Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс дэлхийн хүн амын хамгийн олон тоотой цөөнх. Манай дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүний 1 тэрбум нь ямар нэгэн бэрхшээлтэй.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст чаддаг ч, чаддаггүй ч юм бий. Бэрхшээлгүй хүмүүстэй харьцуулахад өдөр тутмын амьдралд нь ямар нэгэн саад бэрхшээл илүү тулгардаг. Харин ялгаатай байдлыг нь хүлээж аваад орчныг нь тохируулаад өгвөл саад нь байхгүй болно. Бэрхшээл бол зөвхөн тухайн бэрхшээлтэй гэх хүний бие эрхтэн, сэтгэлгээнээс үүсдэггүй. Бэрхшээл нь нийгэм хүлээж авахгүй, саад бэрхшээл учруулж байгаагаас үүсдэг. Эдгээр хүмүүст хэдий тэргэнцэр өгөөд хөдлөх боломжийг нь олгосон ч налуу замыг нь хангаагүй байна. Тэгэхээр биеийн бэрхшээл нь биш, орчин нь бэрхшээл учруулж байна. Бэрхшээл бол хувь хүний биш, нийгмийн асуудал болсоор байна.