“Ачит Ихт” ХХК-ийн давуу эрхийн хувьцаа гаргах ажиллагаа амжилттай үргэлжилж байна

0

БиДиСЕК ҮЦК” ХК нь хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний хүрээнд “Ачит Ихт” ХХК-ийн нийгмийн хариуцлагаа биелүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй давуу эрхийн хувьцаа гаргах ажиллагаа амжилттай үргэлжилж байна.

Катодын зэс үйлдвэрлэгч “Ачит Ихт” ХХК нь Монгол Улсад анх удаа давуу эрхийн хувьцааг хаалттай хүрээнд буюу “Ачит Ихт” ХХК болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үндсэн ажиллагсдад санал болгон гаргаж байна.

Энэ төсөл нь нэг талаас уул уурхайн томоохон бүтээн байгуулалтыг хийж, ашиг шимт овоолгыг бий болгосон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажиллагсад, байгальд ээлтэй, шинэ технологийг ашиглан балансын бус овоолго дээр ажиллаж буй “Ачит Ихт” ХХК-ийн ажиллагсдад бүтээн байгуулалтын баялгаас хуваарилах, өрхийн орлогыг нь дэмжих, нөгөө талаас “Ачит Ихт” компанийн үйлдвэрийн өргөжилт, хөгжүүлэлттэй  холбоотой төслүүдийг санхүүжүүлэх зорилготой юм.

 

“Ачит Ихт” ХХК болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажиллагсад давуу эрхийн хувьцааг худалдан авснаар 3 жилийн хугацаатай эзэмшиж, улирал бүр өндөр өгөөж хүртэх ба хүссэн үедээ эргүүлэн худалдах боломжтой. Давуу эрхийн хувьцаа нь ҮЦТХТ-д бүртгэгддэг тул хөрөнгө оруулагчийн эрх ашиг бүрэн хамгаалагдахаас гадна давуу эрхийн хувьцааны эргэн төлөлтөд “Ачит Ихт” ХХК 100 хувь баталгаа гаргаж байгаа зэрэг давуу талуудтай юм.

Мөн энэхүү төсөл нь Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын иргэдэд хөрөнгийн зах зээлийн мэдлэг, туршлагийг түгээж буй ач холбогдолтой ажил болж байна.

Уг төслийг хэрэгжүүлэгч “Ачит Ихт” ХХК нь 2014 оноос эхлэн Эрдэнэт үйлдвэрийн ил уурхайгаас гарсан хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй, балансын бус, бага агуулгатай холимог хүдрийн нөөцийг байгальд ээлтэй гидрометаллургийн аргыг ашиглан Лондонгийн метал биржийн стандарт хангасан 99,999 хувийн цэвэршилтэй “А” зэрэглэлийн катодын зэсийг 100 хувь дотооддоо өртөг шингээн боловсруулан экспортод гаргаж буй үндэсний үйлдвэрлэгч юм.

МУ-ын Засгийн газар, МҮХАҮТ-ээс улс орны эдийн засаг, нийгэмд оруулсан хувь нэмрийг нь үнэлж шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр буюу 2014, 2015, 2016 онуудад 43,15,16 байруудад тус тус шалгарч байсан томоохон татвар төлөгч ажээ. Ачит Ихт ХХК-ийн Монгол Улсын нийгэм, эдийн засагт өнгөрсөн буюу 2017 онд оруулсан хувь нэмрийг доорх зурагт тоон хэлээр харуулав.   

“Ачит Ихт” ХХК нь өөрийн 100 хувийн эзэмшлийн санхүүгийн тусгай зориулалтын “Ачит Зэс” Хаалттай ХК охин компанийг байгуулж энэхүү ажиллагааг хамтран хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөлд хөрөнгө оруулалтын зөвлөхөөр ажиллаж буй “БиДиСЕК ҮЦК” ХК нь 1991 онд хөрөнгийн зах зээлийн харилцаа бий болсон цагаас эхлэн тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй 26 жилийн туршлагатай, хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч компани юм.

 

Монголын Хөрөнгийн Биржийн 1-р ангиллын хувьцаат компани ба монгол улсын тэргүүлэх ААН байгууллагууд болон жижиг дунд ААН-үүдэд санхүүжилт, хөрөнгө оруулалтын цогц зөвлөгөө үйлчилгээ үзүүлэн хамтран ажилладаг. “БиДиСЕК ҮЦК” ХК нь Эрдэнэт, Дархан хотуудад салбараа нээн тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

                                                     “БиДиСЕК ҮЦК” ХК

                                      2018 оны 8-р сарын 27, Эрдэнэт хот

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.