ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР 21 АЙМАГТАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЛЭЭ

0

Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Г.Занданшатар  өнөөдөр 21 аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ. Хурлаар, өвөлжилтийн бэлтгэл ажил,  Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны  “Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 тоот албан даалгавар, 2018 оны 8 дугаар сарын 22-ны “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.

Г.Занданшатар хэлэхдээ, “Монгол Улсын  төсвийн алдагдал буурч, орлого нэг их наяд төгрөгөөр давж нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлт нэмэгдсэн байна.  Мөн 2016 онд иргэдийн хадгаламж 5.4 их наяд төгрөг байсан бол энэ онд 9.6 их наяд төгрөг болжээ.
Аймаг бүр өвөлжилтийн бэлтгэл ажлаа эрчимжүүлэхгүй бол энэ сарын дундуур цочир хүйтэрнэ. Энэ жил бүх нутгаар зуншлага сайхан байсан тул хадлан, тэжээл, ургац хураалтандаа анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн онд 67 сая толгой мал тоолуулсан бол энэ жил 73 саяд хүрч байна.
Сүүлийн үед төрийн албан хаагчийн сахилга, хариуцлага, дэг журам алдагдсанаас болж иргэд төрийн байгууллагад итгэх итгэлгүй болж байна.  Иймд төрийн албан хаагч “эрүүл” бол төр “эрүүл” байна.  Хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байх хэрэгтэй” гэлээ.
Түүнчлэн энэ сарын 3-15-ны хооронд бүх аймаг, сумдаар төрийн албан хаагчийн сахилга, хариуцлага, дэг журамтай холбоотой шалгалт хийнэ гэсэн юм.
Үүний дараа Орхон аймаг өвөлжилтийн бэлтгэл ажил болон тулгамдаж байгаа ажлаа товч танилцууллаа.  Энэ онд тус аймаг улсын болон орон нутгийн хөрөнгөөр 130 ажил хийж байна. Үүнээс улсын төсвөөр хийх 2.1 км авто замын өргөтгөлийн тендер одоо болтол зарлагдаагүй байгааг аймгийн Засаг дарга Д.Батлут онцоллоо. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд  ЦТП/35к.Вт-ыг өргөтгөхгүй бол Орхон аймаг “хөлдөх” эрсдэлтэй байгаа гэлээ. Уг ажлыг хийхэд 4.7 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд жил бүр үүнийг шийдүүлэхээр шат, шатны байгууллагад ханддаг  ч өдий болтол шийдэгдээгүй байна гэсэн юм. Цахим хурал 15-18 цаг хүртэл үргэлжиллээ.
Мэдээллийн төв
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.