Дональд Трамп 24 цагийн дараа хэлсэн үгнээсээ буцав

0

Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай Хельсинк хотод хаалттай уулзсаныхаа дараа Дональд Трамп хачирхалтай мэдэгдэл хийж, Америкчуудыг гайхшруулсан юм.

Тэрээр 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Оросын эрх баригчид нөлөөлсөн гэх тагнуулын байгууллагынхаа дүгнэлтийг үгүйсгэж, Кремлийн удирдагчдад ингэх шалтгаан байхгүй гэж бодож байгаагаа хэлж байв.

Трампын мэдэгдлийг Америкийн хоёр намын хууль тогтоогчид хүчтэй шүүмжилж, хэвлэлүүд түүнийг “урвагч” хэмээн цоллож байлаа.

Финландын ерөнхийлөгчийн ордонд Путинтай зэрэгцэж зогссон Трампаас өөрийн тагнуулын байгууллагын дүгнэлт, Путины няцаалт хоёрын алинд нь итгэж байгааг асуухад тэр “Манай хүмүүс надад Оросууд нөлөөлсөн гэж хэлсэн. Харин сая Путин ерөнхийлөгч Орос ингээгүй гэж хэллээ. Оросууд үүнийг хийсэн гэх үндэслэлийг би олж харахгүй байна” гэж хариулсан юм.

Харин өчигдөр тэр Цагаан ордонд буцаж ирснийхээ дараа хэлсэн үгнээсээ буцаж, “Оросууд үүнийг хийгээгүй гэх үндэслэлийг би олж харахгүй байна” гэж хэлэх гэж байгаад хэл хальтарсан хэмээн тайлбарлажээ.

“Би өөрийн тагнуулын байгууллагуудад маш их итгэдэг. 2018 оны сонгуульд Оросын нөлөөг тусгахгүй байхын тулд бид бүхнийг хийнэ” гэж Трамп нэмж хэлсэн юм.

Тэр Хельсинкид болсон хэвлэлийн хурал дээр хэлэхдээ сонгуульд нөлөөлөх оролдлогыг Оросуудаас өөр этгээд үйлдсэн байх боломжтой талаар үг унагасан байна. “Өөр хүмүүс үүнийг хийсэн байх боломжтой. Ингэж чадах олон хүн бий шүү дээ” гэж Трамп хэлсэн нь хурлын тэмдэглэлд бичигдэж үлдсэн юм.

Дональд Трампыг Оросын талд буулт хийсэнд бухимдсан Бүгд Найрамдах болон Ардчилсан намын хэд хэдэн сенатор Оросын эсрэг нэмэлт хориг тавих асуудлыг ярьж эхэлжээ.

Бүгд Найрамдах намын сенатор, Сенатын гадаад бодлогын хорооны дарга Боб Коркер “Бид ямар хариу цохилт хамгийн тохиромжтойг судалж байна. Манай ерөнхийлөгчийн 15 минутын хэвлэлийн хурал бидний зургаан сарын турш хэлэлцсэн шийдвэрээс илүү хохирол учруулж байгааг та бүхэн харсан биз дээ” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Мөн Ардчилсан намын зарим сенаторууд Хельсинкид болсон хаалттай уулзалтын үеэр юу яригдсаныг Америкийн талын орчуулагчаас мэдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Трамп, Путин нар хоёр цаг орчим хаалттай уулзахдаа зөвхөн орчуулагчдаа оролцуулсан юм.

Дональд Трампын энэ удаагийн гадаад айлчлал маш их хэл амтай болж өнгөрлөө. Тэр Путинтай уулзахаасаа өмнө Брюссельд NATO-гийн чуулганд оролцож, гишүүн орнуудыг илүү их зардал хуваалцахыг шаардан нэлээд маргаан үүсгэсэн бол Их Британид айлчлахдаа Европын Холбоог өөрийн “дайсан” хэмээн нэрлэж шуугиан тарьсан юм.

 

Эх сурвалж: Reuters

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.