Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн IX форум хамтын ажиллагааг шинэ шатанд гаргав

0

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн IX форум Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод есдүгээр сарын 6-7-нд амжилттай болж, хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын 180 гаруй төлөөлөгч оролцов. Хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг илүү бодит ажил хэргийн түвшинд хүргэж, хөгжүүлэх чухал гарц, алхамын талаар хэлэлцэн шийдэлд хүрсэн энэ удаагийн форумын талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.  

-ФОРУМЫН НЭР ХҮНД, АЧ ХОЛБОГДОЛ УЛАМ БҮР ӨСӨВ-

2010 оноос эхлэн зохион байгуулж ирсэн энэхүү форум жилээс жилд өргөжин тэлж, хэлэлцдэг зөвлөлддөг шатнаас хийж хэрэгжүүлдэг, бодит ажил болгодог хэмжээнд хүрч буй нь энэ удаагийн форумаас харагдаж байв. Мөн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ж.Цэсэн биечлэн ирж оролцсон, Ерөнхий сайд мэндчилгээ ирүүлсэн зэрэг нь төр засгийн удирдлагууд жилээс жилд энэхүү форумд ач холбогдол өгч, цар хүрээний хувьд өргөжүүлэх, үр дүнг нэмэгдүүлэхэд тал бүрээр анхаарч дэмжихээ илэрхийлж байсан юм. Монголын талаас форумд нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн байгууллагуудын нийт 110 гаруй сэтгүүлч, төлөөлөл оролцож, БНХАУ-ын хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчидтэй санал бодлоо хуваалцаж, зөвлөлдсөн.

БНХАУ-ын тал мөн форумд өндөр ач холбогдол өгч оролцсон нь тус улсын төлөөлөгчдийг тэргүүлж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны Гадаадад түгээн дэлгэрүүлэх товчооны дэд дарга Лин Ли, Гадаадад түгээн дэлгэрүүлэх товчооны орон нутаг зохицуулах газрын дарга Ли Жяшү, Бүх Хятадын сэтгүүлчдийн холбооны намын хорооны дарга Ван Дүнмэй тэргүүтэй 50 орчим төлөөлөгч хүрэлцэн ирснээс харагдаж байв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар форумд тавьсан илтгэлдээ гадаад харилцааг хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийнхний оролцоо чухлыг онцлоод, улам бүр цахим технологид шилжиж байгаа энэ цаг үед “Интернет дэх Элчин сайдын Яам” хэмээх цоо шинэ төсөл эхлүүлээд буйг анхлан дуулгасан юм. Тасралтгүй 24 цагийн үйл ажиллагаатай, дэлхийн хаанаас ч хэдийд ч холбогдон үйлчлүүлэх боломжтой энэхүү Элчин сайдын яам нь Монголын дипломат үйлчилгээг улам хурдтай боловсронгуй болгох зорилготой аж. Түүнчлэн тэрбээр гурван орны Эдийн засгийн коридор болон “Бүс ба зам” санаачилгын хүрээнд Монголд ажиллахаар ирж буй хэн бүхэнд хамгийн чирэгдэл багатай үйлчилгээг үзүүлж, дипломат бодлогоор дэмжихээ илэрхийлж байсан юм.

-ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ ДЭЛХИЙ НИЙТЭД ТҮГЛЭЭ-

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан форумыг хүлээн авч, зохион байгуулах хүндхэн үүргийг Өмнөговь аймаг авч, амжилттай явуулж чадсан нь олон хүний талархалыг хүлээснийг энд дурдах нь зүйтэй. Нийт 180 гаруй төлөөлөгч, тэр дундаа хоёр орны хэвлэл мэдээллийнхний томоохон цугларалт болсон форумыг хүлээн авч, зохион байгуулах боломж, хүчин чадал аймаг бүрт байхгүй нь үнэн. Тэгвэл Өмнөговь аймаг энэхүү хүндтэй үүргийг нэр төртэй гүйцэтгэж чадсанд Засаг дарга Н.Наранбаатарт салбарын нийт сэтгүүлч, уран бүтээлчдийнхээ өмнөөс талархал илэрхийлж буйг үүгээр уламжилъя.

Энэ оны гуравдугаар сард тус форумыг зохион байгуулах санамж бичгийг МСНЭ-тэй байгуулснаас хойш Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар форум зохион байгуулах орон нутгийн ажлын дэд хэсгийг байгуулж, аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан Цагдаагийн газар, ОБГ, МХГ, Даланзадгад сумын ЗДТГ, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, ЭМГ, Төрийн үйлчилгээний алба, ЗДТГ-ын Олон нийттэй харилцах алба, МСНЭ-ийн Өмнөговь салбар зэрэг байгууллагын 14 хүн оролцон ажиллажээ.

Өмнөговь аймаг БНХАУ-ын Баяннуур, Альшаа аймгуудтай хил залгаа бөгөөд 1992 онд тус аймгуудтай албан ёсны хамтын ажиллагаа тогтоосноос хойш өнөөг хүртэл бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлж буй юм.

Монгол Улсын дархан цаазат газрууд, үзэсгэлэнт онгон дагшин байгальтай, Монголдоо төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох алт, зэс, нүүрсний орд газрууд, дэлхийд эхний зургаад жагсдаг болох Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэс Тавантолгой тэргүүтэй нүүрсний 9 уул уурхайн компани Өмнөговь аймагт үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.

Форумд оролцогчдыг “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК уурхайдаа тусгайлан хүлээн авч, гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өөрийн биеэр танилцуулга хийсэн юм. Дэлхийд дээгүүр тооцогддог нүүрсний уурхайтай биечлэн танилцах боломж олгож, Монголын уул уурхайн олборлолт хэрхэн явагдаж буйг үзүүлж таниулсанд Хятад улсын төлөөлөгчид ялангуяа тун сэтгэл догдлон хүлээн авч байсан юм. Хоёр орны хэвлэл мэдээллийн салбарынхныг өндөр ач холбогдол өгч хүлээн авсанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягт талархал илэрхийлж буйг үүгээр уламжилъя.

Ийн форумыг нутагтаа хүлээн авч, амжилттай зохион байгуулснаар Өмнөговь аймгийн хөгжил, бүтээн байгуулалтын талаарх мэдээлэл Монголд төдийгүй БНХАУ-ын Синьхуа, ССТV зэргээр дамжин дэлхийн нийтэд хүрээд байна.

-САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ХОЁР ОРНЫ ХӨГЖИЛД БОДИТ ҮР НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ-

Монгол, Хятадын Хэвлэл мэдээллийн форумын уриа “Бүс ба зам санаачилга дахь Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн салбарын оролцоо, хамтын ажиллагааны шинэ үе” байлаа. Өөрөөр хэлбэл хоёр орны хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүлчдийн хамтын ажиллагааны үр дүнд улсын эдийн засаг, нийгэм, соёл урлаг, спорт гээд бусад салбарт бодит үр нөлөө үзүүлэх хэлбэрт чиглэн ажиллахаар санал нэгдсэн юм.

Форумын үеэр МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд алдарт “Цайны зам” хоёр орны хэвлэл мэдээллийнхэн хамтарч баримтат кино, нэвтрүүлэг бэлтгэх санаачилга гаргасан нь олон хүний дэмжлэгийг хүлээж байв. Дэлхийн нийт 30 гаруй улсыг эгнээндээ нэгтгээд буй “Бүс ба зам” санаачилга, “Цайны зам”-ын талаар үнэн бодитой мэдээллийг хамгийн хүртээмжтэй хэлбэрээр хоёр орны иргэдэд хүргэн таниулахад баримтат кино, нэвтрүүлэг чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж буй юм.  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны гадаадад түгээн дэлгэрүүлэх товчооны дэд дарга Лин Ли форумын үеэр хоёр орны хэвлэл мэдээллийн салбарынхан олон улсад нэгдсэн дуу хоолойтой байх нь чухал гэдгийг онцолж байв. Тэрбээр хэвлэл мэдээллийн харилцааг өргөжүүлж өндөр шатанд хүргэх, харилцан туршлага солилцох, хэвлэл мэдээллийн салбарт онцгойлон инноваци нэвтрүүлэх хэрэгтэй хэмээж байв.

Форумд оролцогчид, үндсэн илтгэл танилцуулсан төлөөлөгчдөөс нийтлэг гарсан санал, санаачилга нь хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын өнгөрсөн есөн жилийн хамтын ажиллагаанаас олж авсан туршлага, үндэс сууриндаа тулгуурлан эдийн засаг, соёл урлаг, спорт гээд бусад бүх салбарт бодит үр дүнгээ өгөх хамтын ажиллагааг эхлүүлэх тухай байв. Мөн хоёр орны хамтарч хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрт хэвлэл мэдээллийн салбарынхны тусламжтайгаар дэмжлэх үзүүлэх, энэ эргээд улс орондоо үр ашиг болж үлддэг байх тэр механизмд шилжих зүйтэй гэдэгт санал нэгдэж байв.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГҮҮД ИЛҮҮ БОДИТ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЧИГЛЭВ

Форумын үеэр хоёр орны төлөөлөгчид хамтран ажиллах гурван санамж бичигт гарын үсэг зурсан юм. Тодруулбал,

  • МСНЭ-Бүх Хятадын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллах санамж бичгийг шинэчилсэн.
  • МСНЭ-Өвөрмонголын Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албатай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.
  • Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба нь ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Хэвлэл мэдээллийн албатай хамтран ажиллах санамж бичигт тус тус гарын үсэг зурсан.

Ялангуяа Баяннуур болон Өмнөговь аймгийн Хэвлэл мэдээллийн албад хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан нь хил залгаа орон нутгийн хувьд анхдагч байлаа.

ФОРУМЫН ОРОЛЦОГЧИД ХЭРХЭН ДҮГНЭВ?

Форумын үр дүн, ач холбогдлын талаар хоёр улсын төлөөлөгчид хэрхэн сэтгэгдлээ хуваалцсаныг энд хүргэж байна.

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн салбарын форум хэлбэржин тогтворжиж, тасралтгүй явдаг болсон нь их чухал ач холбогдолтой. Хоёр орон хөгжлийн төлөө бүтээлч хамтын ажиллагаа өрнүүлж буй энэ цаг үед хэвлэл мэдээллийн салбарынхны хамтын ажиллагааны хүрээнд тал талаасаа мэдээлэл цуглуулан, хоёр оронд болж буй өөрчлөлтүүдийг олж харан үнэн зөвөөр иргэдэд таниулна гэдэг их чухал. “Бүс ба зам” хөтөлбөрийг Монголын боловсруулсан “Талын зам” хөтөлбөртэй уялдуулахад хэвлэл мэдээллийнхний түгээх мэдээллээр хангах, хамтын ажиллагаагаа өрнүүлэх учиртай.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр:

Хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийн талаар мэдээ мэдээлэл хамтран бэлтгэх замаар “Бүс ба зам”, Хөгжлийн зам хөтөлбөрийн уялдаа холбоонд дэмжлэг үзүүлэх зэрэг чухал асуудлыг хөндөн хэлэлцлээ. Энэ удаагийн форум өндөр үр дүнтэй болж, зөвхөн хэлэлцээд ярилцаад өнгөрдөг бус бодит ажил хэрэг болдог хэлбэрт бид шилжиж байна. Хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаагаар эдийн засаг, соёл, спорт, улс төрийн хамтын ажиллагааг дэмжих бодлогыг Монголын хэвлэлийн салбар барьж байгаа.

Бүх Хятадын сэтгүүлчдийн холбооны намын хорооны дарга Ван Дүнмэй:

Форумд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Бүс ба зам санаачилгын хүрээнд хэвлэл мэдээллийн салбарын оролцоог дэмжиж энэхүү уулзалтыг хийж байгаад баяртай байна. Энэхүү форумын үеэр хоёр талын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарынхан чуулж санал сэтгэгдлээ хуваалцаж, цаашид хамтран ажиллах олон санаачилга гаргалаа. Эдгээр санаачилгыг дэмжиж ажил хэрэг болгосноор хоёр улсын хамтын ажиллагаа шинэ шатанд хүрнэ гэдэгт итгэж байна. Энэ дашрамд ирэх жилийн форумыг БНХАУ-д зохион байгуулахаар болсныг дуулгахад таатай байна.

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч М.Зулькафиль:

Энэ удаагийн форум нь гурван ач холбогдолтой боллоо гэж харж байна. Нэгдүгээрт, энэ үйл явдал Монгол Улсын уул уурхайн бүс болсон хамгийн том газар нутагтай аймагт зохион байгуулагдсанаараа олон улсад маш том сурталчилгаа боллоо. Хоёрдугаарт, сэтгүүлчдийн форум илүү албан ёсны болж хоёр улсын төр засгийн зүгээс ач холбогдлыг нь үнэлж байна. Гуравдугаарт, Монгол, Хятадын сэтгүүлч нар туршлага солилцох, алдаа оноогоо дүгнэх том боломж нээгдэж байна гэж бодож байна.

Мөн МСНЭ-ийн санаачилгаар тус улсад сэтгүүлчдийг мэргэжил дээшлүүлэх, мастерын сургалтад үнэгүй хамруулах болсонд баяртай байна. Өнөөдөр манай улсад мэргэшсэн сэтгүүлчтэй болох шаардлага тулгарч байна. Сэтгүүлчдийн хөндөх сэдвийн хүрээ явцуу болох хандлагатай байна. Жишээлбэл, одоогоос гурван жилийн өмнө өдөр тутмын 16 сонин хэвлэгдэн гарч байсан бол өнөөдөр 11 болсон байна. Энэ тоо юу хэлж байна вэ гэхээр мэдээллийн зах зээл багасч, сэдвийн хүрээ хумигдаж байна гэсэн үг. Тиймээс мэргэшсэн сэтгүүлчид бэлдэх нь зах зээлийн зайлшгүй шаардлага юм.

Gogo.mn сайтын Ерөнхий редактор О.Ариунбилэг:

Энэ удаагийн форумыг зохион байгуулалттай, өндөр ач холбогдолтой боллоо гэж харж байна. Форумын үеэр хоёр орны сэтгүүлчид ч илэн далангүй санал сэтгэгдлээ хуваалцлаа. Форумаас онцлох зүйл нь өнгөрсөн есөн жилийн хугацаанд анх удаа Цахим сэтгүүлзүйн салбар хуралдаан боллоо. Цаг үеэ дагаад цахим сэтгүүлзүй хэрхэн хөгжиж байгааг эндээс харж болохоор байлаа. Миний хувьд “Контентын хөгжил ба чанар” гэх сэдвээр илтгэл тавьсан. Өмнө нь сэтгүүлзүйн багт сэтгүүлч, жолооч, зураглаач нар багтдаг байсан бол өнөөдөр багт сайн дизайнер, чадварлаг графикч нар хэрэгтэй болж байна. Өөрөөр хэлбэл, орчин үеийн уншигчид биднээс гоёмсог ганган сэтгүүлзүйг хүсэх болсон. Ингэснээр сэтгүүлзүйн контент шахалтад орж илүү чанаржиж байна. Тэгэхээр бид уншигчдад хүргэх гол агуулгаа хэрхэн гоё сайхнаар хүргэх вэ гэдэгт анхаарч ажиллах хэрэгтэй.

-10 ДАХЬ УДААГИЙН ФОРУМ ХҮЛЭЭЛТЭЭР ДҮҮРЭН БАЙНА-

Монгол, Хятад хоёр улсын хэвлэл мэдээллийн салбарын хамтарсан форумыг зохион явуулж ирсээр ирэх 2019 онд 10 дахь жилтэйгээ золгох гэж байна. Аливаа үйл ажиллагааны 10 дахь жил гэдэг бүх төрлийн харилцаа, хамтын ажиллагааг дараагийн түвшинд хүргэх чухал үе тохиож буй илрэл юм. Ирэх онд мөн Монгол, Хятад хоёр улс дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой тохиож буй нь форумыг илүү ач холбогдолтой, өргөн цар хүрээтэй болоход түлхэц болж байна.

Ирэх онд болох 10 дахь удаагийн форумыг БНХАУ зохион байгуулах бол 2020 онд уламжлал ёсоор ээлжлэн Монгол Улс хүлээн авна. Харин 2020 онд зохиогдох Монгол, Хятад, Оросын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг дэмжих зорилгоор ирэх Гурван орны хэвлэл мэдээллийн хамтарсан форумыг зохион байгуулах санаачилгыг МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр гаргаад байгаа юм.  Гурван улсад өндөр ач холбогдол, үр дүнтэй байх уг форумыг зохион байгуулснаар Эдийн засгийн коридор байгуулахад томоохон түлхэц болно хэмээн тэрбээр үзэж буй юм. 2020 онд алдарт “Цайны зам”-ын 340 жилийн ой тохиох бөгөөд хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд дэмжвэл МСНЭ анхдугаар хамтарсан форумыг Монгол Улсад гардан зохион байгуулах боломжтой гэдгийг илэрхийлээд байна.

Зөвхөн хуралдаад тардаг бус бодит үр дүнтэй, тодорхой санаачилга, ажил дэвшүүлсэн форум болсноороо энэ удаад ихээхэн онцлогтой байлаа. Форумын үеэр дэвшүүлсэн санал санаачилгыг биелүүлэхийн төлөө хичээж, хариуцлагатай ажиллана гэдгээ ч МСНЭ-ийн удирдлагууд болон ажлын алба илэрхийлсэн юм.

-МСНЭ ГАДААД ХАРИЛЦААГАА УЛАМ БҮР ӨРГӨЖҮҮЛЖ БАЙНА-

МСНЭ өнгөрөгч хоёрдугаар сард Их хурлаа хийж, шинэ удирдлагаа сонгосны дараа Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Үндэсний сэтгүүлзүйн шинэ дэвшилтэт хөгжлийн төлөө” үзэл баримтлалын дор тэмдэглэн өнгөрүүлж, “Мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөр”-ийг нээн, Цахим сэтгүүлзүйн форум, Төсөл хөтөлбөр, маркетинг, бизнес төлөвлөгөө боловсруулах арга зүй сэдэвт сургалт, Редакторуудын улсын зөвлөгөөн, Хараат бус сэтгүүлзүйн форумыг зохион байгуулаад байна. Мөн Монгол Улсын аймаг бүрт ажиллаж, МСНЭ-ийн салбар зөвлөл бүртэй уулзан, цаашдын төлөвлөгөө, бодлого чиглэлээ хэлэлцэж, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэн ажиллаж чадсан.

Мөн МСНЭ гадаад харилцаагаа өргөжүүлэн тэлэхэд ихээхэн анхаарч, эрчимтэй ажиллаж байгаа нь олон үйл явдлаас харагдаж байгаа. Тухайлбал БНХАУ, БНСУ, ОХУ-ын Сэтгүүлчдийн төв байгууллагын удирдлагуудтай уулзалт хийж, хамтын ажиллагааг нягт тогтоогоод байгаа бөгөөд хамгийн сүүлд гэхэд өнөөдөр Беларусь улсын Сэтгүүлчдийн холбоотой санамж бичиг байгуулж байна. Түүнчлэн тус улсын Мэдээллийн сайд Александр Николаевич Карлюкевичийг Монгол Улсад айлчлахыг уриад байна. Гадаад харилцааг өргөжүүлэн, тэлснээр Монголын хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд, сэтгүүлчдийг тухайн улс орнуудад туршлага судлуулах, цаашлаад мэргэшүүлэн сургахад чухал ач холбогдолтой. Сэтгүүлчид хэдий чинээ мэдлэг, мэргэжлээ дээшлүүлж, сурч боловсорно төдий чинээ Монголын хэвлэл мэдээллийн салбар илүү өндөр түвшинд хүрч, иргэдэд хүрэх мэдээ мэдээлэл чанаржих үндэс болох юм.

Түүнээс гадна Улаанбаатар хотноо Олон улсын сэтгүүлчдийн төв байгуулах санаачилгыг МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр гаргаад байна. Ингэснээр бүс нутгийн болон дэлхийн бусад улс орнуудын хэвлэл мэдээллийнхний уулзалт тогтмолжиж, илүү ойр дотно харилцах, хамтарч ажиллах боломж бүрдэх юм.

*******

Ингээд Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн салбарын IX форумын талаарх тойм мэдээллийг хүргэхэд ийм байна. Форумаас гарсан санал санаачилгыг ажил хэрэг болгох нь зөвхөн МСНЭ-ийн бус Монголын нийт хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүлчдийн давхар үүрэг гэдгийг энд онцлох нь зүйтэй болов уу. Улсын гадаад харилцаанд ч, эдийн засгийн үр өгөөжинд ч сэтгүүлчид, хэвлэлийнхэн бидний үүрэг оролцоо чухал нөлөө, үнэтэй хувь нэмэртэй болох нь өдрөөс өдөрт тодорхой болж байна.

Н.Гантуяа

WWW.ZINDAA.MN

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.