Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн IX форум Өмнөговь аймагт эхэллээ

0

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн IX форум Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод өнөөдөр эхэллээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү форум энэ удаад Монгол Улсад болж буй бөгөөд нийт 160 гаруй төлөөлөгч оролцож байна.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нарын 2013 онд Бээжин хотноо байгуулсан гэрээнд “Талууд Монгол, Хятадын форумыг жил бүр ээлжлэн зохион байгуулна” гэж заасан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар 2015 онд Улаанбаатарт гарын үсэг зурсан тунхаглалд хоёр улсын хэвлэл мэдээллийн харилцан солилцоог улам идэвхжүүлэх, зөвлөлдөх уулзалт, форум зэрэг хамтын ажиллагааг тогтмол зохион байгуулна гэж заасны дагуу Монгол Хятадын хэвлэл мэдээллийн форумыг хоёр тал ээлжлэн зохион байгуулсаар ирсэн юм. Тэгвэл энэ онд Монголд зохион байгуулагдах Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн IX форумыг Өмнөговь аймагт зохион байгуулахаар шийдвэрлэж, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр гуравдугаар сарын 17-ны өдөр, тус аймгийн Засаг дарга Н.Наранбаатартай санамж бичиг байгуулж байсан юм.

МСНЭ болон Өмнөговь аймгаас хамтран зохион байгуулж буй энэ удаагийн форумд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Даланзадгад хотын захирагч Т.Алтансүх, Eрөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ж.Цэсэн зэрэг төлөөлөгч урилгаар оролцож буй бөгөөд Монголын Хэвлэл мэдээллийн салбарын 110 гаруй сэтгүүлч, төлөөлөгчид хүрэлцэн ирээд байна. Хятадын талаас ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны байнгын хорооны гишүүн, Суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юйган, Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны удирдлагууд болон тус орны хэвлэл мэдээллийн салбарын 40 гаруй төлөөлөгч оролцож байна.

Эх сурвалж: News.Zindaa.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.