалгарлаа

0

2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 16-гийн шатны хоёр дахь өдөр Орос-Испани, Хорват-Данийн багуудын тоглолт болж хоёул торгуулийн цохилтоор хувь заяагаа шийдлээ.

Хоёр тоглолт хоёул 1:1 харьцаагаар үндсэн цагаа дуусгаж, нэмэлт 30 минутад ганц ч гоол хийж чадаагүй юм.

Москва хотын Лужники стадионд болсон тоглолтод Оросын шигшээ баг 4:3 харьцаатай торгуулийн цохилтыг гүйцэтгэж, 2010 оны дэлхийн аварга Испаничуудыг буулгаж авлаа. Энэ тоглолтын гол баатар Оросын багийн ахлагч, хаалгач Игорь Акинфеев байв. Тэр тоглолтын турш өрсөлдөгчийнхөө олон аюултай довтолгоог хааж чадсан бол 120 минутын дараа болсон торгуулийн цохилтын үеэр Испаний хоёр тоглогчийн бөмбөгийг хааж чадсан юм.

Түүний хаалганд үндсэн цагт ганцхан бөмбөг орсон нь Сергей Игнашевичийн 12 дахь минутад хийсэн авто гоол байв. 38 настай тэрээр энэ амжилтаараа ДАШТ-ий түүхэнд өөрийн хаалганд гоол хийсэн хамгийн ахмад тоглогч болж байна.

Нижний Новгород хотын Нижний стадионд болсон тоглолтод Хорват, Данийн шигшээ багууд мөн үндсэн цагтаа 1:1 харьцаатай тэнцсэн юм. Сонирхолтой нь тэд тоглолтын эхний 4 минутад гоолуудаа хийсэн нь ховор үзүүлэлт байв. Нэг дэхь минутад Данийн Матиас Йоргенсен хажуугийн шугамнаас гаргасан бөмбөгийг Хорватын хаалганд хийсэн бол 4 дэхь минутад Марио Манжукич тоглолтын харьцааг тэнцүүлжээ.

Орос-Испаний тоглолтын онцлох агшнуудыг энэ холбоосоор, Хорват-Данийн тоглолтын онцлох агшнуудыг энэ холбоосоор үзнэ үү.

Эдгээр тоглолтуудын онцлох үр дүнгүүд:

  • Оросын шигшээ баг ЗХУ задарснаас хойш анх удаагаа ДАШТ-ий шөвгийн 8-д шалгарч үлдлээ.
  • Испаничууд ДАШТ-д дөрвөн удаа торгуулийн цохилтоор хувь заяагаа шийдсэний 3-т нь хожигдож байна. 1986 онд Бельгид, 2002 онд Өмнөд Солонгост хожигдож байжээ.
  • 1990 оны ДАШТ-ээс хойшх тэмцээнүүдэд зохион байгуулагч орнууд таван удаа торгуулийн цохилт хийхдээ бүгдэнд нь хожиж байжээ. Харин 1990 онд Италичууд шөвгийн 8-д Аргентинд хожигдож байв.
  • Хорватчууд 1998 оноос хойш анх удаа ДАШТ-ий шөвгийн наймд үлдлээ.
  • Даничууд гурван удаагийн том тэмцээнд торгуулийн цохилт гүйцэтгэхдээ хоёрт нь хожигдлоо.
  • Хорват-Данийн тоглолт нь 2014 оны Аргентин-Нигерийн тоглолтоос хойш анх удаа эхний дөрвөн минутад хоёр баг хоёул гоол хийсэн тохиолдол байв.

Шөвгийн 8-ын шатанд Орос, Хорватын шигшээ багууд долдугаар сарын 7-нд Сочи хотод өрсөлдөх юм.

Эх сурвалж: FIFA

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.