“Анхдагч Алдартны өлгий- Булган аймаг” 80 жилийн ойн баяр наадам

0

 Булган аймаг алдартан, анхдагчуудын өлгий нутаг билээ. Тус аймгаас харьяат анхдагч алдартан 20 шахам, улсын ба хөдөлмөрийн баатар 30 орчим, гавьяат цолтон 60 гаруй, эрдэмтэн, доктор 110 гаруй төрсөн байдаг. Мөн Могод сумын Хөл асгатын чулуун хөшөө, Баян-Агт сумын Елтерес Кутлуга хааны цогцолбор, Сайхан сумын Моюунчур хааны гэрэлт хөшөө, Дашинчилэн сумын Кидан гүрний үеийн хар балгас, Цогт тайжийн цагаан ордон, гэрэлт хөшөө, Азид томоохонд тооцогддог Цагаан суварга, Диваажин зэрэг түүх дурсгалын газар олонтой. Өнөөдөр тэртээх 1938 онд байгуулагдаж түүхийн хуудас 80 дахь удаагаа эргэсэний түүхэн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэж байна. 80 жилийн ойн баяр наадмыг Төрийн соёрхолт найруулагч Б. Наранбаатар, яруу найрагч Х.Соёмбо нар дэглэн, үе үеийн анхдагч алдартнуудынхаа түүхийг харуулсан, эргэн сануулсан тоглолтуудаар наадамчин олны мэлмийг мялаан, сэтгэлийг хөдөлгөлөө. Булган нутгаас төрсөн алдартнууд анхдагчид тэдний үр сад өнөтэй сайхан наадацгааж байна.           

 Булганхангайн Алдартнууд :

 Жүгдэрдэмидийн Гүррагчаа:
Булган аймгийн Гурванбулаг суманд 1947 онд төржээ.1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд суралцаад, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ. 1978 оноос тэрээр ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисгэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. 1981 оны 3 сарын 22-нд Байконурын сансрын буудлаас ЗХУ -ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт хөөрч Салют-6 сансрын станцтай холбогджээ. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсоны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм. Сансарт ниссэн дэлхийн 101 дэх хүн юм. Тэрээр 2000 – 2004 онд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байгаад 2004 онд УИХ-ын сонгуулийн 59-р тойрогт нэр дэвшин өрсөлдөж УИХ-ын гишүүнээр сонгогдсон. ЗХУ-ын баатар, БНМАУ-ын баатар цолоор шагнагджээ.
Найдангийн Түвшинбаяр
Монгол Улсын анхны Олимпийн аварга болсон тамирчин. 1984 оны 6-р сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд төрсөн. Аварга Биеийн Тамирын Дээд Сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн. Жүдо бөхийн спортоор 18 наснаасаа эхлэн хичээллэсэн. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Парисын дэлхийн цомын тэмцээний хүрэл медальт, Улсын аварга. Үндэсний бөхийн аймгийн арслан цолтой. 2008 онд Олимпийн наадамд анх удаагаа оролцож Монгол Улсын түүхэнд анх удаа Олимпийн аварга болсон. 2008 оны 8-р сарын 14-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одон, Алтан гадас одон, Монгол Улсын гавъяат тамирчин цолоор шагнасан билээ.
Булган аймгаас төрсөн алдартнууд:
* Найдангийн Түвшинбаяр – Монгол улсаас төрсөн олимпийн анхны аварга
* Шагдарын Намхай (Сандаг-Очир) – Үндэсний бөхийн аварга
* Лувсанжамбаа (Гомбо) – Үндэсний бөхийн аварга
* Д.Даваажав – Монгол улсын анхны хөдөлмөрийн баатар цолтон
* Цагааны Цэгмид – Монгол улсын ардын жүжигчин
* Цэгмидийн Төмөрбаатар – Монгол улсын гавьят жүжигчин
* Хишигбатын Эрдэнэт-Од – Монгол улсын Гавъяат тамирчин
* Сэрээтэрийн Цэрэн – Үндэсний бөхийн даян аварга
* Бямбын Жамъяндорж – Үндэсний бөхийн улсын арслан
* Чимэг-Очир буюу Дэдийн Жамц – Үндэсний бөхийн улсын арслан
* гарьд буюу Хэхрэнгийн Жамц – Үндэсний бөхийн улсын арслан
* Жавын Намжил – Үндэсний бөхийн улсын арслан
* Дагвадоржийн Азжаргал (нутгийн уугуул) – Үндэсний бөхийн улсын арслан
* Бат-Очирын Жанчивдорж – Үндэсний бөхийн улсын заан
* Бүрхэг Дэндэв – Үндэсний бөхийн улсын заан
* Жамцын Лувсанбалдан – Үндэсний бөхийн улсын заан
* хурган Дэмид – Үндэсний бөхийн улсын заан
* Хэхрэнгийн Цэвээн-Очир – Үндэсний бөхийн улсын заан
* Чойжав тэргүүний Мандаа – Үндэсний бөхийн улсын заан
* Дэлгэрийн Содном – Үндэсний бөхийн улсын заан
* А.Моломжамц – Үндэсний бөхийн улсын заан
* Сээрэндунгуй Пүрэв – Үндэсний бөхийн улсын начин
* Буянхишигийн Ойдов (Бархаан) – Үндэсний бөхийн улсын начин
* Балдан – Үндэсний бөхийн улсын начин
* хавтгай Даржаа – Үндэсний бөхийн улсын начин
* Балдангийн Өлзий (Саргай) – Үндэсний бөхийн улсын начин
* Мягмаржавын Болдбаатар – Үндэсний бөхийн улсын начин
* Пүрэвсүрэнгийн Ганбаяр – Үндэсний бөхийн улсын начин
* Балдангийн Норов – Үндэсний бөхийн улсын начин
* Дамдинжамцын Жадамбаа – Үндэсний бөхийн улсын начин
* Содномын Бадрах – Үндэсний бөхийн улсын начин
* хавтгай Даржаа – Үндэсний бөхийн улсын начин
* Жадамбын НЭХИЙТ – Улсын баатар
* Ж.Лхагвасүрэн – Залуу жанжин, Улсын баатар
* Надмидын БЯМБАДОРЖ – Монгол улсын гавьяат уурхайчин, Доктор Ph.D

Эхийн хүйгээс унасан нутаг, угаасан ус хүний амьдарлын  салшгүй үнэт эрдэнэ билээ. Булган аймгийн  Дэлхийн болоод Монгол орныхоо өнцөг булан бүрт тархан сууршсан ард түмэн баяр наадмаа зорин ирж оролцлоо. Тэдэн дундаас Орхон аймаг дахь Булганхангай  нутгийн зөвлөл нутгаа чиглэсэн олон ажлыг хийж 80 жилийн баяр наадамд Эрдэнэт хот дахь Булганчуудаа бүрэн хамруулж чадлаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.