Хогийн цэгийг сагсан бөмбөгийн талбай болгон сайжруулжээ

0

Орхон аймгийн Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт 7000 гаруй иргэн амьдардаг. Иргэдийн буруутай үйлдлээс шалтгаалан 6 хогийн цэг, гудамж хооронд хог хуримтлагдан, олны тав тухыг алдагдуулж байсан юм. Эрдэнэ багт иргэдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хулгайн гэмт хэрэгт өртөхөөс айл хөршөө хамгаалах, ил задгай хог хаягдлын эсрэг ажилладаг сайн санааны эв нэгдэл бүхий 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хөршийн холбоо бий.

Хөршийн холбооны гишүүд, багийн ажлын албаныхны хамтын уриалгаар иргэд, оршин суугчид, аж ахуй нэгжийн тусламж дэмжлэгтэйгээр, орон нутгаас санхүүгийн дэмжлэг авалгүйгээр, олон жилийн дагширсан хогийн цэгүүдийг цэвэрлэж, чөлөөт цаг өнгөрөөх цэвэр орчныг бүрдүүлсээр байна. Энэ мэтээр хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай зэргийг бий болгосон бөгөөд өнөөдөр хоёр дахь сагсан бөмбөгийн талбайг хүүхдүүдэд хүлээлгэн өгч, энэ хүрээнд 3:3 тэмцээнийг ч зохиолоо.

Талбай байгуулахад орон нутгаас хөрөнгө мөнгө нэхээгүй гэв. Шаардагдах хайрга дайрга, сагсны шийтийг “Эрдэнэт” үйлдвэр Эрдэнэ багтай хамтын ажиллагааны хүрээнд гаргаж, цемент бусад материалыг багийн ажлын албаныхан өөрсдийн цалингаас гаргасан байна. Харин ажиллах хүчний хувьд  хөршийн холбоо, иргэд өөрсдөө гар бие оролцжээ.

Мөн тус багт дуудлагаар хог ачих үйлчилгээ нэвтэрсэн тул ая тухтай, хоггүй цэвэр орчныг эрхэмлэж, айл өрхүүд идэвх санаачилгатай, ил задгай хогноос татгалзаж, дуудлага өгч байна гэдгийг багийн Засаг дарга Н.Отгонбилэг хэллээ.

Дашрамд дурдахад, энэ онд Эрдэнэ багт орон нутгийн төсвөөс 45 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт суугдсаны дагуу чөлөөт цагийн талбай, багийн орчинд шаардлагатай хүчин зүйлсийг шийдвэрлэж байна. Одоогоор ажлын гүйцэтгэл 30 гаруй хувьтай үргэлжилж байна.

А.Саранчимэг

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.