ЖАРГАЛАНТ СУМЫН 40 ЖИЛИЙН ОЙН БАЯР ЭХЭЛЛЭЭ

0

1978 онд БНМАУ-ын  Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 15 дугаар зарлигаар Эрдэнэт хотын харьяанд хороо байгуулж, “Жаргалант” гэж нэрлэснээр одоогийн Жаргалант сум анх байгуулагджээ. Улмаар Эрдэнэт хотыг Хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилготой Улаантолгойн Сангийн аж ахуй болон өргөжсөн юм.
1994 онд Засаг захиргааны нэгжийн хувьд Орхон аймгийн  Жаргалант сум болон зохион байгуулагдсан билээ.
Анх байгуулагдах үедээ 1040 хүн амтай байсан бол 2017 оны жилийн эцсийн байдлаар Жаргалант сум 3838 хүн амтай болж, хүн амын тоо 3.7 дахин өссөн бөгөөд  Монгол улсынхаа хэмжээнд дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн төв суурин газар болж, хүн амыг төмс хүнсний ногоогоор хангах, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх чиглэлээр голлон ажиллаж, улс эх орон, Орхон аймгийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байна.
Тэгвэл Жаргалант сумын түүхт 40 жилийн ойн баяр өнөөдөр баярын хурал, хүндэтгэлийн концертоор эхэллээ. Баярын хуралд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлагва, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү болон тус сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Д.Дэлгэрбаяр, УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон бусад хүндэт зочид төлөөлөгч нар оролцлоо.
Энэ үеэр Орхон аймгийн хөгжилд Жаргалантчуудын оруулсан хувь нэмрийг үнэлж Орхон аймгийн дээд шагнал болох “Цагаан арслан” цомоор шагналаа. Мөн эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан иргэдийг ч мөн шагнаж урамшуулав.
Жаргалант сумын 40 жилийн ойн баяр наадмын нээлтийн ажиллагаа маргааш 11 цагаас эхлэх бөгөөд хүчит бөхийн барилдаан, хязаалан, шүдлэн насны морьдын уралдаанаар үргэлжилнэ.

1
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.