Х.Мандахбаяр: Сэтгүүлчийн ордноо 2020 онд ашиглалтад оруулахын төлөө хамтдаа хичээе

0
Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын түүхэнд томоохон үйл явдал өнөөдөр /2018.09.27/ тохиолоо. Учир нь Монголын сэтгүүлчдийн анхны 16 давхар ордон барих төсөл, 1000 сэтгүүлчийг хямд өртөг бүхий чанартай орон сууцаар хангах хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжиж эхлээд байна.

МСНЭ-ийн XVII Их хурал 2018 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр болж, Ерөнхийлөгчөөр Х.Мандахбаяр сонгогдон, удирдлагын шинэ баг бүрдэн ажлаа эхэлсэн. Тэрбээр мөрийн хөтөлбөртөө Монголын сэтгүүлчдийн ордон барьж, 1000 сэтгүүлчийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Энэхүү амлалт ажил хэрэг болох эхлэлийг тавьж, тавдугаар сарын 3 буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр зохион байгуулсан “Хараат бус сэтгүүл зүйн үндэсний форум”-ын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Сэтгүүлч ордон”-ы газрыг шийдвэрлэж өгөхөө нийт сэтгүүлчдэд мэдэгдэж байсан юм.

Тэгвэл хотын дарга сэтгүүлчдэд амласан амлалтаа биелүүлж, шинийн 17-ны энэхүү билэгт сайн өдөр “Сэтгүүлч” ордон барих газрын гэрчилгээг МСНЭ-д олгосныг МСНЭ-ийн ерөнхийлөгч салбарынхандаа танилцуулсан юм. Сүхбаатарын талбайгаас 2 км-ийн зайд 32-ын тойрогт төв зам дагуу 678 м2 газрыг хотын захиргааны зүгээс сэтгүүлчдэд олгожээ. Ийнхүү газрын гэрчилгээтэй болсон МСНЭ-ийн удирдлагууд 16 давхар “Сэтгүүлч” ордны иж бүрэн зураг төсөл боловсруулах гэрээг өнөөдөр “Марс Констракшн” компанитай байгуулснаар Сэтгүүлчдийн ордон босох ажил гараанаасаа хөдөллөө.

Түүнчлэн МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр Мөрийн хөтөлбөртөө тусгасан “1000 сэтгүүлчийг орон сууцжуулах” амлалтаа богино хугацаанд ажил хэрэг болгож чадсанд салбарынхан талархалтай байна. Нийслэл хотыг хөгжүүлэх 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллыг орон сууцжуулах 1620 айлын  “Шинэ Гүрэн” иж бүрэн цогцолбор хорооллын бүтээн байгуулалтын төслийг “Шинэ Гарц” ХХК 2015 оноос өөрийн хөрөнгөөр амжилттай хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Тэгвэл “Шинэ Гүрэн” орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын төслийн хүрээнд эхний ээлжийн 400 сэтгүүлчийг орон сууцаар хангах гэрээнд өнөөдөр МСНЭ болон “Шинэ Гарц” ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурж, шав тавих ёслол үйлдлээ. Ингэснээр 2019 онд эхний 100 сэтгүүлч 1м2 нь 1.099.000 төгрөгийн үнэтэй бүрэн цутгамал орон сууцтай болох боломж бүрдэж байна. Хөтөлбөрт хамрагдах сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтныг сонгон шалгаруулахдаа Сэтгүүлч, Редакци, МСНЭ-ийн хооронд гурвалсан гэрээ байгуулж сэтгүүлчийг редакцидаа тогтвор суурьшилтай ажиллах, сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлогыг баримтлах ажээ. Хямд үнэтэй, чанартай орон сууцанд хамрагдах сэтгүүлчдийг бүртгэх журам, гурвалсан гэрээ зэргийг МСНЭ-ийн Ажлын албанаас удахгүй редакциудад нэгдсэн журмаар танилцуулах юм байна.

“Шинэ Гарц” ХХК нь барилга угсралтын чиглэлээр 14 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд орон сууц, үйлдвэр, үйлчилгээ, оффис, цэцэрлэг гэх мэт 200 гаруй барилгын ажил гүйцэтгэсэн туршлагатай хамт олон аж. Тус компанийн хэрэгжүүлж буй 1620 айлын “Шинэ Гүрэн” иж бүрэн цогцолбор хорооллын төсөл нь 10 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 2026 онд бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа хэмээн “Шинэ Гарц” ХХК-ийн ерөнхий захирал Б.Бадамрагчаа мэдээлэл өгсөн юм.

Б.Бадамрагчаа цааш нь үргэлжлүүлэн ярихдаа “МНСЭ-ийн зүгээс манай компанид сэтгүүлчдийг хямд өртөг бүхий орон сууцаар хангах 1000 сэтгүүлчийн орон сууц төслийг хамтран хэрэгжүүлэх санал тавьсан. Бид судалж үзсэний үндсэн дээр “Шинэ Гүрэн” хорооллын бүтээн байгуулалтын хүрээнд нэг метр квадратыг нь 1.099.000 төгрөгөөр 400 сэтгүүлчийг бүрэн цутгамал чанартай орон сууцаар хангах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурж байна. Бид энэхүү төслийг харилцан ашигтай, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн, нийслэл хотынхоо утааг бууруулах, хөрсний бохирдлыг багасгахад хувь нэмрээ оруулсан үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын ажил хэмээн үнэлж, төсөлд хамтран ажиллаж байгаадаа баяртай байгааг та бүхэндээ хэлье.

Монголын оюунлаг сэхээтний төлөөлөл, нийгмийн тогтвортой хөгжлийн гол хөдөлгөгч хүч, ардчиллын хамгийн эрхэм дээд үнэт зүйл болох чөлөөт хэвлэлийн сахин хамгаалагч Монголын сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцож байгаадаа баяртай байна. Шинэ гүрэн төслийн хувьд бүрэн цутгамал орон сууцны зах зээлийн анхны үнэ 2.300.000 төгрөг боловч бид МСНЭ-тэй байгуулсан гэрээний хүрээнд сэтгүүлчдэдээ 1.099.000 төгрөгөөр нийлүүлнэ. Гэвч чанарын хувьд ямар нэгэн ялгаа гаргахгүй, харин ч сэтгүүлчдэдээ илүү түргэн шуурхай үйлчлэх, эхэлж ашиглалтанд орсон барилгаас олгох чиглэлийг барьж ажиллана” хэмээсэн юм.

Х.Мандахбаяр: 1000 сэтгүүлчийн орон сууцыг нийгмийн олон талт хамтын ажиллагааны зарчмаар шийднэ


“Шинэ Гарц” ХХК-ийн гүйцэтгэж буй “Шинэ Гүрэн” иж бүрэн цогцолбор хороололд хэрэгжих сэтгүүлчдийн орон сууцны төслийн шав тавих ёслолын ажилланааны үеэр МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяраас зарим зүйлсийг тодруулсан юм.

-Сэтгүүлчдийн орон сууцанд сэтгүүлчид хэрхэн хамрагдах вэ?

-МСНЭ, сэтгүүлч, редакц гэсэн гурван талт хамтарсан гэрээ байгуулснаар орон сууцны төсөлд хамрагдах боломжтой. Бид энэ төслөөр дамжуулан сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдэж байгаа. Нөгөө талдаа редакциуддаа чадалтай, олон жил ажилласан зүтгэлтэй боловсон хүчнийг уяж үлдээх буюу редакциа дэмжих бодлого баримталж байна. Тийм учраас МСНЭ-ээс ойрын хугацаанд буюу ирэх долоо хоногоос төсөлд хамрагдах эхний ээлжийн сэтгүүлчдийн дараалал тогтоох, сэтгүүлч, редакц МСНЭ-ийн хоорондын гурвалсан гэрээний загвар, сонгон шалгаруулалтын журам гээд бүх зүйлүүдээ гаргаад сэтгүүлчиддээ нэгдсэн байдлаар танилцуулна. Ингээд шаардлага хангасан сэтгүүлчидтэй МСНЭ-ээс гэрээ байгуулаад төсөл хэрэгжүүлж байгаа компанидаа санал болгох юм. Үүний дараа орон сууцны захиалгын гэрээ хийгдээд явна. Мэдээж орон сууцны зах зээлд мөрдөгдөж байгаа жишгийн дагуу урьдчилгаа 30 хувийг сэтгүүлчид төлнө. 70 хувийг нь ипотекийн зээлд хамруулах байдлаар ажиллах болно.

-Тухайн редакцид өгөх квотын тоо гарсан уу?

-Нарийн тоог ярих боломжгүй. Бүх хэвлэл мэдээллийн байгууллага тэгш эрхтэйгээр оролцох боломжийг олгох болно. Гэхдээ сэтгүүлчид маань нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Банкнаас тавьдаг үндсэн шаардлагуудаа хангасан байх ёстой. Хамгийн гол нь энэ байрыг зах зээлийн үнээс 50 хувиар хямд авч байгаа. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчдэд тавигддаг шаардлага 50 хувь хөнгөрч байна. Гэхдээ энэ бол “Шинэ Гарц” ХХК-ийн “Шинэ Гүрэн” төслийн хүрээнд яригдаж байгаа асуудал. Үүний цаана дахиад хоёр компанитай хэлцэл хийгдэж байна. Албан ёсны тохиролцоонд хүрээгүй болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж алга. Ямар ч байсан МСНЭ 2018-2022 оны мөрийн хөтөлбөртөө тусгасан 1000 сэтгүүлчийг орон сууцаар хангах ажлаа нийгмийн олон талт хамтын ажиллагааны зарчмаар шийдэх болно.

-Та сэтгүүлчдийн ордон барихаар болсноо зарлалаа. Сэтгүүлчдийн ордонд ямар үйл ажиллагаа явуулах вэ?

-Сэтгүүлчид маань 16 давхар ордонтой болно. Би ажил авсныхаа дараа “Сэтгүүлч ордон” байгуулна гэж хэлэхэд зарим нь гайхаж хүлээж авсан. Мэдээж ихэнх сэтгүүлч баярлаж хүлээж авсан. Ер нь ажлыг хийе гэвэл арга нь олддог. Өнөөдөр “Сэтгүүлч ордон”-ы газрыг шийдүүлчихлээ. Энэ бол ажлын 50 хувь. Одоо зураг хийгдэнэ. Зургийн дагуу 7000 гаруй мКв байгууламж босно. Энэ ордонд мэдээж МСНЭ-ийн ажлын алба байна. Мөн олон улсын сэтгүүлчдийн төв байрлана. 20-оос доошгүй орны сэтгүүлчид нэгэн дор цуглаж ажиллах оффис байх юм. Мөн дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагууд ажиллах хамтын оффис байгуулна. Доод тал нь 50 хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэгцэж суугаад ажилладаг боломжийг бүрдүүлнэ. 300 сэтгүүлч цуглаад хуралддаг заал танхимтай болно. Түүнийгээ кино театр хэлбэрээр ашигладаг болно. 150 хүний хүчин чадалтай тохилог орчин үеийн зочид будал бий болгоно. Хамгийн чухал нь Монголын үндэсний сэтгүүл зүйн музей байгуулна. Үндсэндээ хэвлэл мэдээллийн Монголын хамгийн том төвийг байгуулна.  Монгол Улсын хэвлэл мэдээллийн сэтгүүл зүйн салбарын олон талт үйл ажиллагааг нэгтгэсэн хамтын ажиллагааг дэмжсэн орчинг бий болгохын төлөө ажиллаж байна. Энэ хүрээнд Монголын телевизүүдийн холбоо, Сайтуудын холбоо, Сонины холбоо, Радиогийн холбоод болон хэвлэл мэдээллийн хэрэгслийг дэмжиж ажилладаг төрийн бус байгууллагууд нэг дор ажиллах боломжийг бид бүрдүүлнэ.

Ирэх хавар сэтгүүлчдийн ордноо барьж эхэлнэ. Сэтгүүлчдийн ордноо 2020 онд ашиглалтад оруулахын төлөө бүгдээрээ хамтдаа хичээе.

М.Хангал

www.zindaa.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.