Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал: Энэ сайхан нутгаараа овоглоно гэдэг том хувь заяа гэж боддог

0

Анхдагч Алдартаны өлгий нутаг уснаас төрөн гарсан алдартнуудын тухай  “Булганхангайн Алдартнууд-80 ” ойн түүхэн ном бүтээгдэж байгаа билээ. Булган аймгаас төрөн гарсан төрийн захиргаа, урлаг спорт,улс төр гээд бүхий л салбарт амжилттай яваа алдартнуудын маань тухай түүх өгүүлсэн ном хэвлэгдэх гэж байгаа.   Энэ түүхтэй салшгүй холбогдон Эрдэнэт хэмээх их айлын удирдлагын шатны албан тушаал хашиж байгаагын хувьд онцоллоо.

Сур: Та  Булган аймгийн аль суманд хэдэн онд төрсөн бэ? хүүхэд насныхаа тухай, төрсөн нутгийнхаа тухай ярилцлагаа эхлэе гэж бодож байна ?

-Би Булган аймгийн Бугат суманд 1977 онд төрсөн, айлын 13 дахь хүүхэд. Миний аав Дарьсүрэнгийн Сэмжид гэж Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ханатай бригадад төрсөн  . Ээж маань Дамдинсүрэнгийн Пүрэвсүрэн гэж, Бугат сумын хүн байсан. Аав, ээж маань 13 хүүхэд төрүүлж, өсгөсөн хүмүүс. Би бага нь, Бугат суманд найман жилийн сургууль төгсөөд Булган аймгийн Чин ван Ханддоржийн нэрэмжит 2дугаар сургуулийг 1995 онд төгсөөд Дулааны инженер мэргэжил эзэмшээд 2000 онд төгсөж ирээд Орхон аймагт ажил амьдралаа эхлүүлж, амьдраад явж байна даа.

 Сур: Сургуулиа төгсөөд Орхон аймагтай холбогдох болсон шалтгаан нь ер нь юу байв? Нутагтайгаа хил залгаа болохоор уу, Булган аймагтаа мэргэжлийн талаас ажиллах боломжгүй болохоор сонгосон  юм уу?

Оюутан байх хугацаандаа Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад дадлага хийдэг байлаа /2,3 жил дадлага хийсэн/. Тэр нь түлхэц болсон байх. Дадлага хийх хугацаанд станцын хамт олон төгсөөд хүрээд ирвэл ажилд авахад ямар ч асуудалгүй гэдэг байдлаар хандсан. Намайг 8 дугаар ангид байхад ээж маань, 9 дүгээр ангид байхад аав маань нас барсан учраас би ах эгч нарынхаа гар дээр өссөн. Тэд маань намайг Эрдэнэтэд байлгах сонирхолтой, энд 1 өрөө байр бэлдээд өгчихсөн. Энд ирээд бай гэсэн болохоор надад өөр сонголт байгаагүй ээ. /инээв/сур/

Сур: 13 хүүхэдтэй айлын отгон нь гэхээр их олон ах эгчтэй юм байна. Танайхан ер нь хаагуур нутаглах уу? Их сайн ах дүү нар байна гэж харагдаж байна л даа. Дүүгээ  өдий зэрэгт хүргэсэн гэхээр ?

Булган аймгийнхаа төвд, Булган суманд л дийлэнх нь амьдарч байна даа. Бугат суманд бас бий. Айлын бага, аав ээжийнхээ өндөр насанд нь төрсөн хүүхэд болохоор ертөнцийн жамаар ах эгч нарынхаа гар дээр л дамждаг жамтай юм билээ. Надад бол тийм л хувь зохиол таарсан даа.

 Сур: Нутгийнхаа юугаар та бахархдаг вэ? Өнөөдөр Орхон аймгийнхаа Аймгийн засаг даргын орлогч гэдэг албан тушаал дээр байгаа.  Булган нутгийнхаа бахархлын тухай та юу  хэлэх вэ?

За, Булган Хангай нутаг бол Монгол орон даяар, дэлхий даяар бахархах зүйл олонтой их сайхан нутаг. Тэр тусмаа би өөрөө Булган аймгийн Бугат сумын хүн. Бугат сумын өвөг дээдэс ,Чин ван Ханддорж гэж хүн байна. Тухайн үедээ хошууныхаа захирагч байсан, өнөөдрийн энэ ардчилсан Монголын эхийг тавьсан хүн. Монгол улсын тусгаар тогтнолын төлөө амь бие хайргүй зүтгэж явсан, дээрээс нь би өөрөө улс төрийн салбарт яваагийнхаа хувьд энэ салбарынхаа хүмүүсийн тухай түлхүү ярья гэж бодож байна даа. Анандын Амар сайд гэж хүн байна. Монгол улсын тусгаар тогтнолын төлөө амь бие хайргүй зүтгэж явсан төрийн том зүтгэлтэн. МУ-ын Ерөнхий сайдыг 2 удаа хийсэн түүхэн хүн. Дээр нь Монголчууд А. Амар сайдын юугаар бахархаж байна гэхээр тэр он цагийн үед Монгол хүнээ гэсэн сэтгэлээр нь бахархаж байна. 2-рт гадны тэр их зовлон зүдгүүр, тарчлаалт, тамлалыг амссаны эцэст Монгол эр хүний зориг гаргаж хэлсэн үгнүүд нь Монгол орон даяар, дэлхий даяар шуугиан болж байна. Ийм мундаг өвөг дээдэс төрж өссөн сайхан нутаг. Дээрээс нь спорт, урлагийн маш олон алдартнуудтай. Алдартнууд гээд ярьвал одоо хүртэл Дэлхийд гайхагдаж байгаа философич, яруу найрагч Д .Урианхай гэдэг хүн өөрөө Бугатынх, түүхийн ухааны доктор, академич Ж. Болдбаатар гэдэг хүн, кино найруулагч  Б.Эрдэнэбулган гавъяат маань гээд энэ цаг үед хүртэл Монгол орон даяар алдартай түүхэн хүмүүс амьдарч байна. Нөгөө талаар газар нутаг ,бид нар Монгол оронд байгаа цөөхөн хэдэн хангайн аймгуудын нэг, тэр дундаа Бугат сум бол өөрөө цөөхөн хэдэн хангайн сумын нэг. Би багаасаа авахуулаад л уул хаданд тоглож өссөн  ан гөрөө,  амьтадтай их ойрхон байсан. Намайг бага  байхад  ус элбэг, ан гөрөө элбэг  байсан. Хэрэм гэхэд л сумын төвд байж байдаг байлаа. Сумын төвөөс жаахан зайтай малдаа явж байхад л гөрөөстэй таарч байдаг. Бугатай таарч байдаг. За тэгээд Монгол орны үзэсгэлэнт гол мөрнүүдийн нэг Сэлэнгэ мөрөн маань яг энэ сумын нутгаар дайрч өнгөрдөг. Энийгээ дагаад байгалийн их сайхан сайхан тогтоцууд, үзэсгэлэнт газрууд байдаг гээд ингээд ярих юм бол маш сайхан, аялал жуулчлалын маршрут, зам хүртэл Бугат сумын нутгаар явж байна. Орхон аймгаас Төлүүгийн давааг давтал Бугат сумын нутагт ордог гээд ярих юм бол Бугат сум түүхэн хүмүүсээсээ авахуулаад байгаль, байгалийн баялаг, тогтцоороо өөрөө Монгол оронд байгаа үзэсгэлэнтэй ховорхон сумдуудын нэг юм. Тийм учраас энэ нутагт төрж, өссөн нь өөрөө бас их том хувь заяа. Тэгээд дээр нь Анхдагч нараараа алдартай, Адуугаараа алдартай, Айргаараа алдартай энэ сайхан нутагт төрж өснө гэдэг, энэ сайхан нутгаараа овоглоно гэдэг бол том хувь заяа гэж боддог юм.

Сур: Булган аймгийн маань 80 жилийн ой тохиож байна. Таны хувьд одоо Орхон аймаг, Булган аймгийн хамтын ажиллагааны хүрээнд 80 жилийнхээ ойгоор ямар бэлэг барих төлөвлөгөөтэй байгаа вэ? ер нь мэдээж та бас Булган аймгийг төлөөлөөд Орхон аймгийн Засаг захиргааны нэгжид ажиллаж байгаа орлогч даргын хувьд 80 жилдээ ямар бэлэг барьж байгаа вэ?

Тэгэхээр Булган аймгийн 80 жил нэлээн эртнээс яригдлаа. Би их сайхан болоосой, олон зүйл сайхан үлдээсэй гэж бодож байгаа юм. Бутээлч, бодитой зүйлүүд Булганчуудад үлдээсэй гэж бодож байгаа  Энэ ойн хүрээнд. Тийм учраас мэдээж Булган аймгийн Орхон аймаг дахь Булган аймгийн харьяат иргэдийн нутгийн зөвлөл нэлээн анхаарал тавьж ажиллаж байна. Энд  бас оролцож ажиллаж байгаа. Нэлээд бодит ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа. Булган аймагт Сургууль төгсөгчдийн холбоо гээд байж байна. Нэгэнт Булган аймгаас Орхон аймагт төрийн байгууллагад албан тушаал хашиж байгаагийн хувьд Булган аймагтай холбогдолтой ямар нэгэн Төрийн, төрийн бус байгууллагууд бүгд ямар нэгэн байдлаар холбогддог юм байна. Тэгэхээр энэ бүгдтэй хамтраад, тус дэм болоод явахыг нэгдүгээрт хичээж байгаа. Ингээд Булган төгсөгчдийн холбоо  сайхан цэцэрлэг саад барьчихсан, энийгээ явуулах гээд бас асуудлууд ярьж байгаа. Бүгдэд нь тус дэм болж байна. За дээрээс нь  Булган аймгийн Бугат суманд А.Амар сайдын тухай кино 80 жилийн өмнө хийнэ ээ гээд манай Эрдэнэбулган гавъяат зориглочихсон, ажилдаа орчихсон явж байна. Энэ ажлын  хүрээнд нэгэнт Орхон аймагт ажиллаж, амьдарч байгаа Бугат сумын уугуул иргэн, нөгөөтэйгүүр А. Амар сайд гэдэг гайхамшигтай, алдартай мундаг хүний кино хийж байгаа учраас зүгээр сууж чадахгүй байна. Тийм учраас аймгийнхаа хурлаар хэлэлцүүлээд, 30 сая төгрөгийг энэ кинонд хандивлаад явж байгаа. За тэгээд мэдээж Орхон аймаг, Булган аймаг хоёрын хооронд хамтын ажиллагааны гэрээ гэж байдаг. Энэ гэрээний хүрээнд дэд бүтэц хөгжчихсөн том үйлдвэртэй хотын хувьд Булган аймагт бас тодорхой ямар нэгэн байдлаар ажил хийж үлдээхийг зорьж байна  Дээр нь миний төрж өссөн сум , яг Эрдэнэт хоттой хил залгаа, ойрхон сум. Энэ Бугат сумынхаа ард иргэдэд хэрэгтэй зүйлүүдийг, ямар нэгэн шийдвэрүүдийг Орхон аймгийн хэмжээнд заавал тэр энэ гэж явцуурахгүй, төрийн ажлын хүрээнд ямар нэгэн байдлаар хийгээд явж байгаа, зорьж байгаа.

Сур: Киноны гол дүрд ямар жүжигчин тоглож байгаа вэ?

Би зарим жүжигчдийг нь танихгүй юм байна лээ. Зураг авалтан дээр нь гурав, дөрвөн удаа очсон, нээлтэн дээр нь оролцсон.

Сур: Зургаа аваад дуусчихсан уу?

Бугат суманд авах зүргууд бол дууссан байгаа. Одоо Булганд авна. Тэгээд Улаанбаатарт зураг авна. Орос жүжигчид гэхэд яг Оросоос хүмүүс ирээд тоглох юм байна лээ. Кино жүжигчдийг нь бас хариуцахаар, тус дэм болохоор яриад тохирсон.

Сур: Та өөрийн Төрөлх нутгаа ирээдүйд ямар хөгжилтэй байгаасай гэж бодож явдаг вэ? Одоо Эрдэнэт бол үйлдвэр дагасан хот, Булган аймгаас төрсөн хот гэж яригддаг шүү дээ. Тэгэхээр та төрийн захиргаанд яг энэ аймгийг удирдаж байгаа, өөрийн зэргэлдээ төрсөн нутгаа ямар байгаасай гэж хүсдэг вэ?

Нэгдүгээрт түүхэн бодит зовлон гэдэг юм уу, байгаа бэрхшээл нь гэвэл том дэд бүтэц хөгжсөн суурингуудын ойролцоо аймаг, сумдуудын хувьд хөгжил бас жаахан төвөгтэй байгаад байгаа. Яагаад гэвэл тэнд бизнес хөгжих боломж нь муу болчихдог. Иргэд нь бензин, хүнсээ Эрдэнэтээс ирээд авчихдаг гээд асуудлууд байгаад байгаа. Энэ бол Бугат суманд, Булган аймагт тохиолдож байгаа бэрхшээлийн нэг. Гэтэл бид нарыг жаахан байхад тухайн үеийн бага ангийн багш нар биднийг 2000 онд 24 настай залуучууд /2000 оны тухай маш их ярьдаг байлаа шүү дээ, Монгол улс өөрөө 2000 он хүртэлх маш том зорилтыг тавьчихсан, 2000 онд Эрдэнэт, Бугат 2 нийлсэн том хот болчихсон байна гээд ярьдаг, тийм л мундаг байдлаар хүүхдүүддээ ойлгуулдаг байлаа. Тэр үеийн улс төрийн тогтолцоо нь тийм байсан байх л даа. Тийм учраас тавьсан зорилтуудаа маш их ухуулж, ард түмэндээ танилцуулдаг байдалд байсан. Тэр одоог  хүртэлх миний санаанаас гардаггүй юм. Тийм учраас төрсөн нутгаа хөгжөөсэй, дэвжээсэй гэж боддоггүй хэн байхав. Гэхдээ одоо байгаа Засаг захиргааны нэгж, түүний хуулиараа, хуваарилагдаж байгаа төсөв мөнгө гээд гарах юм бол энэ өөрөө бас сумын хөгжилд дорвитой, бодитой, яг хөгжилд нөлөөлөхүйц хэмжээнд байж чадахгүй байна л даа. Ер нь энэ талын үе үеийн засаг дарга нартай нь, хурлын дарга нартай нь санал солилцох  явдал бол бий. Жишээлбэл, аялал жуулчлалын салбар байна. Мөн Орхон аймагтай ямар хэмжээнд хамтарч ажиллах юм бэ?, тэртэй тэргүй газар нутаг нь байгаад, Эрдэнэтийн иргэд судлаад үзэхээр Бугат сум, Булган аймгаас л газар авсан байдаг юм байна лээ. Ямар нэгэн байдлаар. Ингээд нөөц бололцоонууддаа тулгуурлаад хөгжлийн цогц юм гаргаж ирээчээ гэдэг байдлаар нэлээн их санал солилцдог. Шууд Бугатын хөгжил тийм байна гээд би оролцох эрхгүй учраас энд юм ярих нь нийцэхгүй байх. Эрдэнэт хотод амьдарч байгаа Бугат сумын иргэдийн хувьд яг одоо чадах чинээгээрээ туслахыг хичээгээд явж байна. Энэ нь миний эрхийн асуудал, миний чадаж болохоор зүйл  учраас Бугат сумын хөгжил тийм ийм гэж ярихаасаа илүү Орхон аймаг, Эрдэнэт хотдоо ажиллаж амьдарч байгаа иргэддээ чадах чинээгээрээ тус болохыг хичээж байна.

Сур:Нутгийн хүний сэтгэл өөр юм . Ярилцлагын төгсгөлд 80 жилийн ойн баяр нь тохиож байгаа нийт Булганчууддаа мэндчилгээ хүргэвэл ?

Булган аймгийн маань түүхт 80 жилийн ой болох гэж байна. Маш эртнээс сайхан бэлдэж байна. Арга хэмжээ бол маш сайхан болно гэж бодож байгаа. Нийт Булганчууддаа, энэ номон дотроос миний ярилцлагыг уншиж байгаа бүх хүмүүстээ бид нар нэг л юмыг хэлэх дуртай Дайчин вангийнхан Зовхи нь өөдөө гэдэг үг намайг хар багаас авахуулаад ингээд суучихсан. Тийм учраас та хаана ч ажиллаж амьдарч байгаа байж магадгүй. Гэхдээ энэ Дайчин вангаар, энэ Булган аймгаар овоглож байгаа учраас Та бас  их сайхан Зовхи нь өөдөө амьдраарай, ажиллаарай. Дээрээс нь нийт Булганчууддаа “Би Анхдагчдын өлгий Булганых” гэж цээжээ дэлдэх биш, энэ нутаг орондоо яг юу хийж үлдээх юм бэ, нутаг орноо гэсэн сайхан сэтгэлээр нэгдээд, бид бүхнийг нэгтгэж байгаа нэг юм бол энэ сайхан Булган Хангай аймаг, энэ сайхан хангай. Тийм  учраас хүн гэдэг амьтан чинь төрөлх нутаг руугаа л хаана ч байсан тэмүүлж байдаг. Энэ сайхан сэтгэл бол биднийг нэгтгэж байгаа. Тэгээд бид нар бол Булганчууд. Тиймээс Булган аймгийн иргэн бүр аймгийнхаа хөгжил, дэвшлийн төлөө ямар нэгэн байдлаар тус дэм болохыг хичээж ажиллаасай гэж хүсч байна. Нийт Булганчууддаа ажилд нь амжилт, амьдрал нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. Сайхан баярлаарай.

-Ярилцсанд баярлалаа  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.